Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0399

 

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0399

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Д.А-ийн гомдолтой

                                                      захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, хариуцагч М.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор Д.А-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.А-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.А-гийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Д.А давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний давж заалдах гомдол гаргах хугацааг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сэргээсэн тул уг хугацаанд давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүхээс хариуцагч нь хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актын түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Н.С-Э-д хийсэн эмчилгээ, тавьсан онош зөв эсэхийг нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтээр тогтоохтой холбоотой асуудал нь маргааны гол үйл баримт биш бөгөөд хариуцагчаас эмч намайг “... стандартын дагуу эмчилгээ үйлчилгээтэй холбоотой бүртгэлийг хөтлөөгүй” гэж үзэж хариуцлага тооцсон хууль бус гэж маргасан бөгөөд миний бие стандартын дагуу хяналтын картыг бүрэн бөглөн оношлогоо, эмчилгээг хийсэн энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Миний бие өвчтөнд шүдний холбоосын архаг үрэвсэл /Periodontites 46 шүд/ гэсэн үндсэн онош, буглаа /abcess/ гэсэн дагалдах онош тавьсан бөгөөд К05 буюу буйлны цочмог үрэвсэл гэсэн онош тавиагүй байхад хариуцагч 3 онош тавьсан гэсэн тайлбар хийдэг бөгөөд К05 гэдэг нь үндсэн онош болох шүдний холбоосын архаг үрэвсэл / Periodontites 46 шүд/ гэх оношийг товчлон бичсэн байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч шийтгэлийн хуудсыг гаргахдаа зөрчил үйлдсэн эсэхийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн хирнээ хариуцагчийн алдааг засуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлснийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн хирнээ маргаан бүхий актыг хүчингүй болгоогүй нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн холбогдох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг хийж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.А-гийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон. 

Шийтгэлийн хуудсаар “А.А” шүдний эмнэлгийн эмч Д.А нь эмнэлэг үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, удирдамжийг мөрдөж ажиллаагүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу эмчлэх эрхийг 3 сараар хасаж, 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Иргэн Н.С-Э 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “... “А.А” шүдний эмнэлэгт шүдээ авахуулсны дараа шүд, толгой өвдөж, халуурч, шүд хавдсан, ... 08 дугаар сарын 07-ны өдөр шүдний зураг авахуулсан, ... 08 дугаар сарын 27-ны өдөр “Одонтогенный под острый остеомлит нижний челюсти справа с персостити” оношоор, 10 дугаар сарын 20-ны өдөр “Одонтогенный хронический тотальный остеомлит нижний челюсти справа” оношоор 2 удаа хагалгаанд орсон, ... Д.А эмч халдвар, ариутгалын стандарт баримтлаагүй, эмчилгээний стандарт, удирдамжийн дагуу эмчилгээ хийгээгүй, ... үүний улмаас гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон” гэх гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан байна.

Хариуцагчаас “...  abcess буюу буглаа, KO5 буюу буйлны цочмог үрэвсэл, Periodontites 46 буюу шүдний үрэвсэл гэх оношууд нь тус тусдаа эмчилгээний заавар, дараалал, журамтай, ... Д.А  тухайн өвчтөнд яг ямар онош тавьсан нь тодорхойгүй, ямар зүслэг хийсэн талаар тэмдэглээгүй, ... эмчилгээний картад өвчтөний биеийн байдлыг гүйцэд үнэлээгүй, холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллаагүй” гэж тайлбарлажээ.

Харин гомдол гаргагч “... миний бие өвчтөнд шүдний холбоосын архаг үрэвсэл /Periodontites 46 шүд/ гэсэн үндсэн онош, буглаа /abcess/ гэсэн дагалдах онош тавьсан бөгөөд К05 буюу буйлны цочмог үрэвсэл гэсэн онош тавиагүй байхад хариуцагч 3 онош тавьсан гэсэн тайлбар хийдэг бөгөөд К05 гэдэг нь үндсэн онош болох шүдний холбоосын архаг үрэвсэл /Periodontites 46 шүд/ гэх оношийг товчлон бичсэн” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээр дурдсан 3 оношийн чухам аль зүйлээр оношилсон нь тодорхойгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар эмч Д.А нь Н.С-Э-ийн 4-6 дугаар шүдийг яаралтай заалтаар авах мэс ажилбар хийхдээ чухам аль оношоор оношилсон, “Periodontites 46 шүд” гэх оношийн товчилсон хэлбэр нь “К05” мөн эсэх, эмчилгээ, ажилбарыг тавьсан оноштойгоо нийцүүлэн холбогдох журам, стандартын дагуу хийсэн эсэх, тэрхүү ажиллагааны улмаас Н.С-Э-ийн шүдний өвчин хүндэрсэн эсэх, хяналтын карт, холбогдох баримтуудыг бүрэн дүүрэн бөглөсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул эдгээр нөхцөл байдлыг нарийн мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулж, гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас Н.С-Э гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон гэх гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.8-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй тул уг зөрчилд холбоотой бүхий л баримтыг гомдол гаргагчаас гаргаж өгөх нь зүйтэй.

Дээрхээс үзэхэд хариуцагч Д.А-ийн зөрчлийг бүрэн тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх хэдий ч үүгээр гомдол гаргагчийг зөрчил гаргаагүй гэж шууд дүгнэх боломжгүй тул гомдол гаргагчийн “... хариуцагч шийтгэлийн хуудсыг гаргахдаа зөрчил үйлдсэн эсэхийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн хирнээ хариуцагчийн алдааг засуулахаар шийдвэрлэж байгаа” гэх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг удаа дараа тогтоосонтой холбоотойгоор хуульд заасан хугацааг хэтрүүлж зөрчлийн хэрэг нээснээ хүлээн зөвшөөрдөг ба ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдох хүндэтгэн үзэх нөхцөл байдал байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг баримтлан маргаан бүхий 0069143 дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасанд нийцүүлэн, мөн заалтыг баримтлан маргаан бүхий 0069143 дугаар шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Иймд шийдвэрийн холбогдох хэсэгт хууль хэрэглээний болоод шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх хугацаанд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан захиргааны байгууллагаас дахин дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.А-гийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг  58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН