Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/129

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бхолбогдох эрүүгийн 2038000550071 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах Төрийн банкны салбарын байранд иргэн М.Бгараараа цохих, хөлөөр өшиглөх, хоолойг нь боох зэргээр зодож түүний биед баруун гарын богтос ясны хугарал, баруун 2-р хавирганы бүдэрхий хэсэгт хугарал гэмтлүүдийг учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах Төрийн банкны салбарын байранд иргэн М.Бзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000550071 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн үед эхнэр Идэртуяатай уулзах гэж Төрийн банк орсон. Төрийн банкны эрхлэгч М.Б уулзуулахгүй гэж хөөсөн үүнээс болж түүнтэй ам муурийсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоирогч М.Баас уучлалт гуйж байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 9-10-р хуудас/,

Төрийн банкнаас гаргуулан авсан камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.Б нилээн согтуу орж ирээд Идэртуяагийн сууж байсан хэсэгрүү очсон. Тэгээд зодож нүдэх гээд айлгаад байхаар нь би албан байгууллагад орж ирээд агсан согтуу тавьж болохгүй, гэр бүлийнхээ асуудлыг гэртээ очиж шийд, энд битгий агсан тавиад бай гээд шаардлага тавьсан, гарч өгөхгүй болохоор нь айлгах гэж шалны мод барьж гарахгүй бол би чамайг цохино шүү гэж сүрдүүлсэн чинь Ч.Б Идэртуяаг ална шүү гээд байсан. Гар гэж хөөсөн чинь намайг унагаагаад шалтай шахаж хоолойг минь боосон. Хоолой боогдохдоо хөлөөрөө тийрч өөрөөсөө холдуулсан. Тэгээд босоод теллерийн суудаг ширээрүү явсан чинь араас толгойруу цохисон. Мөн ханатай хавсарч хоолой боосон, дахин намайг шалан дээр түлхэн унагааж 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Идэртуяа гараад явчихсан байна лээ. Би гарч явсныг мэдээгүй зодуулж байхад миний баруун гар өвдөөд байсан. Тэгсэн манай ахлах теллер Соёлоо эмнэлэг явж үзүүлье гээд бид хоёр эмнэлэг явж үзүүлэхэд баруун гарын савх хугарчихсан байна гэсэн...Цаашдаа Ч.Б өөрийнхөө уур араншинг барьж сайн засаж авах л хэрэгтэй гэж хэлмээр байна...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Имөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ална шүү гээд хэл амаар доромжлоод, миний сууж байсан ширээрүү ирсэн чинь захирал “чи албан өрөөнд орж ирчихээд гэрийнхээ асуудлыг гэртээ очиж ярь” гээд гаргах гэсэн чинь гарч өгөхгүй болохоор нь захирал шалны модоор цохисон. Тэр хооронд би гараад гүйсэн. Захирал, Ч.Б, П.С нар үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас/,

Гэрч П.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захирал М.Б, Идэртуяа 2 надаас түрүүлж ажил дээрээ очсон. Би араас нь 10 минутын дараа орж ирэхэд Ч.Б ороод ирчихсэн захиралтай хэрүүл хийгээд маргалдаад зогсож байсан... Би үлдсэн, тэр хоёр маргалдаад захирал албан өрөөнөөс гар гэж шаардлага тавьсан боловч гарч өгөхгүй байсан болохоор захирал шалны модоор мөрлүү нь цохисон. Ч.Б зөрүүлээд түлхсэн, захирал шалан дээр унахаар нь шалны модыг нь би авсан. Захирал босч ирэхэд захирлыг хоолойг нь боож заамдаад шалан дээр унагаагаад 2 удаа өшиглөсөн. Захирал дахиж босч ирэхээр нь Ч.Б баруун гар болон зүүн гараараа нэг, нэг цохисон. Тэгээд энэ асуудал гайгүй болоод Ч.Б сандал дээр суугаад, энэ үед үйлчлэгч Баттуяа ирээд захирал бид хоёр эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиж захирлыг үзүүлэхэд гар нь бугалганыхаа тэр хавиар хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ахлах теллер П.С надруу утсаар залгаад захирлыг Ч.Б зодоод байна, хүрээд ир гэсэн. Би ажил дээр ирэхэд Ч.Б захиралтай маргалдсан байдалтай сандал дээр сууж байхаар нь би гар гэж хэлсэн боловч гараагүй. Захирал Соёлоо хоёр эмнэлэгрүү явсан. Тэр хооронд би банкин дотор зогсож байсан. Ч.Б сандал дээрээ сууж байсан, захирал Соёлоо хоёрыг ирэхэд хэсэг сууж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...М.Бын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байсан. Мохоо зүйлд хутга, мэснээс бусад цохиж болохоор бүх зүйл орно. Тухайн гэмтлийг авсан үедээ ямар нэг хөдөлгөөн хийх боломжтой. М.Бын гэмтлийн хувьд үерүүгээ орсон хугарал байсан ба чөмөг яс дунд хэсгээрээ хөндлөн хугараагүй байсан тул тухайн үедээ хөдөлгөөн хийх боломжтой, хөдөлгөөн хязгаарлагдахгүй... М.Бын биед учирсан баруун богтос ясны хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 2 дугаар хавирганы бүдэрхий хэсгийн хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай:

  1. М.Бын биед гэмтэл учирсан байна.
  2. М.Бын биед баруун гарын богтос яс болон баруун 2-р хавирганы бүдэрхий хэсэгт хоолой хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
  4. М.Бын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

     Хохирогч М.Бын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 88-89-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний  гэрчилгээний  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69, 94-95, 107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000550071 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах Төрийн банкны салбарын байранд иргэн М.Бзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч О.И/хх-ийн 21-24-р хуудас/, гэрч П.С/хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Н.Б/хх-ийн 36-37-р хуудас/, шинжээч эмч М.Батмөнхийн /хх-ийн 54-55-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

     Хохирогч М.Бын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 88-89-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Б нь хохирогч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид 260.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Быг ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000550071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш диск нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000550071 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038000550071 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн 2038000550071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш диск нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР