| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0450/Э |
| Дугаар | 450 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 450
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Журагат,
Хохирогч М.Энхцэцэг,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ ,
Шүүгдэгч Б.А- д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-ын – А- д холбогдох 1903 0020 90150 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, …. оны 08 дугаар сарын 02-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн. дугаар хороо Зүүн баян цагааны 07 дугаар гудамж 04 А тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Урианхай овогт Б-ын А-д ..:…
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А-д нь …. оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 096 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо Баянхошууны зам Тоёота Приус маркын 52-64 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна.”Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч М.Энхцэцэгийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.А-д нь …. оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 096 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо Баянхошууны зам Тоёота Приус маркын 52-64 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 5.6. Гэрэл дохио нь дараах утгатай байна : г/ ”Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч М.Э- ийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч М.Э- ийн :....... оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг 15 минутын орчимд би төрсөн дүү Ө-ын хамт Сонгинохайрхан дүүргийн . дугаар хорооны нутаг Баянхошууны зам, Жанцангийн явган хүний гэрэл дохиотой уулзварын замынхаа хойд талаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлээр цувраад зам хөндлөн гарч явтал баруунаасаа зүүн чиглэлтэй явсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн 52-64 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний биеийн баруун хажуу хэсэг рүү ирж мөргөсөн” /хх 19-21/ гэх мэдүүлэг,
- шинжээчийн дүгнэлт : М.Э-ийн биед баруун шаант ясны дээд булууны гадна ёрвонгийн үений гадаргуугийн шахагдсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-38/,
- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зүргийн үзүүлэлтүүд /хх 5-8/,
- мөрдөгчийн 87 дугаартай магадлагаа : “Тоёота Приус-20 маркын 52-64 УНО улсын дугаартай хэрэгслийг жолоодож явсан Б.А-д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн...“Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх 57-59/ гэх баримт,
- шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн...тухайн үед би гэрэл дохио зөрчөөд орох үед тухайн хүн хойноосоо урагш чиглэлтэй гарч ирж таараад харсан даруйдаа тормоз гишгэсэн боловч машины баруун урд хэсгээр тэр хүний биеийн хажуу хэсэг рүү мөргөсөн...би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /х-99-100/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, мөрдөгчийн магадлагаа хууль гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.
Харин яллах дүгнэлт, мөрдөгчийн магадлагаанд шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг хэрхэн зөрчсөнийг бичсэн байх боловч заалтын “дугаар”-ыг зөрүүлсэн буюу техникийн алдаатай бичсэнийг зөвтгөсөн ба тийнхүү зөвтгөхөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохоо зөвшөөрсөн байх тул тухайн техникийн шинжтэй алдаагаар тус хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч цаашид гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй байх, хохирлын асуудлаар эвлэрсэн байх /хх-92, 121/ тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх ба урьд ял шийтгүүлж байгаагүй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч иргэнд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Мөн шүүгдэгч нь 13 настай хүүгийн хамт амьдардаг /х-102/, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоо мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудал :
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, болохыг дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР