| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0052/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/055 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.С холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ч.С
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ч.С нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Зоог” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ч.Ог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Сын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө манай гэрт Бөмбөгөр сумын 2 дугаар багт шинэ жил тэмдэглээд манай гэрт архи ууж байхад манай эхнэр энэ Ч.О намайг оролддог байсан гэхээр нь би Ч.Ог цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 72-73/
Хохирогч Ч.О мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 12 дугаар сарын 28-нд орой Ч.С, Лүмбэнгарав нартай хамт Ч.Сын гэрт очиж шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд маргааш өглөө нь боссон чинь нүд юм харж болохгүй байсан. Намайг Ч.С цохьсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /
Гэрч Б.Отгонболдын мөрдөн байцаалтад өгсөн
... Ч.Ог Ч.С нь зүүн шанаа болон нүүрэнд нь 2 удаа цохьсон, бид нар салгаад аваад явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /
Гэрч Ч.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн
...Ч.Ог манай дүү Ч.С 2 удаа цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
Гэрч Г.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ч.Сын гэрт нөхөр хүүхдийн хамт шинэ жил тэмдэглэх гэж гэж очоод 2 шил архи нэг пиво уусан. Би архи пивоноос их уугаагүй тул согтолт гайгүй байсан тул тухайн үед юу болсныг мэдэж байна. Ч.О, Ч.С нар гэрийн үүдэнд зодоон хийгээд гарсан...Ч.С нь Ч.Он нүүр, толгой хэсэгт нэг удаа цохьсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 49 дугаар шинжээчийн
1. Ч.Он биед тархи доргилт, хамрын зөөлөн эд, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи болон алимны салстын цус хуралт, зовхи, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 67-68/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 05/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 81,/ шүүгдэгч Ч.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, депозит дансны хуулгууд /хх-ийн 77-80/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 06-08/, шүүгдэгчийн оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.С нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Зоог” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ч.Ог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ч.Сын ..би Отгондалайг цохьсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /
хохирогч Ч.О… намайг Ч.С цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
гэрч Б.Отгонболдын... Ч.Ог Ч.С нь зүүн шанаа болон нүүрэнд нь 2 удаа цохьсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /
гэрч Ч.Мөнх-Очирын ... Ч.Ог Ч.С 2 удаа цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
Гэрч Г.Нямсүрэнгийн... Ч.С нь Ч.Он нүүр болон толгой хэсэгт нь нэг удаа цохьсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 49 дугаар.... шинжээчийн Ч.Он биед тархи доргилт, хамрын зөөлөн эд, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи болон алимны салстын цус хуралт, зовхи, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 55-56/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.С нь хохирогч Ч.Од гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор ….тус тус зохицуулжээ.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Ч.О , шүүгдэгч Ч.С нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч .Соронзонболд нь хохирогч Ч.Ог зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... тархи доргилт, хамрын зөөлөн эд, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи болон алимны салстын цус хуралт, зовхи, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 55-56/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна
Хэргийн хохирогч Ч.О нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ч.О нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрлийн гэрээ, /хх-ийн 23-24, 65-66, 06-07/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Сыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Сын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ч.Сод буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Сыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Сод оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 1250000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Сод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ч.Сын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ч.Сод буцаан олгосугай.
7.Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Сод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА