Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 606

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гдаргалж,

            Нарийн бичгийн дарга Б.С,        

            Улсын яллагч Р.О,     

            Хохирогч Л.Э,

            Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ш овгийн Б-ын Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0147 80612 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Эс Би транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Ш  овгийн Б-ын Б /РД: ................/,

Холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Э-гийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 5 дугаар орцны 801 тоотод түрээсээр оршин сууж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нүүрэн тус газар алгадаж зодсон, 2019 оны 03 дугаар сарын 04- ний орой 22 цагийн үед нүүрэн тус газар нь цохиж зодсон, мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй дэн буудалд 2019 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед хацаран тус газар нь алгадаж толгойруу нь цохиж, үснээс зулгааж цохи>к зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй дэн буудалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Э-гийг хацаран тус газар нь алгадаж толгойруу нь цохиж, үснээс зулгааж цохиж зодон эрүүл мэндэд “баруун доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :         

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Э-гийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 5 дугаар орцны 801 тоотод түрээсээр оршин сууж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нүүрэн тус газар алгадаж зодсон, 2019 оны 03 дугаар сарын 04- ний орой 22 цагийн үед нүүрэн тус газар нь цохиж зодсон, мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй дэн буудалд 2019 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед хацаран тус газар нь алгадаж толгойруу нь цохиж, үснээс зулгааж цохи>к зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй дэн буудалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Э-гийг хацаран тус газар нь алгадаж толгойруу нь цохиж, үснээс зулгааж цохиж зодон эрүүл мэндэд “баруун доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Л.Э-гийн“...Би Улаанбаатар хотод 2018 онд Бтэй танилцаад Халдвартын эмнэлгийн орчим нийтийн байр түрээслэж амьдрах болсон. Б.Бнь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаднаас архи ууж ирээд намайг хий хоосон хардаад баруун хацарт алгадсан. Согтуу байсан учраас хэл амаар доромжлоод янхан, гичий гэх мэтээр хараасан...2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Б архи уугаад агсраад янхан гэх мэтээр доромжлоод нүүрэн тус газар алгадаж... тэгээд намайг зодоод гэрээс гараад яваад өгсөн, надаас уучлалт гуйгаагүй...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нутгийн эгч Хажидмаа надтай буудалд хоноод маргааш аймаг буцъя гэсэн. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах Мотел зочид буудалд байрласан...миний утас руу Б залгаад надаас уучлалт гуйгаад хоёулаа эвлэрье гэж хэлээд намайг дуудсан, хорооллын эцэс дээр ирээд Бтэй уулзсан. Б зочид буудал орно гэхээр нь би зөвшөөрөөд хамт “Скай” нэртэй зочид буудалд ороод ресепшнээс үнийг нь асуухад 60.000 төгрөг гэсэн. Б чи буудлын мөнгө төл чи баян гэсэн биздээ гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд чадахгүй гэж хэлээд гараад явсан. Гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Мотел” зочид буудалд очсон, буудалд ороход Зоригоо, Хажидмаа нар пиво уугаад юм яриад сууж байсан. Араас буудлын өрөөнд Б ороод ирсэн. Намайг дагаж ирсэн талаар би мэдээгүй. Зоригоо гэх залуутай намайг хардаад муудалцаж, хэрэлдэж байгаад Зоригоо гараад явсан. Б намайг баруун хацар руу нэг удаа алгадаад янхан гичий гэж хэл амаар доромжлоод 4-5 удаа толгой тус газар цохисон. Үснээс зулгаагаад хэл амаар доромжлоод байсан...намайг хардаад урьд өмнө нь зодож байсан. Сая Зоригоо гэх залуутай хардаад зодсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 11-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3280 дугаартай “Л.Э-гийнбиед баруун доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг үед үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-18/

Шүүгдэгчийн:..2019 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Э пиво уусан байсан тэгхээр нь би уурлаад өөр хүнтэй уусан уу гэхэд үгүй гэсэн. Машины түлхүүр өг би явлаа гэхэд намайг явуулахгүй ноцолдсон. Тэгээд Э уурлаад заазуур барьсан өөрийгөө зүснэ гээд байсан. Би зүүн гартаа барьсан байсан заазуур булааж авах гэтэл Э өөрөө гэдсээ зүсчих шиг болсон. ...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гар утасруу нь залгаад хоёулаа эвлэрий уулзая гэсэн. Тэгэхэд Э Баянзүрх дүүргийн 18-р хороо 38 тоотод байрлах байрнаасаа гарсан байсан. Этэй хорооллын эцэст уулзаад “Скай” нэртэй зочид буудалд орий гэтэл хоногийн 60.000 төгрөг гэсэн тухайн үед мөнгөгүй байсан учраас Эийг чи тооцоогоо хийчихүү гэхэд уурлаад яваад өгсөн. Араас нь очоод Мотел дэн буудалд ороход Хажидмаа гэх эгчтэйгээ байсан. Тэгээд хардаад уурлаад намайг хаяаад явчихлаа гээд нүүрэн тус газар нь 3-4 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайт тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:         

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.         

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй мөн /шүүхийн хэлэлцүүлэгт/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь  2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хэрэг болсон үед өмнө нь зодож цохиж байсан талаар  мэдүүлэгээгүй буюу огт яриагүй байж гэнэт шүүх хуралдаан дээр өмнө нь намайг алгадаж, зодож байсан гэж  ярьж мэдүүлж байгаан нь мэдүүлэгийн  эх сурвалж тодорхойгүй, хөндлөнгийн бусад баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эргийг харгалзан хорих  ял оногдуулав.

Бусад асуудал   

  Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгсугай.  

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

          4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Г.ГАНБААТАР