| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0088/Э |
| Дугаар | 097 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 097
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч, ерөнхий прокурор Т.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох 2013000850072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн. 38 настай эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл-2, дүүгийн хамт амьдардаг. БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ял, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт А-н А, регистрийн дугаар: БГ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн И.Х-ийн өвлийн байшинд 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гар аргаар хатгамал дарж оёсон 2 ширхэг ширдэг хулгайлсан, мөн 02 дугаар сарын 08-ны өдөр 42 инчийн хавтгай зурагт зэргийг 2 удаа цонхны салхивчаар нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэв.
Эрүүгийн 2013000850072 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11-р хуудас/,
3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-19-р хуудас/,
4. “Мөнх эстимэйт” ХХК-ны үнэлгээчин, шинжээч Х.К-ын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/0013 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,
5. Хохирогч И.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 44-45-р хуудас/,
“...Х.Е- нь манай бэр бөгөөд түүнд танай цагдаагийн байгууллагаас 2 ширхэг ширдэг болон 43 инчийн “Монел” маркийн хавтгай зурагтыг хүлээлгэж өгсөн байна. Манай бэр урд нь мэдүүлэг өгөхдөө манайд байсан зурагтын маркийг нь ялгахгүйгээр “Бека” болон “Монел” гэж, 32 инчийн зурагт гэж андуураад хэлсэн байна. Манай гэрт 43 инчийн “Монел” маркийн хавтгай зурагт байсан юм. Ямар ч байсан танай байгууллагаас хүлээлгэж өгсөн зурагт нь манай байшингаас алдагдсан хавтгай зурагт мөн байна. Одоо хэвийн ажиллаж байгаа. Би саяхан хэд хоногийн өмнө хотоос ирээд байшинд хулгай орсон талаар сонсож, байшин дотор эд зүйлүүдийг харж үзсэн. Манай бэр урд нь мэдүүлэг өгөхдөө байшингаас алдагдсан эд зүйлүүдийн талаар хэлсэн байх, байшингаас алдагдсан 2 ширхэг ширдэгийн нэг нь цагаан дэвсгэртэй хар алаг өнгийн, нөгөөдөх нь хар дэвсгэртэй мөн алаг өнгийн ширдэг байсан юм. Манай бэрд хүлээлгэн өгсөн 2 ширхэг ширдэг нь манай гэрээс алдагдсан ширдэг мөн байна. Манайхаас өөр эд зүйл алдагдаагүй байна. Ямар нэгэн хохиролгүй, санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг,
6. Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 46-48-р хуудас/
“...2020 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 09:00 цагт ажилдаа явсан. Намайг ажилд явах үед манай ах болон А.А гэртээ үлдсэн юм. Гэтэл өнөө өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гэрт ирээд И.Х-ийн байшинг нэг эргэж тойроод бүрэн бүтэн эсэхийг нь шалгасан юм. Гэтэл ертөнцийн зүгээр баруун хойд талын цонхыг нь хагалсан байсан юм. Би гэрээс орж тэдний байшингийн түлхүүрийг авч гараад байшинг онгойлгон орж шалгахад гал тогооны хананд өлгөөстэй байсан “Самсунг” маркийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт байхгүй байсан. Улмаар цонхоор хулгай орсон байна гэж сэжиглэн цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг,
7. Иргэний нэхэмжлэгч Х.Г-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 60-61-р хуудас/
“...би нөхөртөө болон А.А-д наад ширдэг чинь хулгайн зүйл биш үү гэхэд А.А /А.А/ үгүй, хулгайн зүйл биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн зүйл биш бол авбал ав гэсэн ба нөхөр маань 2 ширдэгийг нийт 75000 төгрөгөөр худалдан авсан. ...А.А-ы дүү нь хохирол гэж 75000 төгрөг бэлэн өгсөн” гэх мэдүүлэг,
8. Гэрч бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 62-64-р хуудас/
“...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн орчим А.А манай гэрт гартаа “Монел” маркийн 42-ийн ЛСД зурагт бариад ороод ирсэн. Тэгээд би 30000 төгрөгөө өгч, А.А зурагтаа надад өгөөд гараад явсан” гэх мэдүүлэг,
9. Гэрч бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 60-65-67-р хуудас/,
“...А.А за тэгвэл 30000 төгрөгөө өгчих тэгээд та энэ зурагтыг ав гэсэн, харин тэгж байгаад мөнгөний боломжтой болоод мөнгө нэмж өгөөрэй гээд 30000 төгрөгийг аваад зурагтыг үлдээгээд гараад явсан. ....А.А нь намайг авто тээврийн төвд дагуулж очоод тэнд ажилладаг нэг хүнээс 30000 төгрөг авч өгсөн. Би тэр мөнгийг миний эгч болох Э.Э-ийн данс руу банканд очиж байгаад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
10. Шүүгдэгч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 42-43-р хуудас/
“...Архи уух мөнгөний хэрэг гараад И.Х-ийн байшин эзгүй гэдгийг мэдээд түүний байшингаас эд зүйл хулгайлах санаа төрсөн. Яг он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан 2 удаад нь шөнийн цагаар дээрх байшингаас эд зүйл хулгайлсан. Эхний удаад нь шөнийн 12 цаг өнгөрч байсан, тухайн үед манай дүү Т нь ажлын газартаа ээлжийн галчаар ажиллаж байсан өдөр байсан, би иргэн И.Х-ийн байшингийн хойд талын унтлагын өрөөний цонхыг хагалж орсон, уг өрөө нь унтлагын өрөө байсан, цонхны зүүн талд ор байсан, баруун талд нь компьютерийн ширээ байх шиг байсан, тус өрөөний баруун талын буланд эвхэж тавьсан 2 ширхэг хар алаг өнгийн гар аргаар оёсон ширдэгийг хулгайлаад авч гарсан. Тэгээд уг хоёр ширдэгийг авч гараад Нэгдсэн эмнэлгийн урдаас такси хөлсөлж аваад, малын захын тэнд байдаг иргэн Ж-ийн гэрт очсон. Тэднийд очоод таксийг хүлээлгэчихээд, уг хоёр ширдэгийг Ж-т нэгийг нь 35000 төгрөгөөр, нөгөөг нь 40000 төгрөгөөр тус тус худалдаж, Ж-ээс бэлэн 75000 төгрөг авсан. Тэгээд нөгөө таксигаар яваад, таксиний хөлсөнд 5000 төгрөг өгөөд гэртээ очоод амарсан. Уг 75000 төгрөгөөр захаас хоол унд авч идээд, архи ууж дуусгасан. Тэгээд 7 хоногийн дараа мөнгөний хэрэг гараад дахин шөнийн цагаар И.Х-ийн гэрээс эд зүйл хулгайлсан. Хоёр дахь удаад мөн урд нь орсон цонхны салхивчийг түлхэж ороод гал тогооны өрөөнд нь хананд тогтоосон байсан 43 инчийн байх, нилээн том байсан, хар өнгийн хавтай зурагтыг авч гараад, Эмнэлгийн урдаас таксий аваад урд нь танидаг байсан Э.Б-ын гэрт очоод зурагтыг 30000 төгрөгөөр худалдаж, Э.Б-аас бэлэн 30000 төгрөг аваад уг мөнгөөр маргааш нь хоол унд авч идээд архи ууж дуусгасан. Ингээд И.Х-ийн гэрээс хоёр удаагийн үйлдлээр 2 ширхэг ширдэг болон том инчийн хавтгай зурагт хулгайлсан” гэх мэдүүлэг,
11. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- БӨ аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-101/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт./хх-ийн 103/
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/276 дугаартай “А.А /БГ.............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 109/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БГ..............., овог: Ж, эцэг/эх/-ийн нэр:А, нэр:А, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Б , төрсөн огноо:1981-11-07, хаяг:БӨ , Б , 4-р баг, Бугын гол, хүчинтэй хугацаа:2026-11-07, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110/,
- БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай “Тус сумын 4 дүгээр багийн иргэн А овогтой А нь ам бүл 2, БГ............... регистрийн дугаар: Дүүгийн хамт амьдардаг, тус багийн нэн ядуу өрхийн бүртгэлтэй, ямар нэгэн эд хөрөнгө байхгүй, малгүй өрхийн тоонд ордог. Төлөв томоотой, нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эрхэлсэн ажилгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 106-108/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч А.А-ы гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч И.Х-т хохирол учирсан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.А-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж тус бүр нь 25000 төгрөгийн үнэтэй гар аргаар хатгамал дарж оёсон 2 ширхэг ширдэг, 500000 төгрөгийн үнэтэй 42 инчийн хавтгай зурагт зэргийг хулгайлснаас хохирогч И.Х-т 1000000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 дугаар хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.
Хохирогч И.Х-т мөрдөн байцаалтын шатанд гар аргаар хатгамал дарж оёсон 2 ширхэг ширдэг, 42 инчийн хавтгай зурагт зэргийг биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Г-д учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 50/ мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Э, Э.Б нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 65-67/ мэдүүлэг зэргийг үндэслэл болгож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.А-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч А.А нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэргийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.А нь уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж санаатайгаар хийсэн байх тул тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлаж шүүгдэгч А.А-д биечлэн эдлэх хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.А нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 13 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч А.А-ы цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн А-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирүүлээгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК