| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0548/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 539
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокуaрорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0196 10000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаш тунамал Констракшн” ХХК-нд өрлөгчин, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Дархан -Уул аймгийн Дархан сум ..-р баг Ажилчны ..-р гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 21-р хорооны Горькийн ..... тоотод оршин суух, урьд Дархан уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн 2001 оны 12 сарын 12-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих оногдуулж, мөн хугацаагаар хойшлуулсан,2004 оны 01 сарын 08-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,2007 оны 01 сарын 23-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2007 оны 03 сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Б овгийн О.У /Регистрийн дугаар:МО000000 /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч О.У нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 22 цагийн үед согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо ... байрны ... тоотод иргэн Б.Г.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нуруун тус газар архины шилний хагархайгаар хатгаж биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч О.У нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо ..... байрны .... тоотод иргэн Б.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нуруун тус газар архины шилний хагархайгаар хатгаж биед хөнгөн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Б.Г-гийн:..2019 оны 04 дүгээр сарын 08-ны 22 цаг 10 минутын үед хаалга хүчтэй цохиход гайхаад хэн бэ гэж асуухад цагдаа байна гэхээр нь сандраад онгойлготол У байсан. Хоёулаа гаръя гэхээр нь чадахгүй жаахан 3 хүүхэдтэй байна гэсэн. Жижиг өрөө рүү оруулаад хамт гарсан. Лифтны хаалган дээр манай нөхөр орж ирж таарсан. Тэгээд манай нөхөр Г, У хоёр барьцалдаад авсан. Тэр хоёр зууралдаад байж байтал У шалан дээр байсан архины шилийг хананд цохиж хагалаад хүзүү хэсгийг нь гартаа барьсан. Энэ үед би зугтаад гэр лүүгээ орох гээд шат руу өгсөхөд араас миний нуруу руу тэр шилээрээ У 2 удаа цохисон...Мөн нүд өвдөөд маргааш нь хөхрөөд хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-16/,
- гэрч П.Ж-гийн... Г 2019 оны 04 сарын 08-ны өдөр 22 цаг 44 минутанд гэрийнхээ ................... дугаараас миний ..................... дугаар луу залгаад У намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Гэрт нь яваад очиход Г-гийн нуруун тус газар архины шилээр зүссэн байдалтай байсан. Намайг харахад нуруундаа шил зоолгуулсан 4-н хөллөсөн гэр орон нь нил цус болсон байдалтай байсан...”гэх мэдүүлэг /хх-22/,
-гэрч Б.Г-гийн:..2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 12 настай манай хүү Э утсаар залгаад ааваа согтуу хүн хаалга нүдээд байна гэж хэлсэн...Би лифтэнд суугаад гэрийнхээ давхарт буухад манай эхнэрийг нэг эрэгтэй хүн татаад зуурсан байсан.Тэгээд би тэр залууг чирээд доод давхар луу чирсэн ба тэр зугтаад явсан. Буцаж ирээд орцонд цус болсон байхаар нь гайхаад үзэхэд манай эхнэрийн нуруунаас цус гарч байсан. Манай эхнэрийн нурууг шилний хагархайгаар хатгасан гэж байсан...гэх мэдүүлэг / хх-56/,
- шинжээчийн дүгнэлт: Б.Г-гийн биед баруун зүүн зовхинд цус хуралт, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-27/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-9-р хуудас/
- шүүгдэгч О.У-гын...Тухайн үед муудалцсандаа түүнийг шилээр хатгаж гэмтээсэн. Нөхөр нь тухайн үед надтай маргалдаад хэл амаар доромжлоод би уурандаа шилээр 2 удаа зүссэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-20, 37/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : .
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-г /900/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.У-д оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг /5/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг О.У-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР