| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0782/Э |
| Дугаар | 792 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 792
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Х.Онолт,
Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуумарда овогт Н.Л-д холбогдох 1908 0228 700000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн .... оны .. дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сантехникийн инженер мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд аппаратны инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шуумардаа овогт Н.Л РД:ИЕ000000,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Пирамид төвийн гадна иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, доод зовхины зулгаралт, дух, баруун хөмсөг, эрүүний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдий сулрал, баруун эгэмний цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Пирамид төвийн гадна иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Б.Б-гийн “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би эхнэр О.Ч, хүргэн А, найз Т нарын хамт шөнийн 01 цагийн үед Вест бааранд орсон..Бид бүжиглэж байгаад 03 цаг өнгөрч байхад харихаар гарсан....Гадаа гарахад Т-гийн найз гэх Г-гийн хоёр найз нь ирсэн тэд нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Би Тэмүүжинг авч явах гээд та нар маргалдахаа больцгоо гэж хэлэхэд...Тэнд байсан намхан залуу нь гараараа саваад миний зүүн талын нүд рүү цохисон. Би цохиулаад газар унаад ухаан алдсан...”нэг мэдсэн чинь эмч миний уруулыг оёж байсан, урууландаа 3 удаа оёдол тавиулсан. Миний зүүн нүд хавдаж юм харж болохгүй байсан. Дээд уруулны дотор тал хэсэгт язарч 3 оёдол тавиулаад дууд урд талын 2 шүд хөдөлсөн байгаа. Цээжний баруун хэсэгт хөндүүрлэж өвдөөд цустай цэр гарч байгаа...гэх мэдүүлэг /хх-10/,
- шинжээчийн дүгнэлт : Б.Б-гийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, доод зовхины зулгаралт, дух, баруун хөмсөг, эрүүний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1,2-р шүдий сулрал, баруун эгэмний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-26/,
- гэрч Г.Т-гийн...2019 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн цагт...Б тэр намхан залуутай нь зууралдсан байсан...нэг харахад Б газар унасан хажууд нь эхнэр нь очсон байсан...Би өргөөд тэврээд сэгсэрхэд тэр ухаан орохгүй байсан...гэх мэдүүлэг /хх- 12/,
- гэрч О.Ч-ийн “...тухайн шөнийн цагт манай нөхөр нь Т, өндөр залуу хоёрыг салгах гээд очиход жижиг биетэй залуу манай нөхөртэй заамдалцаад, боолцсон, би салгах гэхэд...нөхрийн зүүн нүдэнд нь 1 удаа цохисон. Нөхөр ухаан алдаад унасан...” шүд нь суларсан...гэх мэдүүлэг/хх-15/,
- гэрч М.Г-ын...2019 оны 4 сарын 22-ны өдөр 23 цагийн үед найз Л-ийн ажлын газар очоод бааранд орж, 2-3 шил пиво уусан. Тэгээд баарнаас гараад СХД-ийн 16-р хороо, пирамид төвийн гадаа явж байгаад үл таних хүмүүстэй маргалдсан...Т гэх залуутай би муудалцаад байж байхад...цээж нүцгэн ах /сүүлд Б гэх нэртэйг мэдсэн / Л бид хоёр руу дайрсан, Л тэр залуутай муудалцаад нүүрэн тус газар нь 1 удаа цохиход унах шиг болсон...гэх мэдүүлэг/хх-21/,
- шүүгдэгчийн...2019.04.22-нд найз Г-тай уулзсан...СХД-ийн 16-р хороо, Веst баарны гадна...явж байхад араас Т, энэ хохирогч гэх залуутай хамт ирээд намайг заамдаад цохисон...Хохирогч гэх залуу хувцсаа тайлаад чамайг ална гээд дайраад байхаар нь 1 удаа зүүн нүд тус газар нь цохиход газар унасан...унасан байхад нь 1-2 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 225.000 төгрөг авсан болохоо мэдүүлсэн /х-61-62/ байх ба гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нь гэнэтийн буюу хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Л-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР