| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0785/Э |
| Дугаар | 797 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.М |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 797
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Ж ,
улсын яллагч С.М ,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О-ийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0262 20799 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дугээр хороо, 361-ын гарамд байрлах задгай тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. Б овогтой О-ийн Э , регистрийн дугаар: ...........,.
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч О овогтой Э нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ын гарамд байрлах блокон хашаанд байсан иргэн Б.Ч-ийн өмчлөлийн 1 тооны улаан зүсмийн шүдлэн ухэрийг хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч О овогтой Э нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ын гарамд байрлах блокон хашаанд байсан иргэн Б.Ч-ийн өмчлөлийн 1 тооны улаан зүсмийн шүдлэн ухэрийг хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- Хохирогч Б.Ч-ийн “..2019 оны 05 дугаар сарын 06-ны үдээс хойш 15 цагийн орчим манай 9 тооны үхэр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361 гарамны баруун талаар ертөнцийн зүгээр урагшаа бэлчсэн. Тэр хавьд байдаг тоггоол усанд манай үхэр ус уудаг юм. Тэгээд би гэрийн хажууд талын толгой дээрээс дурангаар харж байхад манай үхэр ус уучихаад усны урд талд буюу 361 гарамын ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах зүүн талдаа ногоон өнгийн төмөр хаалгатай, плокон хашааны хаалга онгорхой болохоор манай 9 тооны үхэр орж байгаа харагдсан. Тэр хашаан дотор адуу тэжээдэг бөгөөд өвс хураалгаастай байдаг болохоор манай үхэр үе үе орчихсон байж байдаг юм. Тэгээд би айлын хашаа руу үхэрнүүд яваад орчихоор нь хүний өвс идчих байх гэж санаа зовоод тэр хашааны зүг рүү алхсан. Намайг дөхөж явахад хашаанаас бараан зүсмийн морь унасан хүн онгорхой байсан хашааны хаалгаар гарч ирээд хашаанаас гарч ирсэн 2 ухрийг хөөгөөд хашаа руу оруулаад хаалгаа хааж байгаа харагдсан. Намайг очих хооронд 17 цаг болж байсан байх. Би тэр хашааны ойролцоо очих үед манай 8 тооны үхэр тухайн хашаанаас гарчихсан урд талд бэлчиж байсан. Тэр хашааны зуун талд байрлах хаалгаар манай үхэр гараагүй, хаагуур гарсныг нь мэдэхгүй байсан. Тэгээд үхрээ бүртгээд үзэхэд улаан зүсмийн эвэртэй, шүдлэн насны, эм үхэр алга оолсон байсан. Би тэр хавиар хайсан боловч олоогүй. Үхэр байсан хашаанд орж үзэхэд дотор нь 2 гэр байрлах бөгөөд хаалганууд нь цоожтой хүн байхгүй байсан. Хашааны хойд талд байрлах зүчээн дотор адуу байж байгаа харагдсан. Би бодохдоо тэр хавийн шаварт унасан байж магадгүй гэж ойлгоод хүн хулгайлсан гэж огт бодоогүй. Тэр өдрөөс хойш 3 өдөр хайж байтал 361 гарамнаас баруун тийшээ Замын эх булаг гэх газрын хүмүүсийн хог хаядаг болчихсон газраас өөрийн алга болсон улаан зүсмийн үхэрний толгой, 4 шийр, ширийг нь хооронд нь салгалгүй махнаас нь өвчиж аваад, дотуураа эрээн өнгийн, гадна тал нь цагаан өнгөтэй уутанд хийгээд хаясан байсныг олсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Энхбат гэх манай үхэр орсон байсан 361 гарамын ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах зүүн талдаа ногоон өнгийн төмөр хаалгатай, плокон хашаанд адуу малладаг залуу хүрч ирээд би танай үхрийн хулгайлсан хүн байна, хохиролыг чинь барагдуулах гэсийн дансны дугаараа өгчих гэж хэлсэн. Би дансны дугаараа бичээд өгөөд явуулсан. Тэр залуу 300,000 төграг данс руу чинь хийе гэж хэлэхээр нь би алдсан үхрээ 500,000 төгрөгөөр үнэлсэн гэдгээ хэлээд явуулсан. 2019 оны 05 дугаар сарын 22- ны өдөр цагдаагийн газар Энхбат гэх залуу надтай уулзаад хулгайлсан үхэрний үнэ гэж хэлээд 500,000 төгрөг бэлнээр өгсөн Манай үхэрний үнэ болох 500,000 төгрөгийг надад бэлэн мөнгөөр өгсөн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/
-гэрч Г.Ариунтуяагийн:..ганцаараа үхэр хулгай хийсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг хх-ийн 14,
-“Тэнцвэр эстимэйнт” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...үхэр 500.000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/
-Шүүгдэгч О.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 30-31, 33, 35, 38 дугаар тал/
-шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 33-38/,
-Хохирогч Б.Ч-эс гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөнгөн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/
-Шүүгдэгч О.Э-ын “...надад мөнгөний хэрэг гараад байсан. Тэгэхээр нь би хулгай хийсэн. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний буруу.” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/ зэрэг гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Э-ыг бусдын малыг хулгайласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй байх ба тус гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгджээ.
Шүүгдэгч нь хохирогч Чинцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг төлж барагдуулсан /хх-9, хх-ийн45/ байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь эхийн хамт амьдардаг, айлын мал малладаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дах заалт, 36.3, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.Э-ыг бусдын малыг хулгайласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ГАНБААТАР