Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 50-01 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхжаргалын Батцэцэг /ЕЙ89060909/-ийн нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч М.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2008 онд Ж.Мэндбаяртай танилцаж, гэр бүлийн харьцаатай болж хамтран амьдрах хугацаанд 2010 оны 09 дүгээр сарын 02-нд бидний дундаас охин Хүслэн төрсөн. Ж.Мэндбаярын  иргэний үнэмлэх  зөрчилтэй байсан учир бидний гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй хадам ээжийндээ амьдарч байсан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний нөхөр Ж.Мэндбаяр  нь зуурдаар нас нөхцсөн учир охин Хүслэнд тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох үүднээс бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Батцэцэг нь Ж.Мэндбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Батцэцэг нь Ж.Мэндбаяртай 2008 оноос эхлэн хамтын амьдралыг зохиож тодорхой шалтгааны улмаас хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч, энэ хугацаандаа охин Б.Хүслэнг төрүүлж өсгөсөн ба хамтдаа ажиллаж амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Б.Жаргалсайхан, М.Мандах нарын тодорхойлолт, Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Г.Дэнсмаа, Ч.Отгонтөгс нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Жаргалсайханы Мэндбаярын нас барсаны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.Батцэцэгийг Ж.Мэндбаяртай 2008 оноос 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч М.Батцэцэгийг Ж.Мэндбаяртай 2008 оноос 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ