Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1643

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс135/2015/01762/И

Дархан-уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар НХЖХТ-ийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад ******* /РД: *******, утас: 9992 499/-ын  хүсэлттэй,

 “*******т эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Цагдаагийн ахмад *******, *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******, ******* нар нь 2012 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн ба 2013 онд 2 ихэр хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсон цагаасаа хойш цуг амьдраагүй ба ******* нь *******тай уулзах болгондоо хэрүүл маргаан хийж зодож, дарамталж эрх чөлөөнд нь удаа дараа халдаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр ******* нь манай нөхөр ******* нь байнга зодож доромжилж байсан ба би гэр бүлийн хүчирхийлэлд байна гэж цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэргийн 1880 дугаартай гомдол мэдээллээр шалгагдаж байна. Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016  оны  11  дүгээр  сарын  28-ны  1257  дугаартай дүгнэлтээр *******гийн биед баруун чихэнд хучин шарх, хүзүүнд зулгаралтын сорвитой гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн байна. *******т Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэхь хэсэгт заасан тусдаа амьдрахыг даалгах, 16.1.5 дахь хэсэгт заасан тусдаа амьдархыг даалгах, зан үйлд нөлөөлөх  албадан сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээг авч өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ хүн 2 хүүхдээ гарснаас хойш миний дэргэд байгаагүй. Уулзахаараа дандаа хэрүүл болдог хүүхдүүдээ яаж  байна гэж асуудаггүй. Ийм байдлаас болоод уур нь хүрэхээрээ намайг цохиод авдаг. Дандаа намайг зайлаад өг чи надад гай болж байна гэж хэлдэг байсан гэсэн. Би гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг, гэтэл энэ хүн өөр хүүхнүүдтэй цуг яаваад байдаг, ийм шударга бус амьдрал гэж юу байсан юм. Өдий хүртэл 2 хүүхэдээ би өсгөж  байгаа. Энэ хүн өөр хүнтэй уулзалдаж байгаа. Бид хоёр хэдэн удаа хэрэлдсэн талаар хэлж мэдэхгүй байна. Намайг хөх эрээн болтол зоддог. 2016 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын 15-ныг хүртэл байнга зоддог байсан. Би тааралдахаар хүүхдүүдээ асуусангүй гэж хэлэхээр чи битгий гай болоод бай, зайлаад өгөөч гэж намайг загнадаг. Намайг ангийнхаа хүүхэдтэй уулзаж байхад машины хаалга түгжиж байгаад зодсон, нүүр ам руу хүртэл өшиглөдөг. Би урьд цагдаад хандаж байгаагүй, зун миний чихийг сэтлэхэд л би цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хүн намайг хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан юм. Дахин 2016 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан” гэв.

******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид хоёр тусдаа амьдардаг, байнга уулзаад байдаггүй. Ажил төрөл хийгээд хүүхдүүддээ юм авч өгөх гэхээр байнга хэрүүл хийгээд хэцүү байдаг болохоор би уулздаггүй. Манай ээжийг хүртэл  байнга утсаар дарамталдаг юм. Надтай тааралдахаараа өөрөө намайг үсдэж чирээд, орилж хашгираад байдаг. Ундармаагийн арьс шар болохоор амархан хөхөрдөг болохоор гар хүрэхээр хөхөрсөн байдаг. Уулзах болгондоо хэрүүл хийгээд байдаг, намайг мөрдөөд хаана байгаа газар араас яваад хүрээд ирдэг, тэгээд цуг байгаа хүмүүстэй хүртэл хэрүүл хийлгээд тайван байлгадаггүй. Би энэ хүнээс болоод ажил ч хийж чадахгүй байна. Ажил дээр хүртэл ирээд хашгираад байдаг юм. Тэгээд зугтаадаг юм. Зун би 6 сард Ундармаагийн төрсөн өдрөөр нь уулзсан байсан юм. Гэтэл аав ээжийнхээ талаар ярилцаад, муудалцаад ноцолдсон юм тэр үед чих нь сэтэрсэн байсан. Өөрөө намайг үсдээд авдаг байнга ингэж надад халддаг” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад ******* нь *******т холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу *******гаас тусдаа амьдрахыг даалгах, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах зэрэг эрх хязгаарлах арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргажээ.

******* нь *******г байнгын хэл амаар доромжлох, улмаар зодож эрүүл мэндэд нь хохирол учруулдаг болох нь цагдаагийн газраас ирүүлсэн баримтууд, зохигчдын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зөрчлийн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Тэдний гэр бүлд 16 дугаар багийн нийгмийн ажилтны гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “... эрсдлийн түвшин өндөр байна ...” гэж тогтоогдсон, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

            Иймд *******ийг *******гаас тусдаа амьдархыг даалгах, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах нь зүйтэй байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар *******ийг *******гаас тусдаа амьдрахыг даалгасугай.

2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар дээрх эрх хязгаарлах арга хэмжээг  1 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсүгэй.

3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д зааснаар *******ийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтад 3 сарын хугацаатай хамрагдахыг даалгасугай.

4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд зааснаар энэ шийдвэрийн гүйцэтгэлийг хамтран хариуцан биелүүлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга, Хэсгийн байцаагч, нийгмийн ажилтан нарт тус тус үүрэг болгосугай.

 5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.БАТЧИМЭГ