| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0506/Э |
| Дугаар | 503 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 503
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч Э.Дашням,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-ийн Б-д холбогдох 1808 0095 30495 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, … оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Лүн сумын . дүгээр баг, Цагаан Уул гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн …. оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216 дүгээр зүйлийн 261.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн … оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн …. оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 216 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 жил 2 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн … оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай захирамжаар Хорих ялыг дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлсөн, Боржигон овгийн Э-ын , регистрийн дугаар 0000000000
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Батцэнгэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ … оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Хилчин хотхоны.. -… тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өсөх-Ачлал” нэртэй эмийн санд худалдагч Э.Д-ын толгойн тус газар нь модоор цохин, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авахаар довтолсон,
… оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Бага дахь эхийн 1 дүгээр гудамж 1408 тоотод байх нийтийн байрнаас хамтран амьдрагч Б.М-ийн эзэмшлийн гэрийн тавилга эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 832.000 төгрөгийн хохирол учруулсан, бусадтай бүлэглэн …. оны 07 дугаар сарын 19-с 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн . дугаар хороо, .-. дугаар байрны хонгилын агуулахын өрөөнд нэвтэрч иргэн Л.М-ийн эзэмшлийн гагнуурын аппарат, гар дрилл, цахилгаан лент, ком багаж, разетка, цахилгаан утас үзүүрлэгч зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 909.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан,
… оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн . дүгээр хороо Горькийн .-… тоот хашаанд байрлах гражаас иргэн Б.А-ын эзэмшлийн 67-82 УБИ улсын дугаартай “Ниссан Присел” маркийн автомашиныг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
1. Шүүгдэгч Э.Батцэнгэл нь …. оны 02 сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Хилчин хотхоны ..-…тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өсөх-Ачлал” нэртэй эмийн санд худалдагч Э.Д-ын толгойн тус газар нь модоор цохин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авахаар довтолсон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Э.Д-ын :….оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо Хилчин хотхоны .. дүгээр байрны . дүгээр орцны . давхарт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх ачлал” нэртэй эмийн санд жор баригчаар ажиллаж байсан. Орой 20 цаг 30 минутын орчимд бараан өнгийн куртиктай, 170-180 см орчим өндөртэй эрэгтэй орж ирээд надаас утсаар яриулахыг хүссэн. Намайг гар тусаа өгөхөд 2 удаа залгачихаад миний залгасан дугаар болохгүй байна гээд миний гар утсыг буцааж өгчихөөд гараад явсан. Удалгүй 1-2 минутын дараа нөгөө эрэгтэй буцаж орж ирээд дахиж 1 удаа залгаадахья гэж хэлсэн. Эхлээд 89149714 гэсэн дугаар луу 1 минут орчим ярьсан, дараа ннь 88277922 гэсэн дугаар луу залгаж 16 секунд ярьсан. Ярьж дуусчихаад миний гар утсыг надад өгөөд баярлалаа гэж хэлээд 1000 төгрөг өгсөн. Би түүнийг аваагүй зүгээр гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй гэнэт эмийн сангийн лангууны хэсгийг татаад ороод ирсэн. Би түүнд хүүе та орж ирж болохгүй гэж хэлтэл куртикнийхээ энгэрээс мод гаргаж ирээд миний толгойны баруун хэсэгт 2 удаа цохиж гэмтээсэн. Тухайн үед миний гар утас лангуун дээр компьютерийн ард байсныг тэр эрэгтэй авах гэж оролдох үед би өөрөө гар утсаа шүүрээд авчихсан. Тэгтэл нөгөө залуу гараад зугтаасан...хажуу талын дэлгүүрийн эгч надад цагдаа дуудаж өгсөн. Би өөрөө айж сандарсан байсан учир утсаар сайн ярьж чадахгүй байсан...“Мед траума” эмнэлэгт толгойн MRI зураг авахуулахад 120.000 төгрөг болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд 40.000 төгрөг, нийтдээ 168.000 төгрөгний зардал гаргачихаад байна. Хэрэг гарснаас айдас тогшүүртэй болсон, орой үдэш гадуур явахаас айдаг болчихсон. Ажиллаж байсан эмийн сангаасаа гарсан. Иймд сэтгэл санааны хохирол 300.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / 1-х, х-15-16, 76,148/,
- шинжээчийн дүгнэлт:..1. Э.Д-ын биед духанд зөөлөн эдийн няцрал, шалбаралт, тархи доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...”/1х, х-36/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /1х, х-79-80/
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /1х, х-5-9/,
- Э.Б-ийн яллагдагчаар өгсөн:..Би Сонгинохайрхан дүүргийн . дугаар хорооны хилчин хотхонд байх “Өсөх-Ачлал” нэртэй эмийн санд орж утсаар ярьчихаад гарч яваад мод олоод буцаж ороод ярьсан утсыг нь аваад зугтах гэсэн чинь эмийн сангийн худалдагч гар утсаа өгөхгүй байхаар нь би толгойн тус газарт нь модоор 1 удаа цохиод тэгээд утсыг нь авч чадалгүй гараад зугтаасан...гэх мэдүүлэг /2-х, х-188, 1х, х-172/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Э.Б нь …. оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Бага дахь эхийн . дүгээр гудамж …. тоотод байх нийтийн байрнаас хамтран амьдрагч Б.М-ийн эзэмшлийн гэрийн тавилга эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 832.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Б.М-ийн:..Би …. оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт ажиллаж байсан хүнээр дамжуулан Э овогтой Б гэх залуутай танилцсан юм. Тэгээд бид 2 уулзаж хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж …. оны 09 сараас эхлээд Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэр . дүгээр гудамжны …. тоот хашаанд байх нийтийн байрны 1 номерийн өрөөг сарын 140.000 төгрөгөөр түрээслэж, тэр байрандаа Э.Б бид 2 хамт амьдарч эхэлсэн. Тэгээд би түрээсийн өрөөгөө тохижуулж, хуучин хэрэглэж байсан хувцасны шүүгээ, аяга, тавганы модон шүүгээ, хөргөгч, угаалгын машин 42 инчийн монел брэндийн зурагт зэрэг эд зүйлсийг авч ирж тавьсан..... оны 03 сарын эхээр Б бид 2 хоорондоо хэрэлдэж муудалцаад би гэртээ хаячихаад яваад 2-3 хоног найзынхаа гэрт байсан юм. Гэтэл 03 сарын 16-ны өдөр Б над руу утсаар яриад чи гэрт ирэхгүй юм бол би чиний бичиг баримтыг хайчилж хаяна гэж байсан. Тэгээд би 03 сарын 17-нд гэртээ очоод Б байхгүй үед нь гэрээсээ зурагтаа аваад 2 хүүхдээ дагуулаад явчихсан юм. Гэтэл 03 сарын 18-ны өглөө намайг гэрт байхгүй үед Б машинтай очоод хөргөгч, угаалгын машин, хувцасны шүүгээ, аяга тавганы шүүгээ, тольтой шүүгээ зэрэг эд зүйлсийг аваад явсан байсан. Тэгээд цагдаад хандсан..” гэх мэдүүлэг /1х, х- 214-215/,
- гэрч Б.М- ын:.. Б гэх хүн нь … оны 03 дугаар сарын 18-ны өдөр надад ямар эд зүйлс зарсан талаараа цаасан дээр баталгаа гарган өгсөн ба уг баталгааг Б нь өөрийн гараараа бичсэн...Тэгээд тавилгыг нь худалдаж авсны дараа Б надаас мөнгөө нэхээд байхаар нь би үлдэгдэл 300.000 төгрөгийг нь …. оны 04 дүгээр сарын 16-наас эхлэн 7 хоногийн зайтай 100.000 төгрөгөөр нь салгаж 3 хуваан өгсөн....би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй....гэх мэдүүлэг/ 1х, х- 219-220/,
- “Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-х хх-222-224/,
- Э.Б- ийн яллагдагчаар өгсөн:..Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо Бага дарь эхийн . дүгээр гудамж …. тоотод байрлах нийтийн байранд Б.М- тай хамтран амьдардаг байхдаа маргалдаж М гэртээ байхгүй байх хугацаанд нь ууралсандаа хашраах гэж гэрт байсан бүх тавилгыг нь авч яваад танихгүй хүнд Дарь-Эхийн дунд буудалд хүнд зарчихсан. Ямар хүнийг нь сайн мэдэхгүй. Тэгэхэд уг хэргийг би ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /2-х, х-188-189/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Э.Б нь Б.Н-тэй бүлэглэн …..оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн . дугаар хороо, .-… дугаар байрны хонгилын агуулахын өрөөнд нэвтэрч, иргэн Л.М- ийн эзэмшлийн гагнуурын аппарат, гар дрилл, цахилгаан лент, ком багаж, разетка, цахилгаан утас үзүүрлэгч зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 909.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Л.М-ы:...Баянгол дүүргийн . дугаар хороо .. дугаар хороолол ..-…байранд “Хаус констракшн” ХХК-ний мэдлийн грашид …. оноос эхлэн төлбөртэйгээр өөрийн эзэмшлийн машинаа байрлуулдаг. … оноос хойш тус байрны цахилгааны шийдний өрөөг эзэмшиж ирсэн. Намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Дэлгэрэх” ХХК-ний шинээр баригдаж байгаа зочид буудлын цахилгааны ажлыг хийж байхад …. оны 07 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед 89….. дугаарын утаснаас Баянгол дүүргийн . дугаар хорооны хэсгийн байцаагч М.О залгаад . -.. байрны грашинд хулгай орсон байна, та яаралтай ирээд юу юу алдсан талаар мэдэгдэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэр өдрөө оройн нь 18 цаг 30 минутын орчимд гэртээ ирээд грашид байсан эд зүйлсүүдээ бүртгэж үзэхэд хар өнгийн хуванцар хайрцган дотор байсан гагнуурын аппарад 1 ширхэг, электрод 1 боодол /1 боодлыг 6.500 төгрөгөөр худалдаж авдаг/, ногоон өнгийн хэрэглэж байсан батарейтэй гар дрилл 1 ширхэг, ком түлхүүрийн багаж 1 ширхэг, далд разетик /залгуур/ 5 хайрцаг, 1 хайрцгандаа 10 ширхэг, нийт 50 ширхэг, 1 ширхэгийг нь 4.500 төгрөг, далд унтраалга 1 хайрцаг, хайрцгандаа 10 ширхэг, 1 ширхэгийг нь 3.500 төгрөг, цахилгааны лент 5 ширхэг, 1 ширхэгийг нь 3.500 төгрөгөөр, цахилгааны утас үзүүрлэгч 1 ширхэг, 45.000 төгрөг, Цахилгааны самбарт хэрэглэдэг автомат үзүүрийн төгсгөгч 4 уут, 1 уутыг 16.000 төгрөгөөр авч байсан. Дээрх эд зүйлсүүд цахилгааны шийдний өрөөнөөс алга болсон байсан...гэх мэдүүлэг /2х, х-37-38/,
- гэрч Ч.Ц-ийн:..2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 07 цагийн үед шитний өрөөний цоожийг эвдэлсэн, хаалга нь онгорхой болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Шитний өрөөнд ямар эд зүйл байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Цахилгааны шитний өрөөнд СӨХ- ийн удирдах зөвлөлийн гишүүн Мөнхсайхан гэж хүн л эд зүйлээ хийгээд байдаг...” гэх мэдүүлэг /2х, х-39/,
- “Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /2х, х-46-50/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /2х, х-25-28/,
- Б.Н- ын сэжигтнээр өгсөн:…… оны 07 дугаар сарын 19-ний өдөр Батцэнгэл бид хоёр 25 дугаар эмийн сангийн буудлын урд талын дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи авч хувааж ууж дуусаад тэр хавиар 00-н өрөө хайж байгаад Баянгол дүүргийн . дугаар хороо Кекшүзан хотхоны … байрны доошоо граш руу ороод 00-н өрөөнд ороод бие засаад гарч иртэл хажуу талд нь цагаан өнгийн цоожтой өрөө байхаар нь би цоожийг нь хүчтэй угзарч таттал цоож нь салаад онгойчихсон. Б бид 2 тэр өрөөнд ороод цахилгаан дрилл, цохилттой дрилл, том хэмжээтэй шинэ гагнуур аппарат, гагнуурын электрод, далд залгуур зэрэг эд зүйлийг хулгайлж авч гараад замын урд талаас нэг такси бариад “Өргөө" кино театрын хажуу талын 2 дугаар байрны 3 дугаар орцонд очсон. Би тэнд 3 сарын өмнөөс жижуүрээр ажиллаж байсан юм. Тэгээд маргааш нь Б бид хоёр ченж дуудаад хулгайлсан бүх багажаа 200.000 төгрөгөөр зарчихсан...гэх мэдүүлэг /2х, х-57-58, 63-64/,
- Э.Б-н яллагдагчаар өгсөн:..Н-тай танилцаж … оны 07 сард Баянгол дүүргийн . дугаар хороо …. дугаар байрны хонгилоос дрилл, молдок, машины ком багаж, шүрүүпний мастер гэх зэрэг эд зүйлсийг авч яваад, маргааш нь үл таних хүнд зарсан тухай мэдүүлэг /1х, х-59-62, 2х, х-188-189/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Э.Б нь Б.Н-тай бүлэглэн …. оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн . дүгээр хороо Горькийн .-… тоот хашаанд байрлах гражаас иргэн Б.А-ын эзэмшлийн 67-82 УБИ улсын дугаартай “Ниссан Присел” маркийн автомашиныг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Б.А-ын:..2018 оны 5-р сард мишинаа “Нэт капитал” ББСБ-д 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээлж авсан. Зээлсэн 2.000.000 төгрөгийн 960.000 төгрөгөөр мотор авч, 100.000 төгрөгөөр мотор тавиулсан...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед Баянгол дүүргийн . дүгээр хороо Горькийн .-… тоот хашаанд байрлах грашид өөрийн эзэмшлийн 67-82 УНИ улсын дугаартай, хар хөх өнгийн Ниссан Пирсел маркийн машинаа байрлуулсан. Уг хашаа нь манай аавын эзэмшлийн хашаа юм. … оны 08 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед ээж над руу залгаад “чи машинаа ирж авсан юм уу” гэж асуусан. Би ээжид “би аваагүй, наад грашид чинь байгаа биз дээ” гэж хэлэхэд ээж “машин чинь алга болсон байна, цагдаад мэдэгдлээ, чи хурдан ирээрэй” гэж хэлсэн...Дуудлагаар ирсэн цагдаа орой 23 цагийн үед миний машиныг хулгайлсан хүмүүсийг барьж, миний машины хамт авчирсан. Тэр машин хулгайлсан хүмүүс нь аавын хашаанд байдаг нийтийн байр түрээслэн амьдардаг 2 хүн байсан...гэх мэдүүлэг / 2х, х-111-112,114/,
- гэрч Р.О-ны :..Би … оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гарсан. Намайг гэрээс гарах үед хашааны гадна манай нийтийн байрны 2 тоот өрөөг түрээсэлдэг 2 эрэгтэй надтай тааралдаад “эгч хаашаа явах гэж байгаа юм” гэж асуусан. Би тэр 2-т “удахгүй, ойрхон” гэж хэлээд хажуугаар нь зөрөөд явсан. Тэрнээс хойш 2 цаг орчмын дараа гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан...Тэгсэн хяналтын камерын дэлгэц рүү харсан чинь дэлгэц нь унтарчихсан байсан. Тэгэхээр нь дэлгэцнийх нь араар харсан чинь дэлгэцтэй холбоотой холбогчийг нь салгаад хажууд нь аваад тавьсан байсан. Тэгээд гайхаад гэрээс шууд граш руу ордог хаалга руу харсан чинь тэр хаалга бага зэрэг онгорхой байсан ба гэрэл асаасан чинь граш дотор байсан манай хүүхдийн машин байхгүй байсан...Хашааны гадна тааралдсан 2 эрэгтэйг сэжиглээд гэрлүү нь орсон чинь хамт амьдардаг эмэгтэй шал согтуу унтаж байсан. Тэгээд гэрээс нь гараад цагдаа дуудах үед нийтийн байрны 5 тоот өрөөг түрээслэгч эмэгтэй “танай гэрлүү тэр 2 эрэгтэйг маш хурдан ороод гарч байсан" гэж хэлсэн. Тэгээд миний сэжиглэж байсан баттай болсон. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтантай хамт нөгөө 2 эрэгтэйгийн амьдардаг гэрлүү ороход тэр 2 эрэгтэйтэй хамт амьдардаг эмэгтэй сэрээд “та нар зүгээр байхад гэрт орж ирлээ” гээд уурлаад нөгөө 2 эрэгтэй рүү залгаад “чи хаана байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн ажилтан тэр эмэгтэйгээс гар утсыг нь хурааж аваад нөгөө 2 залуутай мэссэж бичээд, тэр эмэгтэйг дагуулаад гэрээс гарч явсан. Тэгээд орой нөгөө 2 эрэгтэйг бариад, хүүхдийн машиныг авчирсан...гэх мэдүүлэг /2х, х-113/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2х, х-104-108/,
- Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /2х, х-140-142/
- шинжээчийн дүгнэлт /2х, х-143-146/,
- Б.Н- ын сэжигтнээр өгсөн :...Б бид 2 граш руу ороход грашны цаад буланд өрөөнд нийтийн байрны эзэн залуу унтаж байсан. Граш дотор хар хөх өнгөтэй жижиг суудлын машин байсан. Б бид 2 грашнаас гарах үед Б тэр машины хаалгыг татаж үзэхэд онгорхой, дотор нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгсэн Б машинд суугаад, намайг хаалга онгойлго гэж хэлсэн. Би грашийн хаалга онгойлгоход Б нөгөө машиныг унаад гарч ирсэн. Тэгээд Б бид 2 хамт машинаар нь хойшоо дэнжээр явж байсан чинь нэг мэдсэн Гандангийн орчим явж байсан. Тэгээд Батцэнгэл бид 2 гадуур нэлээн яваад Шархад руу чиглээд явж байхад миний утас дуугарсан. Тэгсэн М-ын дугаараас над руу залгаж байсан. Тэгсэн “М байна, та 2-ыг машин хулгайлаад аваад явсныг мэдсэн, Цайз захын хажууд байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид 2 хамт 1 шил архи хувааж уугаад шууд М- ын байгаа газарт нь очсон. Тэгсэн М цагдаа нартай хамт ирсэн байсан...”Б миний утсаар хүнтэй яриад “чи хаана байна, би машин авчихлаа, машин үзэх үү” гэж хэлэхэд тэр хүн нь хөдөө явж байна гэж хэлсэн, бас нэг хүн рүү яриад байсан...гэх мэдүүлэг, /2х, х-120-121/...Нийтийн байрны эзний машиныг хулгайлсан, энэ машиныг Батцэнгэл хүмүүстэй утсаар яриад зарах гэж байсан...гэх мэдүүлэг /2х, х-125/,
- Э.Б- ийн яллагдагчаар өгсөн:...... оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сотын нийтийн түрээсийн байранд Н, З бид гурав архи ууж байгаад Н гарч орж ирээд намайг дагуулаад граж орсон тэгээд тус граж дотор байсан хар өнгийн жижиг машин түлхүүр нь зоолттой байхаар нь би Н-т хандан хоёулаа жоохон дүрсгүйтэх үү гэж хэлээд асаагаад Н- р гражийн хаалга онгойлгож бай гэж хэлээд Н- ын хамт гражаас гараад явсан. Тэгээд гарч явж байгаад шар хад хүртэл явж байгаад нэлээд орой болсон ба З над руу залгаад чи хаагуур яваад байгаа юм хүрээд ир гэж дуудсан. Тэгээд за гээд явж байсан тэгсэн З ахиж утасдаад цайз захын буудал дээр ирчихсэн байна энд ирээд ав гэж хэлэхээр нь тухайн буудал дээр очоод байж байтал цагдаагийнхан ирээд бариад авсан Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон.../2х, х-188-189/...А-ын автомашиныг хулгайлсан хэргийн зүйл ангийг зөвшөөрч байна, автомашиныг ямар нэг эвдрэлгүй хүлээлгэж өгсөн.../2х, х-163/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б тухайн гэмт хэргүүдийг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч-үнэлгээчин худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч нь хулгайлах буюу нэг төрлийн гэмт хэргийг 3 удаа үйлдсэн гэж үзэх боловч байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл хангалтгүй байгааг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг төгс хэлбэрээр нийт 3 удаа үйлдсэн үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох 300,001 төгрөгөөс 50,000,000 төгрөг хүртэлх шинж, мөн тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ”агуулахад нэвтэрч” гэсэн шинжийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй тул шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зөв болно.
Шүүгдэгч Э.Б-тэй хамтран гэмт хэрэг үйлдсэн Б.Н-т холбогдох хэргийг тусгаарласан /2х, х-168-169/ нь тухайн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Б-ийг хохирогч Э. Д- ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар :
Хохирогч Б.А-д хулгайд алдагдсан “Ниссан пирсел” маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгосон /2х, х-111-112, 114) байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Д-д 198.000 төгрөг /1х, х-82/, хохирогч Б.М-д 832.000 төгрөг /1х, х-222-223/-ийг тус тус төлөөгүй байхаас гадна хохирогч Л.М-ийн эд хөрөнгийг хулгайлахад шүүгдэгч Э.Б Б.Н нар хамтран үйлдсэн байх тул хохирогч Л.М-д учирсан 909.000 төгрөгийн /2х, х-46-50/ хохирлыг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Э.Б 454.500 төгрөг төлөхөөр байна.
Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Э.Б …. .02.10-ны өдөр хохирогч Э.Д-ын эд хөрөнгийг дээрэмдэх, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байхад дахин санаатай хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь ….08.10-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т зааснаар сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс гэмт хэрэг тус бүрт хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох тул шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Э.Б- ийг …. оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс … оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөгүй баривчилсан /2х, х-55-56/ 2 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш /1х, х-162-163, 176-177, 189-190, 2х, х-178, 179, 183/ 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хорьсон, тус хугацааг сунгасан байх тул шүүгдэгч нийт 176 хоног цагдан хоригдсон, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар 40х4.3 см хэмжээтэй 1 ширхэг мод хураагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.Б-ийг хохирогч Э.Д-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,
хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн эдлэх 6 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Э.Б- ийн цагдан хоригдсон нийт 176 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.с нийт 1.484.500 төгрөг гаргуулж, хохирогч Э.Д-д 198.000 төгрөг, хохирогч Б.М-д 832.000 төгрөг, хохирогч Л.М-д 454.500 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40х4.3см хэмжээтэй 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.
8. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Э.Б-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг ….оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР