Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 3

 

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ2018/0003

Ховд аймаг

 

                                                                                         

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ  БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Х.А-ын Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолын дагуу Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 онд 6 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэдийн мэргэшлийн шалгалтанд Буянт сумын Засаг даргын Тамгын газрын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд хамгийн өндөр оноо авч 1-р байр эзэлсэн. Үүний дагуу намайг уг албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр намайг уг албан тушаалд томилуулах хүсэлтийг Буянт сумын Ш.Даваадогтоход хүргүүлсэн боловч янз бүрийн шалтгаан тоочин тушаал гаргаж ажилд томилоогүй сар гаруй чирэгдүүлж байна. Энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл өгч хандсан боловч шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасагт малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Одончимэг ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа авч 2017 оны 11 дүгээр сард ажилдаа орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.4 дэх хэсэгт зааснаар ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална, 100 дугаар зүйлийн 100.1-д 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэж заасан байдаг. Энэ тухай Х.А-д биеэр болон утсаар тайлбарласан. Д.Одончимэг нь эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, албан үүргээ гүйцэтгэх үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй тул ажлаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Энэ байдлын улаас Х.А-г дээрх албан тушаалд томилохоос татгалзсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Х.А нь тус захиргааны хэргийн шүүхэд Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолын дагуу Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Х.А-ын Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолын дагуу Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.А-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР