Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 814

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Ж,   

Улсын яллагч С.М,   

Шүүгдэгч Б.Х түүний өмгөөлөгч Т.У, Г.Х нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Х-д холбогдох 1908 00378 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дугээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Монгол улсын их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн геологи, геофизикийн тэнхимийн геологийн 4 дүгээр курсын оюутан, Завхан аймгийн Улиастай сум 3 дугаар баг, Чигэстэй хаа хэсэг 11 дүгээр гудамж тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 22а байр 3 тоот түрээсийн байранд түр оршин суух, ял шийтгэл үгүй. РД:..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Б.Х-т нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсний арьс, толгойг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.И-ийн эзэмшлийн тоёота приус маркийн 58-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Б.Х-т нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсний арьс, толгойг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.И-хийн эзэмшлийн тоёота приус маркийн 58-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хадгалсан болох нь:   

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /х-04-8/, 

- хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Ц-ын:... Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан нэн ховор амьтны жагсаалтад цоохор ирвэс орсон байдаг. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан, үүнд цоохор ирвэс эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөг, цоохор ирвэсийн үр төлийн үнэлгээг тухаин бодгалиин эр, эмээс шалтгаалж, 70 хувиар тооцохоор байгаа. Уг хэрэгт эд мөриин баримтаар хураагдсан 1 ширхэг цоохор ирвэсийн арьсанд хийсэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/30 дугаартай дүгнэлттэй уншиж танилцахад нас бие гүйцсэн 1 эм бодгаль цоохор ирвэс байсан нь тогтоогдсон байна. Ийм учраас Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлөхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийг амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан байдаг. Хэрвээ цоохор ирвэсний арьс, үс, тэдгээрийн гаралтай түүхий эдийг авч явсан бол агнасантай адилтгаж экологи эдийн засгийн үнэлгээг хуулиараа тооцож төлүүлнэ. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаагийн хувьд гэм буруутай этгээдээр хохирлыг улсад бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх дансны дугаар нь Нийслэлийн Төрийн сангийн 100200000906 тоот /Нийслэлийн байгаль орчны газрын торгууль нөхөн төлбөрийн данс/ дансанд төвлөрүүлж авна...гэх мэдүүлэг / хх-45-46/,

- гэрч Б.Г-ын...ирвэс бол худалдаалахыг хориглосон амьтан, зөвхөн тусгай зөвшөөрлөөр тээвэрлэх боломжтой.../х-54/,

- гэрч О.Б-гийн:...Би 2019.01.17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 552 дугаар постонд үүрэг гүйцэтгэж байхдаа Эмээлт талаас орж ирсэн Тоёота приус маркийн 5873 УБҮ улсын дугаартай автомашиныг зогсоож шалгаад жолоочийн эсрэг талын суудлын урд талд хайрцаганд цоохор ирвэсний арьс, толгой явсныг илрүүлж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдэгдэж шалгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89/, 

- гэрч Б.Х-ын...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай дүү Х-т утсаар яриад ээжийн хашаанд амбаарт хайрцагтай юм байгаа өгөөд явуулаач гэсэн болохоор нь би тэрийг нь аваад хот руу явдаг машины зогсоол дээр очоод, хот руу явж байсан пробокс маркийн автомашины жолоочид өгөөд дүүгийнхээ утсыг өгөөд явуулчихсан. Утасны дугаарыг нь аваагүй, харин дүүгийнхээ 99626798 дугаарыг өгсөн,  дайврын хөлс гэж 5000 төгрөг өгсөн. Мах болон бусад хэсэг нь хаана байгааг би мэдэхгүй. Ирвэсний арьс толгой байсан гэж мэдээгүй, сүүлд цагдаад баригдсан хойно нь л мэдсэн. Би уг нь юу юм бэ гэж асуусан чинь надад тодорхой юм хэлэлгүй, би эртээд наана чинь орхиод явчихсан юм, та зүгээр өгөөд явуулчих надад хэрэгтэй юм байгаа юм л гэхээр нь өгөөд явуулсан...Манай дүү баригдчихаад над руу утсаар яриад таных гээд хэлчихлээ шүү гэхээр нь тухайн үед сандраад нэг байцаагч гээд хүн залгаж асуухаар нь балмагдахдаа шархтаад үхчихсэн байхад нь хээрээс олсон гээд хэлчихсэн юм. Түүнээс биш би агнаагүй. Манай дүү агнасан эсэхийг нь бас мэдэхгүй байна...Талийгаач Х-н ах хаанаас олж авснаа хэлээгүй гэсэн, манайхан дотор ан хийдэг хүн байхгүй. Ангийн буутай хүн манайханд байхгүй” гэх мэдүүлэг /хх-51, 52/,  

 - гэрч Б.И-ийн...Х-ат 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн орчим над руу мөн залгаад зав байвал хамт юм тосохоор явъя надад машин олдохгүй байна гэхээр нь зөвшөөрсөн, бөхийн өргөөний ойролцоо бид хоёр уулзаад Эмээлт рүү явсан. Эмээлтийн Магнай трейд шатахуун түгээх станц дээр очиход Хүдэрээ надад жижиг юм ирсэн байгаа, очоод аваад ирье, та эндээ машиндаа хүлээж бай гээд явсан...Удалгүй Хүдэрээ жижиг цаасан хайрцагтай юм барьчихсан ирээд машины урд суудалд суугаад цаасан хайрцагтай юмаа сандлынхаа урд байрлуулаад бид хоёр тэр газраасаа хөдөлсөн...Эмээлтийн замын цагдаагийн пост дээр цагдаа дохиж зогсоосон. Бид хоёрын бичиг баримтыг шалгасан. Машин дотор байсан эд зүйлүүдийг шалгаад Хүдэрээ авчирсан цаасан хайрцагны скочыг тайлж онгойлгоход дотроос нь ирвэсний арьс болон толгой гарч ирсэн. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг / хх-13-14, 15/,

- гэрч Х.Э-ын...Манай хашааны баруун талд 1 автомашины граж байдаг, граж дотор ирвэсний арьс, толгой байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй, дотор талд нь дэлгүүрийн бараа, машины сэлбэг энэ тэр гээд эд зүйл хадгалдаг юм. Нөхөр маань надад ангийн эд эрхтэн авчирсан, хүнээс авсан энэ тэр гэж огт ярьж байгаагүй...Манай нөхрийг нас барсны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны үеэр Хүдэрбат манайд ирж 10-аад хоноод буцсан. Тухайн үед манай гражаас ирвэсний арьс, толгой олсон тухай юу ч яриагүй...Нөхөр маань огт ан хийж байгаагүй гэх мэдүүлэг /хх-55/,

- Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн арьс болон толгойны яс нь нэг зүйл амьтны буюу Цоохор ирвэс нэг бодгальд хамаарна. Ирвэсний арьсыг морфологи шинжээр эм бодгаль болохыг тодорхойлов. Цоохор ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээ 13,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Ирвэсний арьснаас сүүлний урт, тавхайн хэмжээ, толгойн ясны шүдний элэгдсэн байдал зэргийг харгалзан үзэж 4 орчим настай бие гүйцсэн  бодгаль болохыг тодорхойлов. Ирвэсийг буудсан гэх сумны нүх байхгүй. Амьтны тухай хуулиар нэн ховор ангилалд. САЙТИС-ийн 1 дүгээр хавсралтад бүртгэгдсэн нэн ховор зүйл. Монгол орны улаан номонд бүртгэгдсэн /хх-65/,  

- шүүгдэгч  Б.Х-ын... Миний төрсөн ах болох Б-ын Х-н нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Талийгаач ахыгаа нас барсны дараа 49 хоногоор нь би тэднийд очиж 10-аад хоносон. Тэдний хашаан дотор байрлах автомашины граж дотроос ирвэсний арьс, толгой олсон, тэгээд Завхан явахдаа авч яваад ээжийнхээ амьдарч байсан хашаан дотор байдаг амбаарт хайрцаганд хийгээд орхисон. Би Улаанбаатарт ирснийхээ дараа буюу 2019 оны 01 дүгээр сард Х-р ах руу утсаар яриад захиж авчруулсан. Хү-р ахад ирвэсний арьс, толгой байгаа талаар хэлээгүй, замын унаагаар өгөөд явууллаа шүү гэсэн. Миний утас руу үл таних эрэгтэй хүн яриад ачаа чинь ирсэн, Эмээлт зах дээр байдаг МТ колонктой цайны газарт үлдээчихлээ гэхээр нь найз И-г гуйгаад авсан, буцаж явахад Эмээлтийн постон дээр цагдаа нар шалгаад хураагаад авсан гэх мэдүүлэг /хх-93, 95/,

- эд зүйл хураасан авсан, үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, баримт /х-20, 21, 17-19, 105/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

Шүүгдэгч нь цоохор ирвэсийн арьс, толгойг тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь Амьтны тухай хууль, Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалаар батлагдсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт, хяналт тавих журам”-ын холбогдох зүйл, хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хууль бусаар ан агнах” буюу хууль бусаар нэн ховор амьтан болох цоохор ирвэсний арьс, толгойг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.      

Иймд шүүгдэгч Б.-ыг хууль бусаар нэн ховор амьтан болох цоохор ирвэсний арьс, толгойг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Б.Х-т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 26.000.000 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч байгууллагад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, М-----ийн төгсөх ангийн оюутан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, “Тэгш брокерс” ХХК-д цагийн ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэндийн хувьд эмчийн хяналтад байдаг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байхаас гадна Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ХАА-н хэсэг 9 дүгээр гудамжны 117 тоот хаягт байрлах Г-............ дугаарт бүртгэлтэй гэр бүлийн зориулалттай Б.Х-ын өмчлөлд бүртгэлтэй газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан /х-113/ байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхэгийг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд шилжүүлж шийдвэрлэв.  

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  Б.Х-ыг хууль бусаар нэн ховор амьтан болох цоохор ирвэсний арьс, толгойг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхэгийг тус тус Байгаль орчин, аялал жуучлалын яаманд шилжүүлсүгэй.       

7. Тус хэрэгт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ХАА-н хэсэг 9 дүгээр гудамжны 117 тоот хаягт байрлах Г-0918000081 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн зориулалттай Б.Х-ын өмчлөлд бүртгэлтэй газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг дурдсугай.       

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.       10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Х-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР