| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00932/И |
| Дугаар | 1018 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00932/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар багт байрлах ******* ******* банкны Дархан салбар /утас *******, 70370388, 703*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг, *** дүгээр хороолол *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол *** дугаар байр, *** тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар , утас , / нарт холбогдох
“Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 47,576,367 төгрөг 94 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Жанбалдорж овогтой ******* , Бат-өлзий овогтой нар нь 2014 оны 07-р сарын 08 –ны өдөр тус банкны №ЗГ-ВСС2014070809-2 тоот Орон сууцны зээлийн гэрээ ( 8+/-1хувь ) , № БГ-ВСС2014070809-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө , түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 45,500,000,00 дөчин таван сая таван зуун мянга төгрөгийн зээлийг сарын 0,67 хувийн хүүтэйгээр , 240-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Жанбалдорж овогтой *******, Бат-өлзий овогтой нар нь №ЗГ-ВСС2014070809-2 тоот Орон сууцны зээлийн гэрээ ( 8+/-1хувь ) № БГ-ВСС2014070809-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* овогтой *******, Бат-өлзий овогтой нарын өмчлөлийн тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг ***-р хороодол, ***-р байр *** тоот 46.0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2016 оны 08-р сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 44,429,028 төгрөг 29 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл 3,146,382 төгрөг 12 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 957 төгрөг 53 мөнгө, нийт 47,576,367 төгрөг 94 мөнгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 47,576,367.94 төгрөгийг хариуцагч Ж.*******, Б. нараас гаргуулан ******* ******* банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Б. би төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг. Ж.******* бид 2 гэрлээд 18-н жил болж байна. Бид хуучин хорооллын 1б байранд 1 өрөө орон сууцтай байсан. 1 өрөө байрандаа 1998 оноос хойш амьдарч 4-17 насыг 3 охинтой болсон . ам бүл 5уулаа болж 1- өрөө байр маань жижигдэж 1-өрөө байраа зарж 3- өрөө болгохоор байрны байрны урьдчилгаанд бэлнээр 44,500,000 төгрөгийг өгч 45,500,000 төгрөгийн зээлэнд хамрагдсан . 13-р байранд 3 өрөө байртай болсон. Нөхөр Ж.*******ы 2015 онд ажиллаж байсан Хансуун зам компани одоо болтол үлдэгдэл цалин 1,700,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Нөхөр Ж.******* сая 6 дугаар сард Баянхонгорт алтны уурхайд ажилд орсон. Ажилд орсон гэж ******* ******* банкинд хэлсэн. ******* ******* банкинд Ж.*******ы эхний цалин болох 1,000,000 төгрөгийг аваад очиход 5,000,000 төгрөг олж өгвөл шүүхээс шийдвэрээ татаж авна гэсэн. 2014 оны 7-н сард ******* ажлаасаа халагдаж ажилгүй болж авсан байрныхаа ипотекийн зээлийг Б. би өөрийн цалингаар тасралтгүй төлж байсан. Нөхрийн цалин болон ипотекийн зээлээс болж 2014 оноос өнөөдрийг хүртэл ******* ******* банк цалин хаасан байгаа үйлдвэрт боловсон хүчин байсан би өртэй байсан боловч Даариймаа нь ******* ******* банктай уулзаж шүүхийн шийдвэрээр миний цалингаас Даариймаагийн өрийг төлүүлж байгаа ингээд миний цалин ипотекийн зээлдээ хүрэхээ больсон. төмөрлөгийн үйлдвэр одоо зогссон байгаа. Манай том охин энэ жил 12- р анги төгсөж МУБИС –н математикийн анги авсан. Дунд охин Анима нь Азийн аваргаар гандболоор Хонг Конг тэмцээнд явсан . энэ мэтчилэн ганц хүний цалин хаанаа ч хүрэхгүй санхүүгийн байдал маш хүнд байна. Одоо надад ******* ******* банкны нэхэмжилсэн мөнгөнөөс 1,400,000 мянга төгрөг бэлэн байгаа үлдэгдэл 1,100,000 төгрөг шарын голоос өнөөдөр ирлээ. Бид ямар нэгэн аргаар ******* ******* банкны өрийг дарах болно. Иймд биднийг байртай маань үлдээж өгнө үү” гэв
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь Ж.*******, Б. нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөр 46,990,361.40 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг 586,006.54 төгрөгөөр нэмэгдүүлж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөр 47,576.367.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
Хариуцагч, хариуцагч Ж.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй, хурлыг үргэлжлүүлэх хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.
Хариуцагч Ж.*******, Б. нар нь ******* ******* банкны Дархан салбараас 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ-ВСС2014070809-2 тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 45,500,000 /дөчин таван сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж авсан ба зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 6 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулахгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 9.2.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хариуцагч нараас үлдэгдэл 44,429,028 төгрөг 29 мөнгө, үндсэн зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3,146,382 төгрөг 12 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 957 төгрөг 53 мөнгө, нийт 47,576,367 төгрөг 94 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлагыг тус тус гаргасан болно.
Хариуцагч нар нь дээрх зээлийн үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд орон сууцны гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийн график хугацаанд орж, орон сууцны зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж маргасан болно.
Урьд нь нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь хариуцагч нарт холбогдуулан дээрх шаардлагыг гаргаж байсан бөгөөд тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай шийдвэрээр “...хариуцагч нар нь 7 сарын үндсэн зээл 684,661 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,991,650 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-д заасан гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлах, 43,779,907.87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11 өдрийг хүртэлх хугацааны үүргийг тооцож, хариуцагч нараас зээл,зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,702,411 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн” байна /хх-21-22/.
Зээлдэгч Ж.*******, Б. нар нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай шийдвэрийг биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт ороогүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, ******* ******* банкны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7-403/580 тоот, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7-403/689тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай” албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ-ВСС2014070809-2 тоот орон сууцны зээлийн 9.2.2-т “Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн бол Банк гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл мөргөх журмаар төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбарын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ-ВСС2014070809-2 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлүүлэх шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 44,429,028.29 төгрөг, үндсэн зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3,146,382.12 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 957.53 төгрөг, нийт 47,576,367.94 төгрөгөөс тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн үндсэн зээл 684,611 төгрөг, түүний хүү 1,991,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,100 төгрөг нийт 2,702,411 төгрөгийг хасаж, үлдэх зээлийн төлбөр 44,873,956.94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 6 тоот 46,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ-ВСС2014070809-2 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.*******, Б. нараас зээлийн төлбөр 44,873,956.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 6 тоот 46,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,131 төгрөгөөс 395,832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 15,299 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 382,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА