| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 078 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 078
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х,
Өсвөр насны шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, БӨ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох 2013000150048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Х.А-ын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 2002 оны 4 сарын 05-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х-ийн А, регистрийн дугаар БЮ..............
. Өсвөр насны шүүгдэгч Х.А-ын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 04 дүгээр сард Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1421 тоот хашаанд зогсож байсан иргэн Н.Х-ы эзэмшлийн “Тоёото Ипсум” маркийн тээврийн хэрэгслийн туслах талын урд талын хайрцагт байсан түрийвчнээс Монгол төгрөг, Казахстаны тенге, ОХУ-ын рубль зэрэг мөнгөн тэмдэгтүүдийг хулгайлж 379900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2019 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Ө сумын 0 дугаар багийн иргэн Б.Ж-ийн 9699 БӨҮ улсын дугаартай Тоёото Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл дотроос худалдаж борлуулахаар бэлдсэн байсан хувцас, гутал, ээмэг бөгж болон хөлдөөсөн сүү зэрэг эд зүйлсийг хулгайлж 238000 төгрөгийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013000150048 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/
4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24--25/
5. Хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 51-52/
“...Тухайн үед машин дотор А сумаас ачиж ирсэн дэлгүүрийн бараанууд байсан бөгөөд эхнэр бид хоёр ээжийнхээ ажил явдлыг өнгөрүүлээд А суманд 8 хоног байж байгаад наашаа ирсэн. Ирэхдээ хэдэн ширхэг хөлдөөсөн сүү авч ирээд хөргөгчид багтаагүй сүүг машин дотор оруулж тавьсан. Ирсний дараа машинаа огт асааж байгаагүй бөгөөд 12 сарын 25-ны өглөө 05 цагийн үед цагдаа нар хаалга тогшихоор нь онгойлгоход таны машинд хулгай орж эд зүйл алдагдсан уу гэхээр нь машинаас эд зүйл алдагдсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 62-63/
“...Би тэр өдрийн орой 20 цагийн үед Ц тосгоноос орж ирсэн ба гэртээ ирэх үед хоёр ихэр хүү маань бууз чанаж байсан. Тэр өдөр бид гурав гэртээ хоносон. Би буузыг хаанаас авсан талаар асуухад Х.А хүү маань надад “Оргил” угаалгын газрын эзэн өглөө гэсэн...” гэх мэдүүлэг,
7. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 64-65/
“...Тухайн үед машин дотор А сумаас ачиж ирсэн дэлгүүрийн бараанууд байсан бөгөөд эхнэр бид хоёр ээжийнхээ ажил явдлыг өнгөрүүлээд А суманд 8 хоног байж байгаад наашаа ирсэн. Ирэхдээ хэдэн ширхэг хөлдөөсөн сүү авч ирээд хөргөгчид багтаагүй сүүг машин дотор оруулж тавьсан. Ирсний дараа машинаа өнөөдрийг хүртэл огт асааж байгаагүй ба машин орцны үүдэнд байгаа юм. Би 12 сарын 25-ны өглөө машинаас эд зүйл алдагдсан талаар цагдаа нараас мэдсэн юм." гэх мэдүүлэг ,
8. Насанд хүрээгүй гэрч Б.Е-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 66/
“...12 сарын 24-ний өглөө байх сайн мэдэхгүй байна Х.А хичээлдээ ирэхдээ цүнхэндээ олон ээмэг бөгж хийж авч ирсэн. Х.А ангийн охидод ээмэг бөгжийг үзүүлж байхаар нь би 2 ширхэг ээмэг, 1 ширхэг бөгжийг 4000 төгрөгөөр худалдаж авсан ба тэр өдөр мөнгө байгаагүй болохоор мөнгийг нь тэгж байгаад өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
9. Насанд хүрээгүй гэрч Т.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 68/
“...Х.А хичээлдээ ирэхдээ олон ээмэг, бөгж авч ирсэн. Зарна гэхээр нь би 2 ширхэг мөнгөлөг өнгийн зүүлт, шаргал мөнгөлөг 3 хос ээмэг 1 ширхэг бугуйвчийг нийтдээ 25000 төгрөгөөр авсан ба мөнгийг нь тэгж байгаад егье гэж хэлээд авсан.” гэх мэдүүлэг,
10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-113-р хуудас/,
11. Монгол банкны БӨ салбарын хянан шалгагчийн тодорхойлолт /хх-ийн 133-р хуудас/,
12. Хохирогч Н.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 124-р хуудас/
“...2019 оны 4 дүгээр сард байх өөрийн “Тоёота Ипсум” маркийн машинаар Ө сумын 13 дугаар багт байдаг дүүгийн гэрт очиж машинаа янзлуулаад орой харанхуй болох үед машиндаа суугаад туслах талын урд байрлА хайрцгийг сөхөж үзэхэд миний түрийвч байсан болохоор юм бодолгүй яваад 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ ирээд машинаа гараажид тавиад унтаад өгсөн. Маргааш нь зах дээр ирж хоол идэх санаатай түрийвчээ онгойлготол урд өдөр нь байсан мөнгө алга болсон байсан. Тэгээд тэр чигтээ орхисон юм. ...Миний түрийвчинд Казахстаны тенге, Оросын рубль, Монгол төгрөг нийтдээ 380000 төгрөг байсан. Миний хулгайд алдсан мөнгийг төлж өгвөл өөр нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг,
13. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 57-58-р хуудас/,
“...Би 9699 БӨҮ улсын дугаартай “Тоёота хайлюкс” маркийн тээврийн хэрэгсэл дотроос нийтдээ 3 удаа эд зүйл хулгайлсан. Анх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бууз, ээмэг бөгж, зүүлт болон 2 хос эрэгтэй гутал, үдээстэй гутал хулгайлсан. Маргааш нь 24-нд 5 ширхэг бөөрөнхий хэлбэртэй хөлдөөсөн сүү, өрөөсөн хагас түрийтэй эмэгтэй гутал, цэнхэр өнгийн эмэгтэй хүрэм зэргийг хулгайлсан. Дахин гэрээс гарч очоод 4 ширхэг сүү, өрөөсөн хагас түрийтэй гутал 2 хос хагас түрийтэй гутал, цахилгаантай эрэгтэй гутал зэргийг хулгайлсан. 2019 оны эхээр орой 21 цагийн үед Ө сумын 13 дугаар багийн нутагт манай гэрээс дээш байдаг айлын хашаан дотроос “Истима” маркийн машинтай төстэй нэг машин дотроос туслах талын урд байрлах хайрцаг дотроос түрийвч байхаар нь аваад дотор нь тенге, рубль төгрөг зэрэг байхаар нь аваад маргааш нь аймгийн Спорт цогцолборын урд байдаг валютын цэгээс хоёр удаа очиж солиулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
14. Иргэний хариуцагч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/
15. Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Шүүгдэгч Х.А-ад холбогдох тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 129 дугаартай шийтгэвэр, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 29-31, 147-150/,
- Шүүгдэгч Х.А-ын суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 36-46/,
- БӨ аймгийн Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн сургалтын менежер А.Х-гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Х овогтой А нь тус сургуулийн 12 дугаар ангийн “б” бүлэгт суралцаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 87/,
- БӨ аймгийн Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирал Х.Х, анги удирдсан багш А.С нарын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сурагч Х.А нь 2002 онд төрсөн. Эрэгтэй. Анх 2008 онд 1 дүгээр ангид элсэн суралцсан. Ам бүл 9. Багаасаа эцэг эхийн гарт хүмүүжсэн. Ө сумын 13 дугаар багт амьдардаг. Ө сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 126 ангид суралцдаг. Хичээл сурлагаар дунд зэрэг. Бие бялдрын хөгжил сайн. Урлаг спортын уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Төлөв даруу зантай, анги хамт олны дунд биеэ зөв авч явдаг. Сургуульд 12 жил суралцах явцад гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргаж байгаагүй. Нийгмийн туст хөдөлмөрт анги хамт олныг хошуучлан оролцдог нийгмийн идэвх сайтай сурагчдын нэг мөн. Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг. Дутагдлаа хүлээж авдаг сайн та . Нийтэч, нөхөрсөг, нөхдийн дунд нэр хүндтэй. 2019-2020 оны хичээлийн жилд чамдан суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөх боломжтой сурагчдын нэг мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13/06 дугаартай “Х овогтой А нь /БЮ............../ тоот регистрийн дугаартай, ам бүл 9. Эцэг эх нь тодорхой эрхэлсэн ажилгүй, багийн нэн ядуу өрхийн гишүүн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 88/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/207 дугаартай “Манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Х.А /БЮ............./-ын нэр дээр өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 94/,
- 2019 оны 6 дугаар сарын 00-ны өдөр олгосон “РД:БЮ............., овог:Б, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 2002/04/05, төрсөн газар:БӨ , Ө , хаяг :БӨ, Ө , 00-р баг, Жана ауыл, 20 гудамж, 0 тоот, улсын бүртгэлийн дугаар:830119593007 хүчинтэй хугацаа:2027/04/05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн Б.Ж-ийн 9699 БӨҮ улсын дугаартай Тоёото Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл дотроос худалдаж борлуулахаар бэлдсэн байсан хувцас, гутал, ээмэг бөгж болон хөлдөөсөн сүү зэрэг эд зүйлсийг хулгайлж 238000 төгрөгийг тус тус хулгайлсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24--25/, хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/, насанд хүрээгүй гэрч Б.Е-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66/, насанд хүрээгүй гэрч Т.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68/, шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: /хх-ийн 57-58-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр,
Хоёр: Шүүгдэгч Х.А нь 2019 оны 04 дүгээр сард Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1421 тоот хашаанд зогсож байсан иргэн Н.Х-ы эзэмшлийн Тоёото Ипсум маркийн тээврийн хэрэгслийн туслах талын урд талын хайрцаганд байсан түрийвчнээс Монгол төгрөг, Казахстаны тенге, ОХУ-ын рубль зэрэг мөнгөн тэмдэгтүүдийг хулгайлж 379900 төгрөгийн хохирол учруулсан болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-113-р хуудас/, Монгол банкны БӨ салбарын хянан шалгагчийн тодорхойлолт /хх-ийн 133-р хуудас/, хохирогч Н.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/, шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: /хх-ийн 57-58-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний хариуцагч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэдэд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.
Иймд шүүгдэгч Х.А-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж Монгол төгрөг, Казахстаны тенге, Оросын рубль зэрэг мөнгөн тэмдэгтүүдийг хулгайлснаас хохирогч Н.Х-д 379900 төгрөгийн хохирол, мөн хувцас, гутал, ээмэг, бөгж болон хөлдөөсөн сүү зэрэг эд зүйлсийг хулгайлснаас хохирогч Б.Ж-т 238000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х болон Б.Ж нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Х.А-аас 238000 төгрөг гаргуулан Б.Ж-т, 379900 төгрөг гаргуулан Н.Х-д тус тус олгох нь зүйтэй байна.
3. Өсвөр насны шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн 8.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.А-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 7 сар 21 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Х.А-ын насыг тоолсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шүүгдэгч Х.А- нь 17 нас 10 сар 20 хоногтой байна.
Шүүгдэгч Х.А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдА , эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоолоо.
Шүүгдэгч Х.А-ыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр 1 хоног баривчлагдсан ба баривчлагдаж, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16 см урттай нугалсан төмөр утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 1000 төгрөгийн 8 ширхэг дэвсгэрт, 500 төгрөгийн 5 ширхэг дэвсгэрт зэргийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А-ын иргэний цахим үнэмлэхийг тогтоолын хамт БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Х-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.А-ыг БӨ аймгийн Ө сумын Хот тохижуулах албанд 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйл шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.А-аас 238000 /хоёр зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулан Б.Ж-т, 379900 /гурван зуун далан есөн мянган есөн зуу/ төгрөг гаргуулан Н.Х-д тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16 см урттай нугалсан төмөр утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 1000 төгрөгийн 8 ширхэг дэвсгэрт, 500 төгрөгийн 5 ширхэг дэвсгэрт зэргийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А-ын иргэний цахим үнэмлэхийг тогтоолын хамт БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК