| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0085/Э |
| Дугаар | 094 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 094
БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн ПрокурО газрын ерөнхий прокурО орлогч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн ПрокурО газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-т холбогдох эрүүгийн 2013000370059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БӨ аймгийн Ц суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, БӨ аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суудаг, ам бүл-7, аав, ээж, эхнэр, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.п овогт О-ы Д-, регистрийн дугаар БЛ..................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодож яваад зам хөндлөн гарч явсан бага насны хүүхэд Ч.А-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013000370059 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Насанд хүрээгүй хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 19/,
“...би зам дээр зогсож байсан машинаас буугаад аавын араас очих гэж байсан. Тухайн үед би машины хойд талаас зам гарах гэж байхад нэг мотоцикл ирж байсан ба тэр мотоцикл аярхан ирж өнгөрсөн. Тэгээд мотоцикл байхгүй байхаар нь би зам гараад явж байхад нэг мотоцикл гэнэт гарч ирээд мөргөчихсөн. Тэгээд би газар уначихсан. Тухайн үед би газар унахад ээж машин дотроос бууж ирээд намайг босгож авах үед нөгөө мотоциклтэй хүн мотоциклээ унаад яваад өгсөн. Миний хойд талаас нуруу хэсгээс ирж мөргөсөн. Миний хоёр өвдөг, баруун талын дух хэсэг хүчтэй өвдөж байсан. Би газар унах үед цементэн дээр толгойгоо цохиж авсан” гэх мэдүүлэг,
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
“...охиноо Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах гэсэн боловч короновирус өвчнөөс шалтгаалан хойшлогдсон байгаа болно. Нийт 495000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд: эмчилгээний зардал мөн Ц сумаас аймгийн төв рүү хэд хэдэн удаа өөрийн машинаар ирж, охиноо эмчлүүлсэн шатахууны мөнгө бас орсон байгаа. Иймд учирсан хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна. Дахиж эмчлүүлэхэд гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг,
4. Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 24 дүгээр хуудас/,
“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад нөхөр, хоёр хүүхдийн хамт доод гудамжинд байдаг нэг айлд очоод машинтайгаа ирж байсан. Ирж байх замд нөхөр маань Б гэдэг хүний “Ц хөгжил” хадгаламж зээлийн хоршоонд мөнгө тушаах гэж машинаа замын зорчих хэсэгт үлдээж замын эсрэг талд байдаг хоршоо руу орсон. Тухайн үед машин дотор миний бие хоёр хүүхдийн хамт сууж байсан. Тэр үед манай охин аавынхаа араас очно гэж машинаас бууж машины хойд тал руу эргэж явсан. Тухайн үед урьдаас нэг мотоцикл аярхан ирж байсан ба машины хажуугаар өнгөрч явсан. Дараа нь нэг мотоцикл нэлээн хурдтай гарч ирсэн ба хаанаас гарч ирснийг би анзаарч хараагүй. Тухайн үед би машин дотор бага хүүгээ тэврээд сууж байсан. Манай охин зам гараад явж байхад араас нь хурдтай ирсэн мотоцикл миний охины нуруу хэсгээс мөргөсөн. Манай охин газар унахаар нь би машинаас буугаад гүйж очоод охиноо босгож аваад нөгөө мотоциклийн жолоочид чи одоо яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу надад казахаар битгий хуц, таны охины буруу гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг,
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10 дугаар хуудас/,
6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
7. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
8. Үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 33-39 дүгээр хуудас/,
9. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
10. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/
11. Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 48-50-дугаар хуудас/
“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклээр хөдөөнөөс сумын төвд ирсэн. Тэгээд өдрийн 15 цагийн үед сумын төвд соёлын төвийн эргэлтээс доошоо эргэж явж байхад урьд талд байрлах засмал замд бор өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрч явж байхад засмал зам дээр хүүхдийг мөргөсөн. Тэгсэн уг хүүхдийн ээж нь гэх эмэгтэй хүрч ирээд хүүхдээ босгож авсан. Тэгээд би яваад өгсөн. Уг хүүхэд нь машинаас буугаад засмал зам гарах хооронд мөргөх шиг болсон. Тухайн үед цастай, зам халтиргаатай байсан бөгөөд би тухайн үед мотоциклээ зогсоох гэсэн боловч зогсолгүй, халтирч яваад хүүхдийг мөргөсөн. Би тухайн үед айж сандраад хэргийн газрыг орхиж яваад өгсөн. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,
12. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
-БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/225 дугаартай “О.Д /БЛ................./-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 56/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ................., овог:Санырау пушихсары, эцэг /эх/-ийн нэр:О, нэр:Д, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1994/06/27, төрсөн газар:Баян-Өлгий, Ц , хаяг:Баян-Өлгий, Ц , 7-р баг, Долоон гаталга, бүртгэлийн дугаар:833746361421 хүчинтэй хугацаа:2032/05/05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/,
- БӨ аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “О овогтой Д-ийн /БЛ................./ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан тоот /хх-ийн 59/,
- БӨ аймгийн Ц сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай “Тус багийн иргэн О овогтой Д БЛ................. регистрийн дугаартай, ам бүл, эхнэрийн хамт амьдардаг. О.Д нь төлөв даруу зантай, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Өөрийн нэр дээр ямар ч мал хөрөнгөгүй, Ц сумын 7 дугаар багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 60/,
- Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 61/,
- БӨ аймгийн Ц сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 47 дугаартай “Тус багийн 7 дугаар багийн байнгын оршин суугч О овогтой Д /БЛ................./ нь ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт амьдардаг. Өөрийн гэсэн мал хөрөнгөгүй, ажилгүй бөгөөд урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/32 дугаартай “Тус сумын 5-р багийн иргэн Ш овогтой Ж /БЖ............/ 23 настай, эмэгтэй, 6 сартай жирэмсэн эх болох нь үнэн болно” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/33 дугаартай “Тус сумын 7 дугаар багийн иргэн Р-ы М /БЛ........../ 54 настай, эмэгтэй. Артерийн даралт ихсэлттэй, зүрхний дутагдал, бамбай булчирхайн хордлогын хүнд хэлбэр оноштой, байнгын эмчийн хяналтад байдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч О.Д-ийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 33/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 34-39/ зэргийг үндэслэн Ч.А-ийн баруун нүдний аяганы дээд ирмэгээр духны ясны хугарал, зүүн талын өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т зааснаар “амь насанд аюултай, амь тэмцсэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлөх” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд гэмтэл учирсан гэж үзлээ.
Мөн өөрөө осол болсон газрыг орхиж зугтааснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч З.Аманжолын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Авто тээврийн гэмт хэрэгт үйлдсэн О.Д- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ч.А-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Д 462135 /дөрвөн зуун жаран хоёр мянган нэг зуун гучин тав/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирлын хүснэгт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч-ын нотариатаар батлуулж өгсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Харин насанд хүрээгүй хохирогч Ч.А нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч О.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Ч.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-ын а-д заасан “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл яв хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” мөн дүрмийн 5.12-ын д-д “Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх”, насанд хүрээгүй хохирогч Ч.А-ийн ээж болох Б.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа /энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд /өөрөөсөө салгахгүй/ хөтлөх тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэсэн заалтыг биелүүлээгүй хохирогчийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, хойшид хор уршгийг барагдуулах үүрэгтэй зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн томограф бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.п овогт О-ы Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч О.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан О.Д-т хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч О.Д-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн томограф бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд насанд хүрээгүй хохирогч Ч.А-т 462135 төгрөг төлснийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д заасаар насанд хүрээгүй хохирогч Ч.А нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК