| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0056/Э |
| Дугаар | 088 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 088
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор орлогч А.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ын Э-т холбогдох 2013000730063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, Б овогт П-ын Э, 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг БӨ аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЗ..................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “ХБ ” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, доторх гэдсийг авч хаяж хадгалсан,
2020 оны 02 дугаар 01-ний өдөр БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “ХБ ” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, доторх гэдсийг авч хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2019 оны 12 дугаар сарын сүүлээр 20020 оны 01 дүгээр сарын 01-ний үе болон 2020 оны 02 дугаар сарын 01-ний үед байх Н сумын нутаг дэвсгэрээс 2 толгой зэгсний зэрлэг гахай агнасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 2 гахайг өөрийн хэнэггүй зангаас болж алж, улсад олон сая төгрөгийн хохирол төлөх болсондоо маш их харамсаж байна. Би анхнаасаа хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хохирлыг төлнө гэж мэдүүлгээ өгч байсан. Зэрлэг гахайг эмчилгээнд хэрэглэнэ гэж сонсоод, элэгний өвчтэй эгчдээ эмчилгээний зориулалтаар өгөх гэсэн юм. Махыг нь өөрсдөө идэх зорилгоор агнасан. Учруулсан хохирлоо төлнө гэж бодож байсан боловч өөрийн гэсэн мал хөрөнгөгүй, тогтмол орлогогүй учраас төлж чадахгүй байна. Ах, дүү, хамаатан садангаас цуглуулаад хохирлыг төлж өгөх болно” гэв.
Эрүүгийн 2013000730063 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ий 8-11, 16-18-р хуудас/,
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14, 20-22-р хуудас/,
4. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 тооны зэгсний гахай, зэгсний гахайг агнасан иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаартай галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-29-р хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 40-41-р хуудас/
“... П.Э нь 2020 оны 01 дүгээр сард, дараа нь 2020 оны 02 дугаар сарын эхний үед тус бүр нэг, нийлээд 2 тооны зэгсний гахайг хууль бусаар агнасан байсан. Уг гахайны нэг нь эм /мэгж/, нөгөө нэг нь эр /бодон/ гахай байсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан эм зэгсний зэрлэг гахайны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 3300000 төгрөг, үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ. Тэгэхэд 6600000 төгрөг байна. Мөн эр бодон зэгсний гахайны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2900000 төгрөг бөгөөд нөхөн төлбөр нь 5800000 төгрөг байна. Ингээд иргэн П.Э-ээс нийт 12400000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж өгөхийг хүсэж байна. Одоогоор ямар нэгэн нөхөн төлбөр төлөгдөөгүй болно...” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ү.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 42-р хуудас/
“... Н сумын 5 дугаар багийн иргэн П.Э-ийн зэрлэг буюу зэгсний гахай агнасан гэж үзүүлсэн газар нь БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орох Шар мод гэх газар юм” гэх мэдүүлэг,
7. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 51-р хуудас/
“...шинжилгээнд ирсэн 1 толгой ан амьтан нь Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн ба латин нэр нь /Sus scrofa nigripes/ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад болон Монгол Улсын Улаан номонд орсон” гэх дүгнэлт,
8. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 57-р хуудас/
“Шинжилгээнд ирсэн 1 толгой ан амьтан нь Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн ба Монгол Улсын Улаан номонд орсон” гэх дүгнэлт,
9. Шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 68-69-р хуудас/
“Би эхнэр хүүхдүүдийн хамт У аймгийн Б сумын 0-р баг “ХБ ” гэх газарт оршин суудаг юм. БӨ аймагт оршин суудаг хамаатан болох О нь элэгний өвчтэй байсан ба зэрлэг зэгсний гахайны мах идвэл сайн гэхээр нь би хамаатан Б-од өгөхөөр, 2020 оны 01 дүгээр сарын эхээр байх “ХБ ” гэх газраас 1 тооны зэрлэг зэгсний гахай агнасан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөн “ХБ ” гэх газраас 1 тооны зэрлэг зэгсний гахай агнасан. Ингээд нийт 2 тооны зэрлэг зэгсний гахай агнасан болно. Би 2 удаа гахай агнахад ганцаараа явсан. Манай гэрээс 5 км-ийн зайтай газраас агнасан юм. Харин би тухайн үед дүү болох Б.Г-ын шувууны бууг ашиглаж, 2 тооны зэрлэг зэгсний гахайг агнасан юм. Зэрлэг зэгсний гахай агнах нь хориотой, ховор амьтны жагсаалтад орсон ан гэдгийг мэдээгүй. Агнасны дараа ховор амьтан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг,
10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 72 дугаар хуудас/,
- Увс аймгийн Б сумын Байшинт багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай “БЗ................. регистрийн дугаартай, иргэн П овогтой Э нь ам бүл 4, Зүүн харз хороололд эхнэр хүүхдийн хамт тус багт байнга оршин суудаг. П.Э нь өрхийн амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой, төлөв даруу зантай, урд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 80/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/289 дугаартай “П.Э /БЗ................./-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 76/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЗ................., овог:Б, эцэг/эх/-ийн нэр:П, нэр:Э, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Н , төрсөн огноо:1973-10-23, хаяг:БӨ , Н , 5-р баг, Ямаат, хүчинтэй хугацаа:2021-10-23, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/
- БӨ аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай “П овогтой Э /БЗ................./-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 79/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, холбогдох байгууллагаас хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч П.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох ХБ гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний /бодон/ эр гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, доторх эрхтнийг авч хадгалсан, 2020 оны 02 дугаар 01-ний өдөр БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “ХБ ” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний /мэгж/ эм гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, доторх эрхтнийг авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзнэ.
Зэгсний зэрэг гахай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад болон Монгол улсын улаан ном ( 1987: 1997: 2013)-онд орсон байна. Амьтны тухай хууль (2012)-ийн 9.1.1 дэх заалтаар зэрлэг гахайг жил бүрийн 12-р сарын 01-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглодог байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн амьтны экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч П.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, доторх эрхтнийг нь авч хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар эр зэгсний зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2900000 төгрөгөөр, эм зэгсний зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 3300000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч П.Э-ээс 12400000 төгрөг гаргуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч П.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг” ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг харгалзан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч П.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хорих “ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, шүүгдэгч П.Э нь Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр удаа санаатай үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны зэгсний эм /мэгж/ гахай, 1 тооны зэгсний эр /бодон/ гахайг БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтыг хадгалах зориулалттай өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц БӨ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Э-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаартай, замагны 8802230 дугаартай галт зэвсэг нь иргэн Б.Г-ын эзэмшлийн эд хөрөнгө болох нь буу эзэмшигчийн гэрчилгээний хуулбар, гэрч Б.Г-ын мэдүүлэг, шүүгдэгч П.Э-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Г-ын эзэмшлийн 475000 төгрөгийн үнэ бүхий иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаар, замагны 8802230 дугаартай галт зэвсгийг эзэмшигч Б.Г-т буцаан олгож, уг зэвсгийн үнэ болох 475000 төгрөгийг шүүгдэгч П.Э-ээс гаргуулж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт П-ын Э-ийг “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, доторх эрхтнийг нь авч хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Э-ийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Э-ийн ойн санд учруулсан хохиролд 12400000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7-р зүйлд заасан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан зэгсний гахайг агнасан иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаар, замагны 8802230 дугаартай галт зэвсгийг эзэмшигч Б.Г-т буцаан олгож, уг галт зэвсгийн үнэ болох 475000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Э-ээс гаргуулж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эр /бодон/, эм /мэгж/ 2 тооны зэгсний гахайг БӨ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК