Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0129/З |
Дугаар | 221/МА2021/0413 |
Огноо | 2021-07-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0413
2021 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2021/0413 | Улаанбаатар хот |
“М” ГҮТББ-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Ч.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “М” ГҮТББ-ын гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.М, А.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “М” ГҮТББ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0295195 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар шийдвэрээр 0295195 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гардан авч давж заалдах гомдол гаргах 5 хоногийн дотор гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй, хяналт шалгалтын тусгай удирдамж, төлөвлөгөөгүйгээр холбогдогчийн эрхийг хангалгүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй” гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан.
Татварын улсын байцаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 35190900486 дугаар томилолтын дагуу “М” ГҮТББ-ын 2016-2018 оны татвар төлөлт ногдуулалтын байдлыг шалгахад татварын удирдлагын нэгдсэн системд нэмэгдсэн өртгийн суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, etax.mta.mn, санхүүгийн тайлангийн e-balance.mof.gov.mn цахим тайлангийн системд илгээж баталгаажуулсан 2016-2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан “М” ГҮТББ-ын дансны хуулга зэргээс зөрчил үйлдсэн нь илт тодорхой байсан, мөн хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгчийг томилж, холбогдогчид эрх, үүргийг танилцуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дүүргийн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хянуулан хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан.
Шүүхэд зөрчлийн хэргийг бүхэлд нь хуулбар үнэн дарж, баталгаажуулан хүргүүлсэн, үүний 2 дугаар хуудсанд холбогдогчоос авсан тэмдэглэлд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан” байхад шүүх үнэлээгүй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” гэж заасныг зөрчсөн.
Шүүхээс Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийг ирүүлэхээр Татварын ерөнхий газар болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хандаагүй. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч нар “удирдамж, томилолт, төлөвлөгөөний дагуу хийсэн” гэж тайлбарласан боловч үнэлээгүй.
Мөн хяналт шалгалтын төлөвлөгөөг татварын улсын байцаагч нар татвар төлөгчид биш, татварын албаны хяналт шалгалтын “Фишер” программд оруулан шууд удирдлагад хянуулж ажилладаг бөгөөд хяналт шалгалтын баримтад хадгалдаггүй. Өөрөөр хэлбэл, татварын албаны дотоод үйл ажиллагаа юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “М” ГҮТББ-аас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0295195 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагчаас “ “М” ГҮТББ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, тайлагнаагүй, төлөөгүй болох нь 827,959,779.79 төгрөгийн зөрчлийн жагсаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж үзээд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 82,795,977.00 төгрөгийн нөхөн татвар, 24,838,793.40 төгрөгийн торгууль, 10,190,686.50 төгрөгийн алданги, нийт 117,825,457.80 төгрөгийн төлбөр ногдуулж, бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгажээ.
Хэрэгт авагдсан баримтаар “М” ГҮТББ-ын 2016-2018 оны тайлангаарх нийт 2,625,932,300.00 төгрөгийн орлогоос гишүүдийн татвар 17,565,000.00 төгрөг, банкны хүүгийн орлого 153,698,400.00 төгрөг, нийт 171,565,000.00 төгрөгийг хасаж тооцон хөтөлбөр төслийн орлого 2,149,821,200.00 төгрөг, түрээсийн орлого 313,847,700.00 төгрөг, нийт 2,454,668,900.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоор зөрчлийн тооцооллыг хийсэн байна.
Гомдол гаргагчаас “...манай байгууллага мэргэжлийн чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлээгүй” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн тооцоололтой маргахгүй” гэх тайлбарыг хийсэн атлаа “зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар маргасан.
Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хүчингүй болгохоор маргаж буй шийтгэлийн хуудаст хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “... хариуцагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж холбогдогчийн эрхийг хангалгүйгээр шийтгэл ногдуулсан, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгах болсон үндэслэлээ нотолж чадаагүй, ... “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 6.1-д “...Татварын ерөнхий газрын дарга, татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн дэд даргаар батлуулсан тусгай удирдамжийн хүрээнд гүйцэтгэнэ”, 6.3.4-д “... урьдчилсан байдлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, шалгалт хийх арга барилаа тодорхойлон татварын хяналт шалгалтын төлөвлөгөө Маягт ХШ-02-ыг боловсруулан түүний гүйцэтгэлийг мэдээллийн санд бүртгэнэ”, 6.3.5-д “Татварын хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө”-нд ... асуудлуудыг нарийвчлан гаргаж, удирдамж томилолтод заасан хугацаанд багтаан татварын хяналт шалгалт хийх дарааллыг тогтооно...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0295195 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, хариуцагч нарын татварын хяналт шалгалт хийх 35190900486 дугаартай томилолтоор “М” ГҮТББ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгахад Татварын ерөнхий газрын дарга, татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн дэд даргаар батлуулсан тусгай удирдамж заавал шаардлагатай эсэх, хяналт шалгалтын төлөвлөгөөг улсын байцаагч татварын албаны хяналт шалгалтын “Фишер” программд оруулан шууд удирдлагадаа хянуулж ажилладаг эсэх талаар холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулалгүй, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй, маргааны үйл баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН