| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00809/и |
| Дугаар | 904 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00809/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, *** дугаар байр, *** тоотод оршин суух, Н*** овогт Я***гийн А*** /регистрийн дугаар, ИЗ***, утас 9937***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тамгын газарт холбогдох,
"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Я.А*** миний бие нь **** Тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний алба /одоогийн нэрээр/-нд 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус газрын даргын ** дугаар тушаалаар дуудлагын жолоочоор томилогдсоноос хойш 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж ирсэн. Ажиллаж байхдаа аливаа зөрчил дутагдал гаргалгүй үр бүтээмжтэй ажиллаж ирсэн болно. 2006 оноос 2016 он хүртэл ажиллаж байх хугацаандаа ажлын ур чадварын нэмэгдэл 25 хувиар сар бүр авч байсан нь үнэн болно. Гэтэл **** 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/*** захирамжаар бүтэц орон тоог шинэчилсэн гэсэн нэрээр Нийтлэг үйлчилгээний албаны орон тоог өөрчилж баталсан. Ингэж өөрчлөлт хийсэн нэрийн доор нэг жолоочийг ажлаас халсан боловч нийт 22 орон тоотой байсан нь одоо ч хэвээр байгаа бөгөөд өөр ажлын байрны нэрийг шинээр оруулж бичсэн ба одоо **** тамгын газарт миний барьж байсан автомашиныг хариуцсан жолоочгүй сул зогсож байгаа юм. Мөн бүтэц орон тоог өөрчлөх талаар албандаа хамт олныг цуглуулж хурал хийгээгүй нь үнэн болно. Надад хуулийн дагуу сарын өмнө мэдэгдэх хуудас өгөөгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 12-нд бүтэц өөрчилсөн гэх захирамж гаргаад 2016 оны 04 дүгээр сарын 13-нд буюу 1 хоногийн дараа намайг **** тамгын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь бүх процесс нь хууль зөрчсөн. Иргэн миний эрх ашгийг ноцтой зөрчиж хохироосон үйлдэл болсон гэж үзэж байна.
Энэ талаар **** тамгын газрын даргатай орж уулзахад дээрээс өгөгдсөн үүрэг даалгарын дагуу энэ өөрчлөлт хийгдсэн. Таныг цомхотголоор гаргасан гэсэн хариу өгсөн. Үүнийг шулуухан хэлэхэд намчирхсан байдлаар буюу УИХ-ын гишүүн Х***гийн дүү гэсэн байдлаар өс санаж намайг ажлаас халсан нь бодит үнэн юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ***тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцсөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө”, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолд ***Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар *** Тамгын газар болон Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
**** Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар нь **** 2002 оны 22 дугаар захирамжаар 7 жолооч ажиллах шаардлагагүй болсон тул 2 жолоочийн орон тоог цөөрүүлэн 5 жолоочийг ажиллуулахаар **** Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан болно.
Үүний дагуу **** Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын жолоочийн орон тоог цөөрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлана, 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж хуулинд заасны дагуу **** Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар Я.А***тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ээлжийн амралтын болон 3 сарын үндсэн цалин 1,037,541 төгрөгийг олгосон.
**** Тамгын газрын дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгын газрын 2008 оны 67 дугаар тогтоол, **** Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаал гарган Засаг даргын Тамгын газар бүтэц орон тоог шинэчилэн баталж хуулинд заасны дагуу Я.А***д зохих тэтгэмжийг олгосон тул Я.А***ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.А*** нь ***тамгын газрын даргын 2016 оны *** тоот ажлаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай тушаал хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
***эрхлэх асуудлын хүрээндэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дугаартай тушаалаар Я.А***ийн Нийтлэг үйлчилгээний газрын жолоочоор авч ажиллуулсан байна /хх-7/
***2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай захирамжаар Нийтлэг үйлчилгээний газрын жолоочийн орон тоог 7 байхаар баталж ажиллуулсан ба ***2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тоог өөрчилөн ***тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба болгож, жолоочийн орон тоог 5 болгож, цөөрүүлэн баталсан байна. /хх-24-33/
***тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай” тушаалаар “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн **** 2016 оны А/*** дүгээр захирамжаар Нийтлэг үйлчилгээний газар нь Нийтлэг үйлчилгээний алба болон өөрчлөгдөн батлагдсаны дагуу орон тоо хасагдсан тул жолооч Я*** овогтой А***ийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож...” шийдвэрлэжээ./хх-8/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т: “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлана”, 40.5-т: “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасан хэлэлцээ хийнэ” гэж тус тус заасан байна.
Мөн зүйлийн “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно.
Я.А***ийг ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан гэж байгаа бөгөөд энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч дээрх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Мөн Нийтлэг үйлчилгээний газрыг, Нийтлэг үйлчилгээний алба болон өөрчилж, орон тоог батлахдаа жолоочийн орон тоог хасаагүй, орон тоог цөөрүүлсэн болох нь ***2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/*** дугаартай захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ***тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Я.А***ийг Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Я.А***ийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 24,941 төгрөг гэж тооцож, нийт 47 хоногийн цалин 1,172,227 төгрөгийг хариуцагч ***тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Я.А***д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.А***ийг ***тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ***тамгын газраас 1,172,227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.А***д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 04 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ***тамгын газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Я.А*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 102,883 /32,683+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА