Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0267/З |
Дугаар | 221/МА2021/0414 |
Огноо | 2021-07-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0414
2021 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2021/0414 | Улаанбаатар хот |
“Ш” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ш” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр: “Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.5.7, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг баримтлан “Ш” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0059357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.
“Ө.А.Э” ХХК-ийн бүтээл “Г.Е” уран сайхны киноны маркетингийн үйл ажиллагаанд зориулж “Аав зарна” гэж сонинд зар гаргах тухай хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Ш.З” сонинд “Аав зарна” хэмээх зарыг хэвлэн гаргасан байдаг.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “ “Зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” хэлдэг. Тухайн “Аав зарна” гэх худал мэдээллийн цаана тодорхой нэг зах зээлийн эрэлтийг нь нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татаж, борлуулах гэж буй ямар нэг бүтээгдэхүүн байхгүй. Иймд тухайн “Аав зарна” гэх мэдээлэл нь зар биш учир Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зар сурталчилгааг түгээхэд хориглогдох заалтад хамаарахгүй төдийгүй мөн хуулийг зөрчөөгүй.
Гэтэл Зар сурталчилгааны тухай хуулиар тавигдах шаардлагад хамааралгүй худал мэдээллийг шүүхээс “Нийгэмд айдас төрүүлсэн зар” гэж үзэн шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. “Ш” ХХК нь ажил үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор сонинд “Аав зарна” гэх мэдээллийг хэвлүүлсэн этгээд биш бөгөөд энэхүү мэдээлэл нь хүн худалдаалах, нийгэмд айдас төрүүлэх агуулга бүхий зар, зар сурталчилгаа биш худал мэдээлэл байсан тул ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байсан.
Мөн бид “Аав зарна” гэх худал мэдээллийг сонинд байршуулсан ажилтан нь “Ш” ХХК-ийн ашиг сонирхлын өмнөөс байршуулаагүй байтал хуулийн этгээдэд холбогдуулан шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцэхгүй байна хэмээн үзэж гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг торгох үндэслэл байсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.
Шүүхийн шийдвэрийн 5 дахь нүүрт “... тухайн зарыг “нийгэмд айдас төрүүлсэн” гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Учир нь тухайн зар нь агуулгын хувьд аав буюу эцгийгээ зарах агуулгаар, бусад заруудын хамт нийтлэгдсэн, ялгах шинж тэмдэггүй, өөрөөр хэлбэл” Ө.А.Э” ХХК, “Г.Е” уран сайхны кино зэргийг тодотгоогүй зөвхөн Coming soon буюу тун удахгүй гэсэн тайлбартайгаар нийтэлснийг уран бүтээлд зориулсан зар гэж үзэх боломжгүй байна” гэжээ.
“Нийгэмд айдас төрүүлсэн” гэж үзсэн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь “Ш.З” сонинд хэвлэгдсэн “Аав зарна” гэх мэдээлэл нь хэн нэгнийг зарах, хүн худалдаалах нь тодорхойгүй байсан. Шүүх энэхүү мэдээлэл нийгэмд айдас төрүүлсэн, эсхүл төрүүлж болзошгүй болохыг нотолсон ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад тухайн зарыг “нийгэмд айдас төрүүлсэн” гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн тухайн зар “ялгах шинж тэмдэггүй” гэжээ. Тухайн мэдээлэлд ялгах шинж тэмдэг байсан нь Coming soon гэсэн үгийг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулбал “Тун удахгүй” гэсэн утгыг илэрхийлдэг. Үзвэр үйлчилгээ, барилга, байгууламж зэрэг бүхий л нээлтээ хийх гэж буй шинээр үйл ажиллагаагаа эхлэх гэж буй газрууд энэхүү нэр томьёог маркетинг, сурталчилгааны нэг хэсэг болгон ашигласаар ирсэн бөгөөд бүх нийтээр энэ утгаар нь ойлгож, хүлээн авч хэрэглэдэг.
Шүүхээс Coming soon гэсэн тэмдэглэгээний тухайд “Coming soon буюу тун удахгүй гэсэн өгүүлбэр нь тухайн зарыг уран бүтээлд зориулагдсан гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлэх бөгөөд уг зарыг хүүхэд, настай хүн гэх мэт Англи хэлний мэдлэггүй хүн ч унших боломжтой тул гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчил гаргасанд тооцож, маргаан бүхий захиргааны актаар шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ” гэжээ. Энэхүү хэсгээс үзвэл шүүх Coming soon буюу Тун удахгүй гэсэн өгүүлбэр нь тухайн зарыг уран бүтээлд зориулагдсан гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлнэ гэж дүгнэсэн байна. “Г.Е” уран сайхны киног бүтээгч болон тухайн “Аав зарна” гэх мэдээллийг хэвлэн гаргасан этгээдүүд нь хүүхэд, настай хүн гэх мэт Англи хэлний мэдлэггүй хүмүүс уншаад ойлгохгүй, мөн тэдэнд айдас төрүүлэх эсэхийг мэдэх боломжгүй.
“Аав зарна” гэсэн мэдээллээс хэд дахин нийгэмд айдас төрүүлэхүйц гадаад киноны трэйлер, танилцуулга, сурталчилгаа дүрс хэлбэрээр, хэвлэмэл байдлаар Англи хэлээр /гадаад хэлээр/ цацагдаж байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн дагуу авч үзвэл “тухайн трэйлерийг Англи хэл мэдэхгүй хүүхэд, ахмад настан үзэх боломжтой учир нийгэмд айдас төрүүлж магад” хэмээн тухайн киноны трэйлерийг цацсан компанийг торгох болж байгаа. Мөн “тухайн киноны зар сурталчилгаа дүрс хэлбэрээр бол нийгэмд айдас төрүүлсэн зар хэмээн тухайн зарыг уран бүтээлд зориулагдсан гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлнэ” гэж дүгнэсэн хэдий ч уг зарыг хүүхэд, настай хүн гэх мэт Англи хэлний мэдлэггүй хүн ч унших боломжтой гэж үзсэн нь “Ш” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.7-д заасан “Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах, үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгаа” хориглосон зарыг түгээсэн этгээд хэмээн нотлох баримтыг буруу дүгнэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “Ш” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0059357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлагыг гаргаж, үндэслэлээ “... “Аав зарна” гэх худал мэдээллийн цаана тодорхой нэг зах зээлийн эрэлтийг нь нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татаж, борлуулах гэж буй ямар нэг бүтээгдэхүүн байхгүй, “Аав зарна” гэх мэдээлэл нь зар биш учир Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зар сурталчилгааг түгээхэд хориглогдох заалтад хамаарахгүй, мөн хуулийг зөрчөөгүй” гэж тайлбарлан маргасан.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
Тухайн зарыг бүрэн эхээр нь харж уншвал “ААВ ЗАРНА. Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. /Элдэв өвчингүй/ Үнэ. 3 сая. Утас: 9000-0250 гэж тод гаргацтай харагдах байдлаар бичээд баруун доод буланд нь бүдэг харагдах байдлаар өөр фондоор “соming soon” гэж бичсэн байна.
Энэ нь “аавыгаа асар чадахгүй болсон учраас бусдад 3 сая төгрөгөөр зарна, аав нь элдэв өвчингүй гэж аавынхаа эрүүл мэндийн байдлын талаар товч мэдээлэл өгч, сонирхвол 9000-0250 утсаар холбогдоно уу” гэж ойлгохоор, харин “соming soon” /удахгүй/ гэж бүдэг харагдах байдлаар бичсэн нь төдийлөн анзаарагдахааргүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.8-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй.
Хэдийгээр гомдол гаргагчаас “ “Ө.А.Э” ХХК, “Г.Е” уран сайхны киноны маркетингийн үйл ажиллагаанд зориулж “Аав зарна” гэх зарыг сонинд гаргах тухай хүсэлтийн дагуу “Аав зарна” хэмээх зарыг хэвлэн гаргасан” гэх тайлбарыг хийсэн боловч энэ нь дээр дурдсанаар Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлд хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарахаар зохицуулсан бөгөөд 7.4-д “Дараахь зар сурталчилгааг ёс суртахуунд үл нийцсэнд тооцно”, 7.4.6-д “Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Докторант С.Э-ын хийсэн тухайн зарын үгийн тайлбарт “... Эцэг, эхээ дээдлэн хүндэлдэг монгол хүний сэтгэхүйд энэ зар сурталчилгаа эхийн утга зүйн хувьд эмзэг тусах агуулгатай нь тодорхой учраас олны шүүмжлэлийг дагуулжээ. Удахгүй нээлтээ хийх кино багийнхан тус зарлалыг олон нийтийн анхаарлыг татахын тулд зориуд хийсэн гэж зарласан хэдий ч ... үндсэн зорилгоос өөр зүйл болон хувирч, олны эгдүүцлийг хөдөлгөх шалтгаан болсон байна” гэсэн нь дээр дурдсан хуулийн зүйл заалтыг зөрчжээ гэж дүгнэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн “... тухайн зар нь агуулгын хувьд аав буюу эцгийгээ зарах агуулгаар, бусад заруудын хамт нийтлэгдсэн, ялгах шинж тэмдэггүй, өөрөөр хэлбэл “Ө.А.Э” ХХК, “Г.Е” уран сайхны кино зэргийг тодотгоогүй зөвхөн “Coming soon” буюу “тун удахгүй” гэсэн тайлбартайгаар нийтэлснийг уран бүтээлд зориулсан зар гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой” гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, “Ш” ХХК нь 2007 онд Ш.З сонин эрхлэх туслах үйл ажиллагааг бүртгүүлсэн байх тул гомдол гаргагчийн “... зөрчил ногдуулах этгээдийг тодруулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх журам зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн давж заалдах гомдолд “...“Аав зарна” гэх худал мэдээллийг сонинд байршуулсан ажилтан нь “Ш” ХХК-ийн ашиг сонирхлын өмнөөс байршуулаагүй байтал хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй“ гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь зөрчлийн хэрэгт авагдсан “Ш” ХХК-ийн Ш.З сонины маркетингийн менежер Ц.А-ын тайлбарт “... энэ зарыг компанийн удирдах түвшний хүмүүс буюу ерөнхий менежер, маркетингийн албаны дарга, нягтлан бодогч нар маань ярилцаж гаргасан...” гэсэн нь тухайн зарыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын өмнөөс байршуулаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “Ш” ХХК-д шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Шудрага” гэж бичсэн, “5.” гэж дугаарлан техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид анхаарах нь зүйтэй.
Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Зар сурталчилгааны тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.1/ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан тул гомдол гаргагчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН