Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 780

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Г.Г-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

                               

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Хэрлэнчимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1195 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Г-д холбогдох 1706008720079 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Г, 199Х оны 7 дугаар сарын 30-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Г.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн урд хүнсний мухлагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.О юм зарсангүй гэх шалтгаанаар цонхыг нь хагалснаас шилний хэлтэрхийнүүд үсэрч Б.О биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Г-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г-д холбогдох хэргийг прокуороос яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заажээ. Шүүх хуралдаанд Г.Г- нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг үгүйсгэхгүй, хохирогч Б.Отгонзаяад тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг барагдуулж өгнө. Хохирогч надаас хэдий хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэхийг би мэдэхгүй байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж байна гэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Иймд Г.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг  прокурорт очтол Г.Г-д  урьд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г-эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл буюу “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд” зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл анги бүхий гэмт хэрэгт хамаарах бөгөөд  яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах шаардлагагүй байна. Мөн дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол”-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заасан байхад шүүхээс “Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж” гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүйгээр хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт “...урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.Г-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгайлан зохицуулсан журам бүхий зарим гэмт хэрэгт Г.Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэрэг хамаарч байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс доош хугацаагаар хорих ялыг оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг заан хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд энэ талаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Г.Г-эд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1195 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг ханган Г.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Г.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ