| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0584/Э |
| Дугаар | 583 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 583
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Б ,
Улсын яллагч Ж.О
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0156 90568 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Улаанбаатар БҮК” ХК-нд арматурчин ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 51-26 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б регитсрийн дугаар: /........./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сонгино хайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын зүүн талын аж ахуйн хашаанд оршин суух иргэн П.Ж-гийн гэрт Д.Э-г цохиж баруун хацар, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж хоср бугалга, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл учруулж, биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сонгино хайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын зүүн талын аж ахуйн хашаанд оршин суух иргэн П.Ж-гийн гэрт Д.Э-г цохиж баруун хацар, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж хоср бугалга, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл учруулж, биед хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Д.Э-н:..”Б 0,75 архи авч ирээд ууж байснаа надад нэг удаа хийж өгөхөд нь би архи уудаггүй юмаа гэж хэлэхэд би чамд хор өгөөгүй идээний дээж өгч байна гэж хэлээд намайг архи уу гээд байсан. Би өгсөн архийг ардаа аяганд хийгээд уухгүй байсан. Б надруу том хараад чи архи уусан уу чи архи уу гээд сүрдүүлээд байхаар нь би зогсож байгаад хийж өгсөн архинаас нь нэг удаа уусан. Б архи ууж байснаа гэнэт босож ирээд миний дээрээс хоёр гараараа намайг түлхээд орон дээр миний дээрээс дараад авсан. Би тухайн үед хоёр гараараа цээж рүү нь түлхээд хоёр хөлөөрөө гэдэс рүү нь жийгээд өөрөө холдуулахад яаж байгаа пизда вэ гэж хэлээд баруун гараа татаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би өөрөөсөө холдуулаад түлхээд ноцолдож байхад миний өмсөж байсан подволкны энгэрээс гараараа татаж урсан. Миний хоёр гарын шуу, булчин, гарын сарвууг базаад байсан...би гомдолтой байна тархи толгойгоо таньдаг хүнээрээ 2-3 удаа бариулсан. Надад одоо үзүүлж харуулсан баримт байхгүй. Би шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Би 1 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-19, хх-21-22/
- гэрч Ц.Ц-ын:..2018 оны 03 сарын 09-ний өдөр 14 цагийн үед Б ын утасруу нь залгахад ажлаа тараад яваад очьё гэж хэлсэн. Удаагүй Б архи үнэртүүлцэн орж ирсэн...Маргааш өглөө нь..тэр хашааны хаалгаар нэг эмэгтэй гарч ирээд танай нөхөр намайг зодсон гээд хүзүү энгэрээ надад харуулаад байсан...гэх мэдүүлэг /хх-28-29/
-гэрч Н.Бадамхүүгийн:..Б ын хамт ажлаасаа гараад хойшоогоо 32-н буудал орох замдаа дэлгүүр орж 0,5 савлагаатай архи авч гадаа нь хувааж уусан. Би Б ыг дагуулаад Жамъяансүрэнгийн гэрт нь очиход Э согтуу нэг залуугийн хамт гэртээ сууж байсан. Э надад хандаж хэлэхдээ чи архи авч ирээгүй юмуу гэж хэлсэн. Би халааснаасаа мөнгө гаргаж ирээд Б ыг 0,75 тай архинд явуулсан...маргааш өглөө нь Жамъяансүрэнгийн гэрт нь сэрсэн. Намайг сэрэхэд Э надад чиний дагуулж ирсэн Б гэж хүн намайг цохисон гээд шанаагаа хурууны үзүүрээрээ элээд надруу дайраад байсан...гэх мэдүүлэг /хх-31-32/
-гэрч П.Ж-гийн:..маргааш өглөө нь Э босож ирээд Б-д хандаж чиний дагуулж ирсэн Б намайг зодсон гээд толгойгоо бариад суугаад байсан... би ажил дээрээ түнээлийн каркак хэвэнд нь хийх гэж дарж байгаад нүдээ цохисон. Б надад гар хүрч цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-22/ -
шинжээчийн...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3321 дугаар дүгнэлт: Д.Э-н биед баруун хацар, шанаа, хүзүү, цээж, хоёр бугалга, гуя, өвдөг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /х-26/,
- шүүгдэгчийн:..Би Этай хамт хөзөр тоглоод сууж байсан чинь намайг гэнэт баруун гараараа миний зүүн хацар луу хоёр удаа алгадсан. Би Эын биед гар хүрч цохиж зодоогүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-24-25, хх-45-46/
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно
Иймд шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч төлж барагдуулсан /хх-66-, хх-70/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ГАНБААТАР