Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 608

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

           нарийн бичгийн дарга Б.С ,        

           улсын яллагч А.М ,

            шүүгдэгч Н.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х  овогт Н-ын Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0397 30537 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч  ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8-170в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Х овгийн Н овогтой Н. Регистрийн дугаар ..............,

Холбогдсон хэргийн талаар:  

   Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8-170в тоотод  байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр М.Ц-ын толгойн, гаран тус газар нь төмөр шанагаар, мөн гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8-170в тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр М.Ц-ын толгойн, гаран тус газар нь төмөр шанагаар, мөн гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч М.Ц-ын ... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 02 цагийн үед гэртээ унтаж байхад нөхөр Н.Н гаднаас согтуу байдалтай орж ирээд намай  хэл амаар доромжлоод байсан чинь манай хүү болох Хүрэлтогтох сэрээд “ааваа” та болиоч унтаач” гэсэн чинь Н.Н “насаар чинь шоронд суулгана” гээд... ардаас нь Хүрэлтогтохын араас хөөгөөд байсан. Хүрэлтогтох гэрээс гараад зугатаасан чинь Хүрэлтогтохыг чамайг алнаа гээд орилоод байсан. Хүрэлтогтох, Н.Н 2 гэрт орж ирээд байж байтал Н.Нын төрсөн эгч Чулуун орж ирсэн. Тэгээд Чулуун эгчийг гарсны дараа Хүрэлтогтох гэрээс гараад зугатаачихсан. Н.Ннь хэсэг хугацаанд хэвтэж байгаад Чулуун эгчийг гараад  явсны дараа босч ирээд хүүхдийн чинь нүднээс далдуур чамайг ална гээд  миний өмсөж байсан дээлний захаар боогоод байсан. Чулуун эгчийн хүүхэд Ёндон орж ирээд салгасан. Н.Н зхлээд миний толгой руу төмөр шанагаар 2-3 удаа цохиод дараа нь миний хоолойг боогоод гараараа толгой хэсэг рүү 3-4 удаа цохьсон ... Миний нөхөр Н.Н нь тухайн үед Хүрэлтогтохыг зодоогүй, намайг 2018 оны 04 дүгээр сарын дундуур ажлынх нь  газрын эмэгтэйтэй хамт байгааг  харчихсан чинь зодох гээд дайрч байсан...Урьд өмнө нь цохиж зодож байгаагүй... гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17,хх-29-30/,

-хохирогч Н.Х-ын...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би ээж дүү нарын хамт гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн орчим манай аав Н.Н гаднаас согтуу орж ирсэн. Би баруун орон дээр хэвтэж байгаад аавыг дуугай байгаачээ, унтаж амармаар, маргааш ажилтай гэхэд аав уурлаад намайг загнасан. Чи хэн болоод миний дууг хорьдог юм бэ, чи миний аав юм уу,чиний аав юм уу гэх зэргээр уурлаад намайг чимээгүй байж байтал хариу хэлүүлэх гээд хүрч ирээд загнаад байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гудамжинд гартал Чулуун эгч гэрээсээ гарч ирээд гэртээ орж унт гэж загнасан. Намайг зодож цохиогүй. Урьд нь зодож байгаагүй. Тэр шөнө намайг явсны дараа аав ээжийг зодсон юм шиг байна лээ. Маргааш нь гэртээ харихад ээжийн нүүр хавдсан байсан ...аав урьд нь намайг зодож цохиж байгаагүй...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай аав ээж хоёр эвлэрсэн байгаа, ээж 7 сартай жирэмсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 34/

-гэрч Н.Ч-ны ...Намайг гэртээ унтаж байхад манай бэр Н.Нын хүү Хүрэлтогтох гудамжинд орилоод байна гэхээр нь би гарсан. Тэгсэн чинь Хүрэлтогтох аав намайг загнаад гэртээ орж чадахгүй байна гэж хэлсэн. Би түүнийг манай гэрт ороод унтчих гэхэд орохгүй гээд өөрийнхөө гэр рүү орчихсон. Тэгээд би гэттээ орж хэвтсэн. Хаалган дээр хүмүүс шуугиад байхаар нь хашаанаасаа гарсан. Тэдний үүдэнд бэр Ц , Х нар зогсож байсан. Би М.Ц-ыг дагуулаад гэрт нь ороход Н.Н эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Би М.Ц-ыг ор руу нь хэвтүүлж чимээгүй болгоод М.Ц-ыг чи ч бас битгий хэрүүл хийгээд бай гэтэл Ц   хүүхэд хөөж гаргаад байхад би дуугай байна гэж юу байх юм бэ, та нар намайг 20 жил дарласан, та өөрийнхөө дүүг өмөөрлөө гээд хэрүүл хийсэн. Би буцаад гэртээ орсон. Тэгээд 20-30 минут болоод унтацгаасан болов уу гэж санаа зовоод тэдний гэр рүү ортол Цын өмсөж байсан дээлийг Н.Н урчихсан, дээлийнх нь энгэр задгай орон дээрээ сууж байсан. Ц намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэртээ орсон. Цохих зодох үед нь би байгаагүй. Сүүлийн 1 жил Н.Ныг эхнэр нь хардаад байдаг болчихсон ... гэх мэдүүлэг/хх-ийн 36-37/

-гэрч Д.Ё-гийн ... 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой ... намайг унтах гэж байхад Н.Н ахын хүүхэд орж ирээд ээж аав хоёр маргалдаад байна гэхээр нь би тэднийх рүү орсон. Одоо хэн нь дуудсаныг би санахгүй байна. Гэр рүү нь ороход Н.Н ах, түүний эхнэр Ц нар орон дээрээ суучихсан бие бие рүүгээ чичээд хэрэлдээд байсан. Ц эгчийн дээлийнх нь зах урагдчихсан байх шиг байсан. Хэрүүл нь гайгүй болохоор нь би гэртээ орж амарсан. Намайг гэртээ орсны дараа ээж орж сууж байгаад гэртээ орж ирсэн. Ц эгч Н.Н ахыг манай ажлын газрын хүмүүстэй хардаад байдаг юм шиг байсан. Хардалтаас болоод жаахан маргаантай байгаад байх шиг байдаг... гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40/

-Н.Х-ын нас тоолсон тэмдэглэл /хх- 58/

-Шинжээч Н.Т-гийн ... Доод уруулд цус хуралт, зүүн сарвууны ядам хурууны 2-р үенд зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх 3 тооны гэмтэл нь тус бүрдээ 1 удаагийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжой. Унах үед үүсэх боломжгүй ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10236 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-М.Ц-ын биед доод уруулд цус хуралт, зүүн сарвууны ядам хурууны 2-р үенд зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой...гэх дүгнэлт /хх-42/,

Шүүгдэгч Н.Н.Н-ын:..Би гарыг нь чанга атгахдаа хурууг нь атгаад  гэмтээсэн байсан. Тэгээд нүүрний хэсэгт нь шанагаар цохиж гэмтээсэн, бас гараараа алгадчихсан...гэх мэдүүлэг /хх-81/зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч Н.Н.Н-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Н.Н-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н-ыг  оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР