Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 512

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Н.А-д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.А холбогдох 1908 0207 0000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, “Ари ба тун” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6  эхнэр, 4  хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, 120 мянгатын .... тоотод оршин суух хаягтай, улсааас авсан гавъяа шагналгүй, Б овогт Н.А регитсрийн дугаар: /КЮ000000/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн __ дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын ....... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.О-г ” онцгой байдалд ажиллаж байгаад” гарсан гэж хэлсний улмаас толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөж “тархи доргилт, уруулын дотор салстад шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :  

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.А-д 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын ...... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.О-г зодож, түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан болох нь :      

  - хохирогч Б.О-гын:..2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэн Овоотын ....... тоотод гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан...Хашааны том хаалга онгорхой байсан ба үл таних 2 залуу гөлөг байна уу гэхээр нь байхгүй ээ гэсэн чинь намхан залуу нь хаагуур ажиллаж байсан бэ гэхэд нь “би онцгой байдалд хэдэн жил болсон” гэсэн чинь намхан танихгүй залуу /А/ чи яасан овоо өвгөн бэ гээд гараараа миний нүүр рүү цохиод доошоо тонгойсон чинь өвдгөөрөө ээлжлээд миний нүүр рүү цохиод байсан...Хохиролд  900.000 төгрөг хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-10/,  

- шинжээчийн дүгнэлт :...Б.О-гын биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад шарх, зүүн хүзүүнд зулагралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-12/,  

- гэрч Д.Т-гын :..Манай нөхөр юу болсон талаар надад хэлсэн. Тухайн үед хүнд цохиулсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-18/,

- шүүгдэгч Н.А-н :...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын ......тоотод байрлах хашаандаа байж байхдаа...нөгөө залууг гараараа нүүр рүү нь 1 удаа цохиод тонгойхоор нь би хоёр удаа өвдөгнийхөө нүдээр ээлжлээд цохьсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байсан...гэх мэдүүлэг /хх-61-62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.         

Иймд шүүгдэгч Н.А-г хохирогч Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:                       

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 900.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан / х-91-92/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь ам бүл 5, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :      

1. Шүүгдэгч Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.А-г 475 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 475000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-д оногдуулсан 475000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А-д торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР