| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0066/Э |
| Дугаар | 076 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 076
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох 2013000680058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр БӨ аймгийн Т суманд төрсөн, 27 настай. эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 2, ээжтэйгээ хамт амьдардаг, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-ээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж.б овогт Т-ийн Т, регистрийн дугаар: БЮ.................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Т сумын 5 дугаар багт байрлах Л.Ж-ын өвлийн байшингийн үүдний өрөөний цонхны салхивчаар хууль бусаар нэвтрэн орж, шүүгээнд байсан 250000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013000680058 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09-рх/
3. Хохирогч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 11-13-рх/
“...Би 2020 оны 1 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цагийн үед эхнэр бид хоёр хувийн ажлаар аймаг явж орой 18 цагийн үед гэртээ ирээд орох гэтэл манай байшингийн үүдний өрөөний цонхны салхивч онгорхой байхаар нь гэрт хулгай орсон юм байна гэж бодоод гэртээ ороод шүүгээнд байсан 750000 төгрөгийг тоолж үзэхэд нийт 250000 төгрөг дутаж хулгай орж бэлэн мөнгө авч явсныг мэдсэн" гэх мэдүүлэг,
4. Гэрч М.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 16-рх/
“...нөхөр Л.Ж бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 10 цагийн үед хувийн ажлаар аймаг явж орой 18 цагийн үед гэртээ ирээд гэрт орох гэтэл манай байшингийн үүдний өрөөний цонхны салхивч онгорхой байсан ба манай нөхөр Л.Ж гэрт хүн орсон байна гээд шүүгээнд байсан бэлэн мөнгийг тоолж үзэхэд 250,000 төгрөг дутсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 17-рх/
“...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрт байхад орой 18 цагийн үед Т.Т манай гэрт ирж аймаг явах хувийн ажил гарч байна таны машинаар аймаг очоод ирье хөлсөнд нь 40,000 төгрөг бензин хийж өгье гэхээр нь бид хоёр миний машиныг асааж сумаас гарч 19 цагийн үед аймаг орж Т.Т төв талбай дээр бууж үлдсэн. Тэгээд би аймгийн төвд таксинд явж байгаад 23 цагийн үед сум руу явахаар болж Т.Т руу утсаар ярихад “ДУМАН” бааранд байна ирээд аваарай гэхээр нь очиж авахад согтуу байсан тэгээд бид хоёр сум руу буцаж гэрт нь хүргэж өгөөд буцсан юм” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгч Т.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 22-рх/
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед Т сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах найз Л.Ж-ын гэрт мөнгө зээлэх гэж очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд үүдний өрөөний цонхыг нь түлхэхэд онгойчихоор нь тэр цонхоор гэрт нь ороод унтлагын өрөөний цонхон талд байсан цайвар өнгийн модон хувцасны шүүгээний доод талын шургуулгыг нээж үзэхэд бэлэн мөнгө байсан. Уг мөнгөнөөс багцаалж дээд хэсгээс нь хэдэн төгрөг аваад буцаад цонхоороо гараад тэдний хашаанаас гараад тоолж үзэхэд 250000 төгрөг байсан. Тэгээд аймаг сум хооронд таксинд явдаг Х.Ж-ийн жижиг машинд 40000 төгрөгийн бензин хийгээд аймаг орж “ДУМАН” бааранд шөнийн 12 цаг хүртэл бүжиглэж байгаад буцаад Х.Ж-тэй хамт сум руу ирсэн” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-27/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/223 дугаартай “Т.Т /БЮ................./-ны нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 31/,
- 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЮ................., овог: Ж.б, эцэг/эх/-ийн нэр:Т, нэр:Т, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Өлгий, төрсөн огноо:1992-09-30, хаяг:БӨ , Т , 5-р баг, Хөх толгой, хүчинтэй хугацаа:2037-09-30, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/,
- БӨ аймгийн Т сумын 0 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Т овогтой Т нь ам бүл 3, тодорхой эрхэлсэн ажилгүй, төлөв даруу зантай, тусархаг, манай багийн нийгмийн идэвх, зүтгэлтэй иргэн” гэх тодорхойлолт /хх-ийн 34/,
- Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТ л зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан ноТ л зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт цонхоор нь нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Л.Ж-т хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Т.Т-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Т-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж хохирогч Л.Ж-т 250000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.
Хохирогч Л.Ж-т мөрдөн шалгах ажиллагааны явцад 250000 төгрөгийг хүлээж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 13/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Т-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Т.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь /хх-ийн 23/ хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Т-ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэгт нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т-ы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна.
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Т-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. Шүүгдэгч Т.Т нь тэнсэнгийн хугацаа дуусахад 3 сар 28 хоног дутуу байхад гэмт хэрэг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болж, хассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д нэмж нэгтгэж ял оногдуулах боломжгүй болно.
4. Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Т нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Т.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.б овогт Т-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Т нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК