Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 609

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г  даргалж,

           нарийн бичгийн дарга Б.С ,        

           улсын яллагч А.М ,

            шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц-ын Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 053580719 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро инженер технологич мэргэжилтэй, “Агрико” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 35а-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, гэх Т  овгийн Ц-ын Э. регистрийн дугаар: ..............;

Холбогдсон хэргийн талаар:  

 Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 203 тоотод байх гэртээ ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Т-ай хэрүүл маргаан үүсгэн, улмаар нүүр, гар, хөлөн тус газар нь гараараа цохиж, олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.Э 2018 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 203 тоотод байх гэртээ ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Т-ай хэрүүл маргаан үүсгэн, улмаар нүүр, гар, хөлөн тус газар нь гараараа цохиж, олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Т-ийн ... 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед гэртээ ирээд хоолоо хийх гээд махаа гаргах гэсэн чинь махгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би гэртээ 2 хүүхдээ үлдээгээд Хар хорин орж мах авахаар гараад махаа аваад гэртээ ирсэн. Намайг гэрт ирээд удаагүй байхад манай нөхөр Э гаднаас орж ирсэн. Э орж ирснээ жонхуугаа зуурахгүй яасан юм бэ гээд над руу уурлаж хэлсэн. Тэгэхээр нь би сая гарч мах авчихаад орж ирж байна, миний хоол хийнэ үү, хийхгүй байна уу чамд хамаагүй шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь чи ам нээх болгондоо намайг хүүхдүүдийнхээ дэргэд доромжилж байх юм гээд Эы ам руу нь гарынхаа алгаар алгадсан. Тэгсэн чинь манай нөхөр Э миний зүүн талын шанаа руу болон хөл, гар руу гараараа цохиод байсан. Тэгээд би арагшаа газар савж ойчсон. Би босож ирээд Эыг түлхсэн. Тэгсэн чинь Э дахин намайг цохиж эхэлсэн. Миний зүүн талын шанаа хавдаад хөхөрсөн, мөн хөл, гар бас хавдаад хөхөрсөн. Бид хоёр 2009 оноос хойш хамт амьдарч байна. Одоо надад гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, хх-31/

-гэрч Ц.М:..Эыг эхнэр хүүдүүдээ зодож байсан талаар би сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13421 дугаартай шинжээчийн дүгнэлт. Дүгнэлт хэсэгт: Г.Т-ийн биед зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт/ХХ-ийн 37/

-Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 40/

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /ХХ-ийн 41-47/

-шүүгдэгч Ц.Э:..Тунгалаг миний нүүр лүү гараараа алгадаад авахаар нь би зөрүүлээд алагдчихсан юм. Тэгээд сандраад цохих гээд дайрхаар нь хөл рүү нь хөлөөрөө жийсэн, ахиад намайг цохих гээд дайрхаар нь би зүүн гарын шуу дээрээс нь атгаад авсан... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-80/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 90-91/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ц.Э-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                               Г.ГАНБААТАР