Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 372

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,     

            иргэдийн төлөөлөгч Ш.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Ц.Гансүлд,   

            шүүгдэгч П.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.П холбогдох 1908003680000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол улсын иргэн, ..... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,.. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн ... тоот хаяг бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй, тэнэмэл амьдралтай, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт П.П регистрийн дугаар ЧГ000000

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :     

Шүүгдэгч П.П нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянхошууны тойрог” гэх газарт иргэн Ч.М маргалдаж улмаар газар байсан архины шийлийг авч газарт цохин хагалж, хагархай хэсгээр нь Ч.М-ын хүзүүн тус газарт нь зоон, онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:         

Шүүгдэгч П.П нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянхошууны тойрог” гэх газарт иргэн Ч.М маргалдаж улмаар газар байсан архины шилийг авч газарт цохин хагалж, хагархай хэсгээр нь Ч.М-ын хүзүүн тус газар зүссэний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл:...СХД-ийн 8 дугаар хороо Баянхошууны тойрог дээр Ч.М нь хүзүүндээ зүсүүлчихлээ.../1х, х-2/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:...СХД-ийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянхошууны тойрог”, хэрэг учралын газарт...лонхны шилний хагархай, уг шилний хагархай дээр 2х2.5 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг бэхжүүлж, хураан авав.../1х, х-4/,

- хохирогч Ч.М-ын:...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз Т Баянхошууны тойрог дээр ирсэн. Даашкатай тааралдсан чинь намайг мөнгөө дуусгачихсан уу пизда минь гэсэн. Тэгснээ намайг заамдаж авснаа тавиад цааш зам хөндлөн гараад явсан...Гэтэл Баянхошууны тойргийн дэлгүүрийн тэнд зогсож байхад замын цаанаас П гарч ирээд намайг заамдан цохисон...шуудуу руу орж архины шилээр хүзүүн тус газар зүссэн...цааш юу болсныг мэдэхгүй...П архи уухаараа их агсам зантай...гэх мэдүүлэг /1х, х-33/...Д зам гараад гүйгээд явсан, би хойшоогоо булан тойроод явж байхад араас ирээд шилээр зүссэн, би ухаан алдсан тухай мэдүүлэг /1х, х-213-214/...П миний хүзүүг архины шилний хагархайгаар зүссэн, хаанаас архины шил аваад хагалсныг мэдэхгүй.../1х, х-231/, 

- хохирогчийн өвчний түүх, мэс ажилбарын баримт /1х, х-243-250/,  

- шинжээчийн дүгнэлт :...Ч.М-ын биед хүзүүний зүсэгдсэн шарх, гүрээний гадна хураагуур судасны бүрэн тасрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий нэг удаагийн зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.8-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../1хх -43/, 

- гэрч Л.Н-ийн:...2019.01.17-ны өдөр би хүзүүгээ зүсүүлсэн хүнийг үзэхэд хүзүүний гүрээний судас нь тасарчихсан байсан...Яаралтай хагалгаанд оруулсан...Бүх зардал эмнэлэгээс гарсан...Мөнхбат нь 6 хоног хэвтээд гарсан...гэх мэдүүлэг /1х, х-234/,  

- гэрч А.Н-гийн:..Тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад Б, А, Д бид 4 Баянхошууны тойрог дээр ирсэн, М гэх залуутай таарсан...Д гэх залуу М, Т зодолдоод байсан...М-ийн хүзүүнээс цус гарчихсан, ухаан алдсан байсан.../1х, х-37/...Д нь М-гийд томроод...чи хэнд нь архи авч өгөөд хэнд нь өгдөггүй юм бэ гээд байх шиг байсан, тэд маргаж эхэлсэн...Д нь  М-гийн хүзүүг зүсчихсэн...юугаар зүссэнийг хараагүй...гэх мэдүүлэг /1х, х-41/,  

- гэрч Ц.Ш-ийн...Тухайн өдөр 11:40 гэж гэрээсээ гараад 2 хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд Баянхошууны хуучин эцэс орсон. Манай нөхрийн найзууд надтай тааралдсан. Тэгээд замын цаанаас Д, А, Н  нар тойргийн замын цаанаас гарч ирсэн. Тэгсэн  Д М “чи хэнд нь юм авч өгчихөөд хэнд нь өгдөггүй юм” гэж хэлсэн...Төөгий “чи муу яахаараа миний найзад томордог юм” гээд маргалдаад байсан. Тэгээд бид нар салаад холдоод явсан чинь Д-гийн эхнэр А гэнэт орилоод Д чи хүн алчихлаа шүү дээ гээд засмал замын тэндээс гарч ирсэн. Т шууд 103 дуудсан чинь Д тэр хооронд зугтаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /1х, х-38/,

- гэрч Б.Т-ын:...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр М бид 2 Баянхошууны тойрог дээр барилгын материалын дэлгүүрийн тэнд явж байтал өөдөөс П, Бнар ирж байсан...П шууд М-руу мөнгө чинь дуусчихсан уу гээд орилоод байсан...Би яах гэж биенээ дээрэлхэж байдаг юм гээд түүнд уурласан...Д М 2 маргалдаж байгаад Д гүйгээд зам хөндлөн гараад явсан...Тэгээд эргээд харсан чинь Д замын цаанаас гүйж ирээд М дахин барилцаад авсан...би очоод тэр 2-ыг салгах гэхэд М-гийн хүзүүнээс цус гарчихсан, хүзүүг нь зүсчихсэн байсан, П-ын гарт архины шилний хагархай байсан...гэх мэдүүлэг /1х, х- 39/,

- шүүгдэгч П.П-ийн:...Би 2019.01.17-ны өдөр...Баянхошууны тойрог дээр явж байхад...Т М хоёр урдаас ирээд учир зүггүй өөдөөс дайраад заамдалцаж авсан, намайг замын хажуу талын үерийн усны шуудуу руу түлхэхээр нь би үерийн усны хоолойн тэнд нэг архины шил байхаар нь газар хагалаад гараараа саваад М-рүү дайрсан тэгсэн чинь М-гийн хүзүүн тус газарт архины шилээр зүссэн...архи хэрэглэсэн байсан. М намайг цохиж авсан асуудал байхгүй.../1х, х-116-118, 74-75/...архины шилийг би хагалсан...хагалахгүй байж болох байсан тухай мэдүүлэг /1х, х-212-213/...би архины шилийг авч, газар хагалаад зүүн гараараа савж хүзүүг нь зүссэн чинь Мөнхбатын хүзүүнээс цус гарсан гэх мэдүүлэг /1х, х-238/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, үйлдэл, түүний  арга ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж улмаар архины шилийг олж, газарт хагалан ир үзүүртэй болгон тухайн ир үзүүртэй хэсгээр хохирогчийн хүзүүн тус хэсэгт савсан буюу зүссэн болохоо тогтвортой мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь тухайн архины шилний ир үзүүр бүхий хагархайгаар зүссэнтэй шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг үйлдэхдээ “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”  хэрэглэсэн гэж үзнэ.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг тайлбарласан, уг албан ёсны тайлбар нь тухайн хэм хэмжээний салшгүй хэсэг бөгөөд тухайн хэм хэмжээний агуулгын хүрээнд үйлчлэх хүчин чадалтай тул тухайн тайлбарыг өөр утга агуулгаар тайлбарлан хэрэглэх бодит боломжгүй.     

Иймд шүүгдэгч П.П-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас нийт 135.000 төгрөгийг нотлох баримтын хүрээнд нэхэмжилсэн /1х, х-231/, бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу ял шийтгүүлсэн байх боловч эдлэх ял дууссан, ялтай байдлын асуудал нь 2015 оны Эрүүгийн хуулиар хасагдсан тул мөн хуулийн ерөнхийн ангийн 6.1  дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүй болно.

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуйн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагджээ.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж, архны шилний хагархайг устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.П нь 2019.01.19-ний өдрөөс 2019.01.21-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчилсан /1х, х-71, 76/, 2019.02.22-ны өдрөөс /1х, х-140, 158, 223-224, 2х, х-23/ хойш 2019.07.05-ны өдрийн байдлаар 133, нийт цагдан хоригдсон 135 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Шүүгдэгч П.П-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.4-т  зааснаар П.П-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.П-ийн эдлэх 7 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч П.П-ийн цагдан хоригдсон 135 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-аас 135.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.М-д олгосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5  дугаар зүйлийн 4-т зааснаар тус эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархайг устгасугай.   

7. Тус хэрэгт хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г тус хэрэгт хадгалж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

8. Шүүгдэгч П.П-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.            

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

             

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР

             ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ

               ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР