Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01215/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, бага наран***тоотод байрлах *** ХХК /захирал ***3/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, *** тоотод оршин суух, У***н Б*** /регистрийн дугаар ****/-д холбогдох,

30,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч***, хариуцагч Х.Б*** , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Д*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай *** ХХК нь *** ХХК-тай нефть бүтээгдэхүүн нийлүүлэн худалдах, худалдан авах 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн*** тоот гэрээтэй, иргэн Х.Б*** найз С.Д*** гийн хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх хийсэн гэрээний дагуу Дархан-Уул аймгийн *** ХХК-аас нийт 31 тонн /үнийн дүн 1 литр 1460 төгрөг, нийт 45,260,000 төгрөг/ НӨАТ орсон үнээр бодож түлшийг гэрээнийхээ дагуу Х.Б*** нь хүлээн авсан нь үнэн болно.

Ярилцаж тохиролцсоны дагуу түлшийг Дархан-Уул аймгийн *** ХХК-ийн шатахуун түгээх газраас Х.Б*** өөрийн биеэр баримттайгаар хүлээн авсан ба хамтарч алтны бизнес хийж, ашгаа тэнцүү хуваана гэсэн боловч ярьсан хэлсэндээ хүрээгүй, улмаар уулзахаас цааргалсан мөн утсаа ч хариулахаа байсан. Энэхүү үйлдэл нь хамтарсан гэрээтэй 2 компанийг давхар өрөнд оруулан залилан хохироож байгаа юм. Тус асуудлыг цагдаагийн байгууллагад давхар шалгуулсан болно. Иргэн Х.Б*** аас нийт түлшний үнийн 15,000,000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 30,260,000 төгрөгийг шүүхийн журмаар шийдвэрлэж өгч хоёр компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Б*** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Надаас түлшний үнэ 30,260,000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нь ийм учиртай юм. Анх Ч.Ч*** нь найз С.Д*** гийн хамт 2016 оны 06 дугаар сарын эхээр Дарханд ирж надтай уулзаад сонгуулийн сурталчилгаанд Увс аймаг явах болоод *** ХХК-иас зээлээр дизель түлш авах боллоо. Энэ түлшийг танай аймагт байдаг *** ХХК-иас авах юм. Үүнийг ченжийн үнээр бэлэн мөнгө болгох хэрэгтэй байна. Энэ түлшийг зарж өгөөчээ гэсэн юм. Үүнийх нь дагуу би Дарханы *******, ******* гэдэг хоёр залууг түлш авах уу? гэж асуухад тэр хоёр түлшний үнэ 1 литр нь 1320 төгрөг байна, 1250 төгрөгөөр авбал авъя гэж хэлсэн, тэгэхээр нь би Ч.Ч***, С.Д*** хоёр руу ярьж Дарханд ченжийн үнэ 1250 төгрөг байна энэ үнээр өгөх юм уу гэж асуухад хурдан өгөөд бэлэн болго гэснийх нь дагуу *******, ******* хоёрт зарж өгсөн.

*** аас түлш авахад Ч.Ч*** өөрөө түлш авах хүнийг тэр колонкийн нягтлантай яриулаад түлшийг авахуулдаг байсан. Түүнээс биш би түлшийг өөрийн биеэр авч зардаггүй байсан юм.

Намайг 31 тонн түлш авсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Би тэдний нийт 27,130 тонн түлшийг 33,912,000 төгрөгөөр борлуулж өгсөн юм. Энэ түлшийг нэг өдөр колонкоос авчихаагүй юм. Цувуулаад сарын хугацаанд авсан. Мөнгөн дүнгийн хувьд эхний ээлжинд 2016 оны 06 дугаар сарын 07-нд би Ч.Ч***т 3,375,000 төгрөгийг бэлнээр өгснийг *******, *******, ******* нар харж байсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг өгсөн. Мөн С.Д*** д дансаар нийт 17,320,000 төгрөг шилжүүлж өгсөн банкны баримт нь байгаа бөгөөд С.Д*** ч өөрөө авсанаа хүлээн зөвшөөрдөг юм. Ингээд би Ч.Ч***, С.Д*** нарт 35,695,000 төгрөг өгсөн юм.

Ч.Ч*** нь С.Д*** гаас авбал зохих мөнгөө надаас нэхэмжлээд байна. Ийм учраас би Ч.Ч***т ямар нэгэн өр төлбөр байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...би Х.Б*** аас түлшний үнэ 15,000,000 төгрөгийг авсан. Машины сэлбэг засварын зардалд 2,000,000 төгрөгийг авсан. Би авсан 15,000,000 төгрөгийг Ч.Ч***т өгөхгүй, энэ мөнгийг би түлш зээлээр авсан Оюуны ундраа ХХК-нд өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Х.Б*** д холбогдуулан 31 тонн түлшний үнийн үлдэгдэл 30,260,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал ...21,130 тонн түлшний үнийн үлдэгдэл 21,349,800 төгрөг, ажилчдын цалин 2,700,000 төгрөг, Дарханаас Сэлэнгэ аймаг руу алт олборлох гэж явахад гаргасан зардал 833,500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,960,980 төгрөг, нийт 28,844,280 төгрөгийг хариуцагч Х.Б*** аас гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,415,720 төгрөгийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Хариуцагч Х.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгч *** ХХК нь СС *** ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу авсан 27130 литр түлшийг хариуцагч Х.Б*** авч, түлшний төлбөрт нийт 18,375,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгсөн болох нь хэрэгт авагдсан Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, СС *** ХХК-иас *** ХХК-ний түлш худалдан авалтын тооцоо, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч *** ХХК нь түлшний үнийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагч Х.Б*** нь *** " ХХК-ний захирал Ч.Ч***ын зөвшөөрлөөр СС *** ХХК-ний шатахуун түгээх станцаас 2016 оны 06 дугаар сарын 9-ны өдөр 6700 л, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6700 л, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6700л, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 7030 л, нийт 27130 литр түлш авсан болон түүнд түлшний үнэ төлбөрт 15,000,000 төгрөг, 3,375,000 төгрөгийг тус тус өгсөн талаар зохигчид маргадаггүй болно.

Харин зохигчид 1 литр түлшний үнийг хэдэн төгрөгөөр тооцож худалдсан талаар маргадаг бөгөөд нэхэмжлэгч *** ХХК-ний захирал Ч.Ч*** ...2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр авсан 6700 л түлшийг авахдаа 1 литрийг 1250 төгрөгөөр тооцож, үлдэх 20,430 литр түлшийг 1460 төгрөгөөр тооцож зарсан гэсэн тайлбарыг, хариуцагч Х.Б*** нь ...Ч.Ч*** нь энэ шатахууныг зах зээлийн үнээс доогуур үнээр зарчих, хурдан бэлэн мөнгө болгох хэрэгтэй гэсэн учир түүний зөвшөөрсний дагуу 6700 литр түлшийг 1320 төгрөгөөр, 13730 литр түлшийг 1250 төгрөгөөр тооцож зарсан гэсэн тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

Хэрэгт авагдсан СС *** ХХК-иас *** ХХК-ний түлш худалдан авалтын тооцоо /2016 оны 06 сар/, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Эс Эс *** ХХ худалдан авалтын тооцоо зэрэг баримтад 1 литр түлшний үнийг 1,460 төгрөгөөр тооцож, тогтоосон байх тул худалдсан 27130 литр түлшний үнийг (2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр авсан 6700 л түлшний үнэ 8,375,000 /6700л*1250/ төгрөг, үлдэх 20430 л түлшний үнэ 29.827.800 /20430л*1460/ ) нийт 38,202,800 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.Б*** нь түлшийг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр дээрх тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Х.Б*** ...түлшний төлбөрт Ч.Ч***т 18,375,000 төгрөгийг, С.Д*** д 17,000,000 төгрөг нийт 35,375,000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч Ч.Ч*** ...би түлшний мөнгийг Х.Б*** аас нэхэмжилнэ, би Х.Б*** д 15,000,000 төгрөгийг С.Д*** руу шилжүүл гэж хэлээгүй. Энэ түлш С.Д*** тай холбогдолгүй, би С.Д*** гаас нэхэмжлээгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй, 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно, 29.5-д Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заажээ.

нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Х.Б*** д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Давасамбууд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болно.

Иймд хариуцагч Х.Б*** нь нийт түлшний үнэ 38,202,800 төгрөг төлөхөөс 18,375,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 19,827,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Х.Б*** аас ажилчдын цалин 2,700,000 төгрөг, Дарханаас Сэлэнгэ аймаг руу алт олборлох гэж явахад гаргасан зардал 833,500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,960,980 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба литр түлшний үнэ нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3,2-т ...НӨАТ багтсан үнэ гэж заасан байна.

Иймээс хариуцагч Х.Б*** аас түлшний үнэ 19,827,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 10,432,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Б*** аас түлшний үнэ 19,827,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 10,432,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б*** аас 257,089 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА