| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0720/Э |
| Дугаар | 728 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 728
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч З.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусгасан эрүүгийн 1908023810000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, .... оны .. дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, ач хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй тус хаягтаа оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №.. дугаартай захирамжаар “ялаас хугацааны өмнө тэнсэн суллах” захирамжаар 02 жил 05 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Ж овогт З.С, регисрийн дугаар:ЦД000000,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.С нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын ....тоотод хардалтын улмаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Я.Д-гийн баруун бугалганд хутгалж эрүүл мэндэд нь “баруун бугалганд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч З.С нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын ..... тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Я.Д маргалдан, түүний баруун бугалганд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Я.Д-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр- манай нөхөр намайг хардаж, гэнэт уурлаж миний баруун гарын булчин руу мах хэрчиж байсан шовх үзүүртэй хутгаараа нэг удаа хатгачихсан. Тэгэхээр чи яаж байгаа юм бэ, би чамайг шоронд байхад өөр эрэгтэй хүнтэй байгаагүй гэж хэлсэн...Одоо бид хоёр хамт амьдарч байгаа ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 29-30/,
- шинжээчийн дүгнэлт...Я.Д-гийн биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 33/,
- шинжээч эмч Б.Д-гийн “...дээрх гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой, яагаад гэвэл тухайн хүний нас хүйс биеийн онцлог, эдгэрэлтийн хугацаанаас хамаарч өөр өөр байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ...гэх мэдүүлэг/хх-35-36/,
- шүүгдэгч З.С-вийн...2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хонины мах эвдэж байгаад махыг нь жижиг шулан чанаж иднэ гэсэн чинь Я.Д чанаж идэж яах гээд байгаа юм гэж маргалдсан, тэрнээс болж би уурлаж зүүн гартаа барьчихсан байсан хутгаар эхнэр Д-гийн баруун бугалга орчим нэг хатгачихсан чинь гарнаас нь цус гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй харилцан эвлэрсэн тухайгаа мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул /х-30/ шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлсэн гэх боловч ялтай байдлын асуудал 2015 оны Эрүүгийн хуулиар хасагдсан тул мөн хуулийн ерөнхийн ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүй.
Шүүгдэгч нь тус гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэл хангагдахгүй байна.
Шүүгдэгч нь эхнэр, ач хүүгийн хамт амьдардаг, ажил эрхэлдэггүй, группид байдаг зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.С-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С оногдуулсан 650 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР