| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0079/Э |
| Дугаар | 089 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 089
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж-д холбогдох 2013001210091 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Ж-ы биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл-6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 2018 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай захирамжаар үлдсэн ялыг нь өөрчилж, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж.С овогт Х-ын Ж, регистрийн дугаар:БЮ.....................;
Шүүгдэгч Х.Ж-ы холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.Ж- нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Ө сумын малын захын хашаан дотор байдаг биллиардын тоглоомын газарт согтуугаар тодорхой шалтгаангүйгээр иргэн Ж.Е-ы толгой, нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж-ы мэдүүлэхдээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр орой 5 цаг 30 минутын үед малын зах дотор байрлалтай биллиардын газарт очсон. Тухайн Ж.Е гэдэг залуу эхлээд надад өөрөө салаавч гаргаж, намайг 3 удаа цохисон. Тэгээд би уурлаад Ж.Е-ыг зодсон маань үнэн. Хохирлын мөнгө өгөх гэж 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ж.Е-ы гэрт очиход Ж.Е Ховд аймаг руу машин засахаар явсан байна лээ. Одоо Ж.Е бид хоёр хоорондоо эвлэрч, хохирлын мөнгө болох 300000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болсон. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013001210091 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
“...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед байх биллиард тоглоомын газрын доторт байрлах буйдан дээр сууж байх үед гаднаас Ж /Х.Ж/ гэх залуу орж ирээд ширээний хажууд зогсож байсан. Тухайн газарт байсан хэдэн хүн биллиард тоглох гээд эхлэх гэж байх үед нь би буйдан дээр сууж байгаад босоод би бас тоглоно гээд очих үед Ж гэх залуу намайг түлхсэн. Энэ үед би яасан бэ гэж хэлэхэд хойшоо зогсож бай гэж хэлээд дахиж түлхээд намайг цохисон. Миний баруун талын нүд хөхөрч, толгой өвдөж байна” гэх мэдүүлэг,
3. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
“...гадагшаа гараад удалгүй ороод ирэхэд Ж.Е, Х.Ж хоёр хоорондоо зодолдож байсан. Миний бие очиж салгаж тэр хоёрыг гадагшаа гаргачихсан. Энэ үед хоорондоо хэрэлдэж нэг нэгнийгээ хэл амаар доромжилж байсан. Х.Ж-ыг зодож байхыг хараагүй. Ж.Е өөрөө зодуулж байсан. Ж.Е-ы баруун талын нүд нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг
4. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
“...миний бие малын зах руу очиж биллиардын газарт ороход миний танил болох Ж.Е гэх залууг шар цамцтай үл таних залуу биллиард тоглоомын газрын буйдан дээр нь гарчихсан зодож байсан. Тухайн биллиард тоглоомын газрын эзэн М.Ж болиулж, Ж.Е болон шар цамцтай үл таних залуу хоёрыг гаргачихсан” гэх мэдүүлэг,
5. Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Иргэн Ж.Е-ы баруун талын нүдний дээд доод зовхины хамрын хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөр алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 36-37 дугаар хуудас/
“...миний бие биллиардын ширээний хажууд очиж зогсож байх үед Ж.Е гэх залуу тухайн тоглоомын газрын буйдан дээр сууж байгаад босож ирээд над руу салавч гаргаж ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр миний нүүрэн тус газарт цохисон. Энэ үед миний бие уурлаж Ж.Е гэх залуугийн нүүрэн тус газарт цохиж хоорондоо зодолдох үед тухайн тоглоомын газрын буйдан дээр нэгнийгээ унгаагаад барьж аваад байж байх үед тухайн биллиард тоглоомын газрын эзэн М.Ж- гэх залуу ирээд бид хоёрыг салгаж гадагшаа гаргасан” мэдүүлэг,
6. Шүүгдэгч Х.Ж-ы хувийн байдлын талаар нотлох баримтууд:
-БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/377 дугаартай “Х.Ж /БЮ...................../-ны нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 47/,
- Шүүгдэгч Х.Ж-ы гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/,
- 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон “РД:БЮ....................., овог:Ж.с, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Ж, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1991/04/05, төрсөн газар:БӨ , Ө , хаяг:БӨ , Ө 3-р баг, Бөхөн уул, 28 гудамж, 07 тоот, бүртгэлийн дугаар:830195271806, хүчинтэй хугацаа:2036/04/05, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,
- БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тус 3-р багийн оршин суугч Х овогтой Ж /БЮ...................../ тоот регистрийн дугаартай, ам бүл 6, 28-07 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 50/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Х.Ж-ы гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч Х.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Ө сумын малын захын хашаан дотор байдаг биллиардын тоглоомын газарт согтуугаар тодорхой шалтгаангүйгээр иргэн Ж.Е-ы толгой, нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.Е-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Ж-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Е-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.Е-ы “Х.Ж-аас 300000 төгрөгийг нэхэмжилсэн ба миний нэхэмжилсэн 300000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулж өгөхөөр болсон. Миний бие Х.Ж-ыг уучилсан болно. Цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай баталгаа гаргаж байна” гэх хүсэлтээр шүүгдэгч Х.Ж-аас 300000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Х.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж.С овогт Х-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-аас 300000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Е-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК