Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 092

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Б-ийн Г-д холбогдох 2013000000077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Г-ий биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БӨ аймгийн Ө сумын 1 дугаар багт оршин суудаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.х овогт Б-ийн Г, регистрийн дугаар БЮ..............

 

Шүүгдэгч Б.Г-ий холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт байдаг гэртээ хэрүүл маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ж.Т-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ий мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.”  гэв.

Эрүүгийн 2013000000077 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч Ж.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/

“...Б.Г охиноо тэвэрчихсэн орж ирээд чи өөрөө унтаж чадаагүй болохоор надад атаархаад намайг сэрээх гээд зориудаар хүүхдээ авч ороод уйлуулаад байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, өнөөдөр А өглөө 10 цагт сэрчихлээ, бид хоёр унтлагын өрөөнд ороод 30-хан минут болсон юм гэж хэлсэн. Тэгтэл Б.Г чи худлаа хэллээ гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. ...Би тэр үеэр коридороо шүүрдээд явж байсан ба Б.Г унтлагын өрөөнөөс гарч ирээд чи муу миний аав руу залгадаг хэн бэ гэж хэлээд охиноо тэвэрсэн чигээрээ ирээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа чичсээр байгаад намайг гэрээс гадагшаа гаргасан. Тэр хоорондоо би нөхрөөсөө хүүхдээ тавьчхаач гэж гуйсан. Би түүний толгой руу гараараа нэг удаа чичсэн юм. Манай гэрийн хажуугийн хаалга нь эгч Ж.Л-ын гэр байдаг ба эгчийн гэрт ороод Ж.Л гэж дуудтал эгч утсаар ярьж байсан. Тэгээд эгч утсаа тасалчхаад надад ирэхээр нь дагуулаад гэртээ ортол Ж.Л эгч орж ирэнгүүтээ чи яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ гэхэд Б.Г танай дүү чинь шизотой гэх зүйлс хэлж байсан. Тэгэхээр нь би Б.Г-д чи дуугай бай гэж хэлтэл шууд намайг баруун гараараа үсдээд нэг хөлөөрөө миний нүүр лүү өшиглөсөн юм. Тэгтэл миний баруун талын хацар хавдсан ба эгчийн хоёр хүүхэд нь уйлалдсан юм. Тэр үед эгч Ж.Л чи яаж байгаа юм бэ гэж Б.Г-д юм хэлэхэд Б.Г одоо чи дуугай бай, тэгэхгүй бол би чамд гар хүрнэ шүү гэж хэлж байх хооронд би цагдаагийн байгууллагад хандсан. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед гэртээ маргалдаад намайг үсдээд чирээд байхаар нь би диван ор луу зугтааж байхад миний гарыг мушгиад миний толгойг доошоо тонгойлгож дарахад нь би зугтаасан. Тэгтэл миний араас унтлагын өрөөнд орж ирээд дахин үсдэж зодсон. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр бид хоёр маргалдаад миний толгой руу гараараа цохингуут нь би түүнийг түлхсэн. Тухайн үед би 8 долоо хоногтой жирэмсэн байсан. Миний нөхөр намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан юм. Тэгээд намайг Б.Г цохихыг завдаж чамд зодож ойлгуулахгүй бол ойлгохгүй юм байна гэж хэлээд дайрангуут нь би өөрийгөө хамгаалахын тулд хутга аваад намайг цохих юм бол чамайг алчихна шүү гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сард би хүүхдээ тэвэрчихсэн зогсож байтал ээжийгээ дуудаж хүүхдийг булаалгаж авчхаад миний толгой руу гараараа цохиж намайг хаалгаар түрж гаргаад чи явахыг хүсээд байвал өөрөө яв, хүүхэд минь үлдэнэ гэж хэлж байсан. Нийтдээ намайг Б.Г 5 удаа зодож байсан юм” гэх мэдүүлэг,

3. Гэрч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөө гэртээ хувцас угааж байтал хажуугийн хананд юм унах чимээ гарахаар нь гайхаад айл нүүж ирж байгаа юм байна гэж бодоод зогсож байтал Ж.Т манайд гүйгээд ороод ирсэн. Тэгтэл манай хоёр хүүхэд Ж.Т-ы гэрт орчихсон уйлаад явж байсан. Б.Г гартаа өөрийн охиноо тэвэрчихсэн Ж.Т-ы үснээс нь зулгаагаад чирэхэд нь би Б.Г-д Ж.Т-ыг тавиач гэж хэлэхэд тавихгүй чиний дүү миний гараас үхэх болно гэж хэлсэн. Тэгээд чирээд явж байгаад тавьсан. Тэр үед Ж.Т-ы нүүрний баруун талын хэсэг, духны хэсгүүд нь хавдчихсан байсан. ...2019 оны 07 дугаар сард Ж.Т надад Б.Г сэтгэцийн өвчтэй, шизо амьтан гэж хэл амаар доромжилж, аав ээж нь харж байхад миний толгой руу гараараа цохиж, намайг ор руу түлхсэн гэж хэлсэн. Тэгээд Ж.Т шөнөжингөө уйлаад өглөө эрт 05 цагт гэртээ ирлээ гэж байсан. Б.Г Ж.Т-ыг нэг сар орчимтой жирэмсэн байхад зодох гэж оролдох үеэр Ж.Т өөрийгөө хамгаалахын тулд хутга гартаа барьж байхад Б.Г гараа өөрөө хутганд зүсэж авсан гэж хэлж байсан. Өнгөрсөн жил буюу 2019 оны зун Ж.Т-ыг зодоод цагдаад хандсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-рх/,

“...Иргэн Ж.Т-ы биед тархины доргилттой, баруун хацарт битүү хавдартай, цус хуралттай, баруун доод зовхид хавантай, духны баруун талд цус хуралттай, доод эрүүний үүдэн 1,2 шүд 4 зэргийн суларсан, доод уруулд хавантай, дотор талд шархтай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ж.Т-ы биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх учирсан гэмтлүүд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн байна. Иргэн Ж.Т-ы биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Иргэн Ж.Т-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт,

5. “Эрсдэлийн түвшин дунд” гэх аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 09-12-рх/,

6. Цагдаагийн газрын зөрчил үйлдэгдсэн байдлыг шалгасан цахим бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17-24-рх/,

7. Хохирогч Ж.Т-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 26-31-рх/

 

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч Б.Г, хохирогч Ж.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/318 дугаартай “Танай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 29/910 тоот албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Б.Г /БЮ............./-ий нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд Ө сумын 2 дугаар баг, 2-2 тоотод байрлах 110 м.кв талбайтай Ү-0213003522 улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн хамтран өмчлөгч, Ө сумын 3 дугаар багт байрлах 500 м.кв талбайтай ********** улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 52/,  

- 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЮ............., овог:Ж.х, эцэг/эх/-ийн нэр:Б, нэр:Г, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Ө , Ө , төрсөн огноо:1991-06-19, хаяг:Баян-Ө , Ө , 2-р баг, Цагаан эрэг, 2 гудамж, 02 тоот, хүчинтэй хугацаа:2036-06-19, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/,

- 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “БЮ............. регистрийн дугаартай Ж.х овогт Б-ийн Г нь Баян-Ө , Ө сум, 5-р баг, Ховд гол, 34-р байр, 112 тоотод оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/,

- Шүүгдэгч Б.Г урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч Б.Г-ий гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт байдаг гэртээ хэрүүл маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ж.Т-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, гэрч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-рх/,  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 09-12-рх/, цагдаагийн газрын зөрчил үйлдэгдсэн байдлыг шалгасан цахим бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17-24-рх/, хохирогч Ж.Т-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 26-31-рх/, шүүгдэгч Б.Г-ий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ж.Т-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч Б.Г-ий дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Т-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ж.Т нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгч Б.Г- нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  1. Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Б.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ж.х овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ийг 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК