Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 093

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч  А.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч С.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.м овогт С.С-д холбогдох 2013001030092 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.С-ын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Х.м овогт С-ын С, 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар МУ................

 

Шүүгдэгч С.С-ын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.С нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед өөрийнхөө гэрт иргэн Ж.Б-тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас гартаа барьж байсан аягыг шидэхэд баруун талын нүдний доод хэсэгт хүрч нүдний доод тал зүсэгдэж цус гарч тонгойход эрүүний доод талын хэсэг рүү өшиглөсний улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С-ын мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өглөө 11 цагийн үед Ж.Б манай гэрт 1 шил архитай ирсэн.  Дараагаар нь дахин 1 шил архи уусан. Тэгээд Ж.Б надад чиний хүүхэд чинь айлын гэрт гөлөг шиг явж байна гэж хэлсэн. Тэгээд уурандаа өөрөө өөрийгөө барьж чадахгүй, гартаа барьсан аягыг шидэж, өшиглөсөн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Эрүүгийн 2013001030092 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

“...тэгээд архи ууж согтсоноос болоод бид хоёр хоорондоо маргалдаад С.С руу гартаа барьж байсан аягыг шидэхэд уг аяга миний баруун талын нүдний доод зовхинд хүрч нүдний доод тал зүсэгдэж цус гарангуут нь би тонгойсон. Тэр үеэр С.С миний эрүүний доод талын хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгтэл миний эрүүний доод талаас цус гарахаар нь би цусаа гоожуулсан чигээрээ гэртээ очоод дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

3. Гэрч Х.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 27 дугаар хуудас/,

 “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байтал нөхөр залгаад С.С-тай цуг архи уугаад сууж байтал С.С хэрүүл хийгээд над руу аяга шидээд одоо намайг түргэн тусламж ирсэн байна, эмч эмнэлэг руу явах гэж байна, чи эмнэлэгт хүрээд ирээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

5. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

6. Шүүгдэгч С.С-ын гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- ийн 10-12-р хуудас/,

7. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 30-31-р хуудас/

“...Иргэн Ж.Б-ы биед тархины доргилт зүүн ба баруун доод зовхинд цус хуралттай, зүүн ба баруун нүдний салстад цус харвасан хамрын нурууны хавдартай, зүүн ба баруун хацрыг хамаарсан хавдартай, цус хуралттай, доод эрүүний доод дунд хэсэгт зүсэгдсэн шархтай, иргэн Ж.Б-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт,

8. Шүүгдэгч С.С-ын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

-БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/400 дугаартай “С.С /МУ.............../-ын нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 44/,

- Шүүгдэгч С.С-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/,

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:МУ............, овог:Х.м, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1987/05/05, төрсөн газар:БӨ , Ө , хаяг:БӨ , Ө 3-р баг, Б , 16 гудамж, 24 тоот, бүртгэлийн дугаар:830149841437, хүчинтэй хугацаа:2032/05/05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

- Шүүгдэгч С.С-д холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 47-51/,

- БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/14 дугаартай “Монгол улсын иргэн БӨ аймгийн Ө сумын Бөхөн-уул 3 дугаар багийн оршин суугч Х.м овогт нь С-ын С 1987 онд төрсөн, МУ............... тоот регистрийн дугаартай. Ам бүл 2. С.С нь 10 настай охинтойгоо хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, орлогогүй, багийн эмзэг бүлгийн өрхийн бүртгэлд байгаа болно. С.С төлөв даруу зантай иргэн бөгөөд урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч С.С-ын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч С.С нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний 15 цагийн үед өөрийнхөө гэрт иргэн Ж.Б-тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас гартаа барьж байсан аягыг шидэхэд баруун талын нүдний доод хэсэгт хүрч нүдний доод тал зүсэгдэж цус гарч тонгойход эрүүний доод талын хэсэг рүү өшиглөсний улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Х.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 27 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, шүүгдэгч С.С-ын гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 10-12-р хуудас/, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Б-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.С-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.    

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.Б- санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.С-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоолоо.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгч С.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.м овогт С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.С-д оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд  хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК