Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Анхцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 6.019.511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар /УБД:9016001017, РД:2556375/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Капитал банк нь БОМБ ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагад худалдагч ажилтай Оюунтөгс овогтой Анхцэцэг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 94 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 4.800.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлдэгч О.Анхцэцэг нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин тодорхой шалтгаангүйгээр зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаан хугацаагаар сураггүй болж банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч О.Анхцэцэгийн үндсэн зээлийн үлдэгдэл 4.404.448 төгрөг, зээлийн хүү 1.601.023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.040 төгрөг нийт 6.019.511 төгрөгийг  гаргуулан өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Алтантуяа миний бие нь хариуцагч О.Анхцэцэгтэй харилцан тохиролцож зээлийн гэрээний төлбөр 6.019.511 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 502.000 төгрөгөөр төлөх, сүүлийн сар 497.511 төгрөгөөр төлж 2018 оны 03 сарын 18-ны өдөр гэхэд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 2-р баг Тээврийн гудамжны 1-23 тоотод оршин суух, Боржигон овогт Оюунтөгсийн Анхцэцэг /РД: СЭ91082307/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Анхцэцэг миний бие нь нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож зээлийн гэрээний үүрэг нийт 6.019.511 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 502.000 төгрөгөөр төлөх,  сүүлийн сар 497.511 төгрөгөөр төлж, 2018 оны 03 сарын 18-ны өдөр гэхэд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцов.  Иймд хэргийг  хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч О.Анхцэцэгээс зээлийн гэрээний үүргийн төлбөр 6.019.511 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч  О.Анхцэцэгтэй 2015 оны 03 дугаар сарын 13-ны  өдөр 94 тоот зээлийн гэрээ байгуулан 4.800.000 төгрөгийн зээлийг, жилийн 1.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж аван, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж ирсний улмаас зээлийн үндсэн төлбөр 4.404.448 төгрөг, зээлийн хүү 1.601.023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.040 төгрөг бүгд 6.019.511 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Анхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 6.019.511 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 502.000 төгрөгөөр, сүүлийн сар 497.511 төгрөгөөр төлж 2018 оны 03 сарын 18-ны өдөр гэхэд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.  Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Анхцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 6.019.511 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч О.Анхцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.263 төгрөгийн 50 хувь буюу 56.131,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 56.131,5 төгрөгийг, хариуцагч О.Анхцэцэгээс 56.131,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч О.Анхцэцэг нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА