Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 077

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

орчуулагч, хэлмэрч Ж.А,

улсын яллагч М.Ф

шүүгдэгч нарын өмгөөлөгчид С.А

шүүгдэгч С.Н, Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н, Х.А нарт холбогдох 2013000470053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдөр БӨ аймгийн Т суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багт түр оршин суух хаягтай, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт С-ны Н-, регистрийн дугаар: БЙ.............

2. Монгол Улсын харьяат, 1999 оны 10 сарын 06-ны өдөр БӨ аймгийн Т суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.а овогт Х-н А, регистрийн дугаар: БЙ.................

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Н, Х.А нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 20 цаг 30 минутын үед Т сумын 5 дугаар багийн иргэн М.Х-н малын хашаанаас 2 толгой ямаа, иргэн С.Б-ны 2 ямаа, нийт 4 толгой ямааг хулгайлсан,

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед өөрийнхөө малын хашаанаас иргэн С.Б-ны 3 ямааг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “С.Н бид хоёр нийлээд 4 ямаа хулгайлсан. С.Н 1 ямаа худалдъя гэж хэлэхэд би 1 ямаа хүрэхгүй байх 4 ямаа худалдъя гэж хэлсэн. Тухайн ямааг зарж мөнгийг нь тэмцээнд бэлдэхэд ашигласан. Дараагийн 3 ямааг би өөрөө ганцаараа хулгайлсан. Тэнд С.Н оролцоогүй. Би О.Б гэдэг залууд өгөх өглөгтэй байсан. Тэр хүн мөнгөө асуухад бэлэн мөнгө байхгүй учраас ямаа өгье гэж 3 ямаа өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

2. Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...“Малчид дуулж байна” гэх тэмцээнд оролцоход, мөнгө хэрэг болсон учраас хулгай хийсэн. Тухайн үед би нэг ямаа худалдъя  гэсэн санааг гаргасан. Тэгээд Х.А 1 ямааны мөнгө хүрэхгүй байх, 4 ямаа худалдъя гэж хэлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна.” гэв.

 

Эрүүгийн 2013000470053 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,

4. Малын үнэ тогтоосон шинжээч С.Ну-ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

5. Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 19-21-р хуудас/

 “...миний 150 гаруй толгой бог мал миний баз болох М.Х-н малтай цуг бэлчээрт гарч, тэдний хашаанд байдаг. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард 2 ямаа алга болж, айлын малд нийлсэн байх гэж бодож хайж олоогүй байсан. Тэрний дараа 12 дугаар сард 3 ямаа бас алга болсон тэгээд малтай хүмүүсээс асууж олоогүй болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...2019 оны 11 дүгээр сард хулгайд алдсан хоёр тооны ямааг Т сумын 3 дугаар багийн иргэн М.А гэх хүнээс авсан. Мөн 2019 оны 12 дугаар сард хулгайд алдсан 3 ямааг тус багийн иргэн О.Б гэх хүнээс авсан. Надад Х.А, С.Н нарт холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг,

6. Хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 23-24-р хуудас/

“...Би энэ тухай 4 ямаа алга болсны дараа хэд хоногийн дараа мал хариулж явж байгаад мэдсэн. Тэгээд гэрт ирээд хүү болох Х.А-д шууд загнаж асуухад бог мал дотроос мал хулгайлсан тухай хүлээн зөвшөөрсөн. Би тэр даруй С.Б-г дуудаж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд С.Б бүх малыг төлж өгч хохиролгүй болгосон. Х.А миний хүү, харин С.Н ч миний хүүтэй адилхан өссөн болохоор тэр үед хэд хоног уурлаж байгаад больсон. Одоо энэ асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

7. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 29-30-р хуудас/

 “... 2019 оны 11 дүгээр сарын эхээр байсан өдрийн сайн санахгүй байна, миний бие гэрт идэшний бог малыг гаргаж байхад Т сумын төвд байдаг миний найз Х.А өдрийн цагаар манай гэрийн жимобайлын утсанд залгасан байна. Тухайн үед манай гэрт хүн байхгүй бүгд гадаа байсан. Тэгээд орой 21 цаг 30 минутын үед манай гэрийн гадна нэг машин ирэхээр гэрээс гарахад А.Д гэх хүний машин байсан ба уг машинаас Х.А, С.Н нар бууж ирж надад Х.А уулзаж “ямаа авах уу” гэхээр нь би ямаа худалдаж авч байгаа талаар хэлэхэд надад 4 ямаа байна гэж машинаас буулгаж манай малын хашаанд оруулж, надаас 4 тооны ямааны мөнгийг авч явсан. Би тухайн 4 ямааг худалдаж авсны дараа С.Б гэх хүн манайд ирж өөрийн хоёр ямааг таньсан үед Х.А, С.Н нар хулгайн мал авч ирж өгсөн талаар мэдсэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 31-32-р хуудас/

“...би Х.А-оос 180000 төгрөгийн авлагатай байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Х.А-той тааралдаж “нөгөө мөнгөө авмаар байна” гэж хэлэхэд Х.А надад “надад одоохондоо мөнгө байхгүй байна, өнөө орой мал ирсэн үед манайд хүрээд ирээч, би чамд гурван ямаа өгье” гэхээр нь орой А.С-ын портер маркийн машинаар Х.А-ын гэрт очих үед өөрөө хашаанд байсан бог мал дотроос 3 ямаа барьж өгсөн. Тухайн үед хулгайн мал гэдгийг мэдээгүй. Гэтэл хэд хоногийн дараа Х.А-ын аав нь ирээд надаас гурван ямаагаа авч явсан” гэх мэдүүлэг,

9. Гэрч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 33-34-р хуудас/

“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 08-ний орой 20 цагийн үед биллярьд тоглоомын газарт байхад гаднаас Х.А, С.Н нар орж ирж надыг дуудаж “хөдөө мал хүргэж ирэх хэрэгтэй байна, таны машин байна уу” гэхээр нь би гэрт очиж машинаа асааж Т сумын ШТС-аас 50000 төгрөгөөр бензин авч нөгөө айлд очиход М.Х-н хөрш К-н эзэнгүй хашаанд 4 тооны ямаа байсан ба уг хашаанаас 4 ямааг Х.А, С.Н нар гаргаж миний машинд ачсан. Тэгээд бүгдээрээ 3 дугаар багт байдаг М.А гэх залуугийн гэрт очиж нөгөө 4 ямааг буулгаж өгсөн. ...Тухайн үед Х.А миний өөрийн мал гэж хэлсэн. Тэгээд ч К гэх хүний эзэнгүй хашаа нь Х.А-ын малын хашаанд залгаа хашаа байсан. Зөвхөн хаалга нь л тус тусдаа байсан болохоор өөрсдийн зарах малаа ялгаад эзэнгүй хашаанд оруулсан байх гэж бодсон. Түүнээс биш хулгайн мал гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг,

10. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 35-36-р хуудас/

“...Би тэр өдөр гэрт амарч байхад манай хамаатан О.Б манай гэрт ирж “би М.Х-н хүүхдээс авах авлагатай байсан. Тэр мөнгөний оронд надад гурван ямаа өгөхөөр боллоо. Та бид хоёр таны машинаар очоод аваад ирэх үү” гэхээр нь би түүнээс 6000 /зургаан мянган/ төгрөг авч хүргэж өгсөн. Тэр үед бид хоёр М.Х-н гэрт очиход хүүхэд нь өөрөө гарч ирээд гэгээн цагаан өдөр өөрийн мал сүрэг дотроос гурван ямаа барьж өгсөн. Тийм болохоор ямар нэгэн хулгайн мал гэж бодоогүй” гэх мэдүүлэг,

11. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 51-52-р хуудас/

“...2019 оны 11 дүгээр сарын 08-ний орой 20 цаг 30 минутын үед манай малын хашаанд очоод дөрвөн ямааг гаргаж ирээд манай гэрийн ойролцоо К гэх хүний эзэнгүй чулуун хашаанд аваачиж оруулсан. Дараа нь С.Н бид хоёр уг дөрвөн ямааг хаана аваачиж зарж борлуулах талаар ярилцаад хэрэв миний өөрийн ямаа гэж зарах юм бол хэн ч мэдэхгүй гэж бодсон. Тэр үед манай сумын 3 дугаар багийн иргэн М.А гэх хүн ямаа худалдаж авч байсныг мэддэг байсан. Тэгээд уг 4 ямааг М.А-ын гэрт хүргэх унаа тэрэг хайж явж байгаад А.Д гэх хүнтэй уулзаад “би М.А гэх хүнд 4 ямаа худалдах гэсэн та хүргэж өгч чадах уу, хэдэн төгрөгийн зардал авах юм вэ” гэж асуухад 25 литр бензин буюу 50000 төгрөг өгөх юм бол хүргэж өгөх талаар хэлсэн. Тэгээд тэр хүнтэй тохироод А.Д-гийн машинаар манай хөрш айлын К-н хашаанд ирээд өмнө оруулж тавьсан 4 ямааг машинд ачаад Т сумын 3 дугаар багт байдаг М.А гэх малын ченжид өөрийн ямаа гэж нэг ямааг 60000 төгрөгөөр үнэлж, 4 ямааг 240000 төгрөгөөр зарж борлуулсан. Тээврийн хэрэгслийн жолооч А.Д-д 50000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 190000 төгрөгийг С.Н бид хоёр 95000 төгрөгөөр хувааж авсан. Тухайн үед энэ асуудлыг хэн ч мэдээгүй. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр О.Б надтай тааралдаж “чи нөгөө 8 дугаар сард авсан 180000 төгрөгийг хэзээ өгөх юм вэ” гэхээр нь би түүнд “надад бэлэн мөнгө байхгүй байна, орой манай гэрт очиж нэг ямааг 60000 төгрөгөөр үнэлж 180000 төгрөгийн оронд 3 ямаа авах уу” гэж хэлэхэд миний саналыг зөвшөөрсөн. Тэгээд орой гэрт байж байхад О.Б А.С гэх хүний портер машинаар манай гэрт ирсэн ба тэр үед би өөрийн мал сүрэг дотор явж байсан С.Б 3 ямааг өөрийн ямаа гэж барьж өгч явуулсан. Би ийм аргаар хоёр удаа малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

12. Шүүгдэгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 53-54-р хуудас/

“...Бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын эхэнд Т сумын төвд зохион явагдах “Малчид дуулж байна” нэртэй урлагийн үзлэгт оролцохоор болсон. Тэгээд тэр урлагийн үзлэгт оролцох үеэр мөнгөний хэрэгцээ гарсан үед Х.А бид хоёр мөнгө яаж олох уу гэж ярилцаж сууж байх үед би түүнд “хоёулаа нэг ямаа хулгайлж зарах уу” гэж хэлсэн. Тэр үед Х.А надад “нэг ямааны мөнгө юу ч болохгүй, харин хоёулаа манай ямаа сүрэг дотроос 4 ямаа хулгайлж аваачиж зарах уу” гэж хэлснээс болоод хоорондоо ярилцаж тохиролцсон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ний орой Х.А-ын гэрт очсон ба бид хоёр 20:30 цагийн үед Х.А-ын малын хашаанд орж 4 ямааг аваад Х.А-ын хөрш К гэх хүний эзэмшлийн эзэнгүй байсан чулуун хашаанд аваачиж оруулсан. Дараа нь Х.А бид хоёр сумын төвд орж ирсэн. Тэгээд уг 4 ямааг М.А-ын гэрт хүргэх унаа тэрэг хайж явж байгаад А.Д гэх хүнтэй уулзаад Х.А түүнд “би М.А гэх хүнд 4 ямаа худалдах гэсэн та хүргэж өгч чадах уу, хэдэн төгрөгийн зардал авах юм вэ” гэж асуухад 25 литр бензин буюу 50000 төгрөг өгөх юм бол хүргэж өгөх талаар хэлсэн. Тэгээд тэр хүнтэй тохироод А.Д-гийн машинаар К-н хашаанд ирээд өмнө оруулж тавьсан 4 ямааг машинд ачаад Т сумын 3 дугаар багт байдаг М.А гэх малын ченжийн гэрт хүргэх үед Х.А М.А-д “энэ өөрийн ямаа” гэж хэлээд нэг ямааг 60000 төгрөгөөр үнэлж, 4 ямааг 240000 төгрөгөөр зарж борлуулсан. Дараа нь жолооч А.Д-д 50000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 190000 төгрөгийг Х.А бид хоёр 95000 төгрөгөөр хувааж авсан. Би тэр үед Х.А-той тохиролцож малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

13. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 55-56/

- БӨ аймгийн Т сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Х овогтой А /БЙ................./ нь Т сумын 5 дугаар багт аав, ээж нарын хамт оршин суудаг. Өөрийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө болон мал бүртгэгдээгүй. Төлөв даруу зантай, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 59/,

- 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон “РД:БЙ................., овог: Ш.а, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Т , төрсөн огноо:1999-10-06, хаяг:Баян-Өлгий, Т , 3-р баг, Хонгор өлөн, хүчинтэй хугацаа:2024-10-06, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-61/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн Х.А /БЙ................./-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 62/,

- Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн Х.А /БЙ................./-ын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 63/,

- БӨ аймгийн Т сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “С овогтой Н /БЙ............/ нь Т сумын 3 дугаар багт оршин суух хаягтай. ОдооӨ сумын 9 дүгээр багт аав, ээж нарын хамт түр оршин суудаг. Өөрийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө болон мал бүртгэгдээгүй. Төлөв даруу зантай, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 64/,

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БЙ............, овог: Ш, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:Н, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Т , төрсөн огноо:1999-10-06, хаяг:Баян-Өлгий, Т , 3-р баг, Хонгор өлөн, хүчинтэй хугацаа:2026-03-22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-66/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн С.Н /БЙ............/-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 67/,

- Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн С.Н /БЙ............/-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 68/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамаарал уялдаатай, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТ л зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Н, Х.А нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 20 цаг 30 минутын үед Т сумын 5 дугаар багийн иргэн М.Х-н малын хашаанаас 2 толгой ямаа, иргэн С.Б 2 ямаа, нийт 4 толгой ямааг хулгайлсан, шүүгдэгч Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед өөрийнхөө малын хашаанаас иргэн С.Б 3 ямааг хулгайлсан болох нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/, малын үнэ тогтоосон шинжээч С.Ну-ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/, хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал,  шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, малын ченж нар мал худалдах, тээвэрлэхдээ малын гарал үүслийн бичгийг шалгадаггүй, хямд үнээр хулгайн байж болох магадлал өндөр малыг худалдан авдаг байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн бичиггүй малыг тус аймагт оруулах, худалдан борлуулахад хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Х.А, С.Н нарын мал хулгайлах гэмт үйлдэл нь иргэн М.Х, С.Б нарын малын хашаанаас малыг авснаар эхэлж, тэндээс 7 тооны бог малыг өөрийн эзэмшилд авч, бусдад захиран зарцуулснаар гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Х.А, С.Н нар нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

Эрүүгийн хуульд зааснаар  “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгодог юм. Иймээс мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Х.А, С.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Х.А, С.Н нарын үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай болж хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд зааснаар “...тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, ...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар хуулийн уг өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй байна.

Мөн БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.А-ын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед өөрийнхөө малын хашаанаас иргэн С.Б-ны 3 ямааг хулгайлсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Шүүгдэгч Х.А-ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй байх тул тусад нь зүйлчилж ял оногдуулах боломжгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.А, С.Н нар нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч С.Б- 5 ямааг биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг барагдуулсан. Мөн хохирогч М.Х нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Х.А, С.Н нарыг хохирогч С.Баясхан, М.Х нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.А, С.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Х.А, С.Н нар үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг, мөн шүүгдэгч Х.А-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд  хамрууллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А, С.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, тэдэнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Н нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзлээ.

Харин шүүгдэгч Х.А нь шүүгдэгч С.Н-ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хамжигч гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.А, С.Н нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг тус тус үндэслэн,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.А-д 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.А, С.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо. 

Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А, С.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А, С.Н нарын иргэний үнэмлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш овогт С-ны Н, Ш.а овогт Х-н А нарыг бүлэглэж “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А-ыг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй

4. Шүүгдэгч Х.А, С.Н нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Т сумын Засаг даргын тамгын газарт газар шорооны ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, С.Н нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, С.Н нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А, С.Н нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А, С.Н нарын иргэний үнэмлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК