Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 0152

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч С.Оюунжаргал,

            шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн М овогт Ч-ийн Нд холбогдох 2003000450074 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ЭЗШУИС-ийн 3 дугаар курсийн оюутан, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 40-30б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Ч-ийн Н /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дүгээр байрны баруун замд Б.Ггийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас боржур давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 63 настай Л.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х, 6х, 7х, 8-10х/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11х/, хохирогч Л.Эын мэдүүлэг /хх-ийн 15-16х/, гэрч А.Мын  мэдүүлэг /хх-ийн 18-19х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1079 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-31х/, Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газар шинжээчийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 71х/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-40х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 25х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 27х/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 53х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75х/, яллагдагч Ч.Нийн мэдүүлэг /хх-ийн 65х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны баруун замд иргэн Б.Ггийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас боржур давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 63 настай Л.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х, 6х, 7х, 8-10х/,

хохирогч Л.Эын: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр луу орох гээд зам дагуу байдаг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаж байхад ар талд гэнэт түс тас хийж чимээ гарахаар нь эргээд харахад миний араас цагаан өнгийн машин брожур даваад явж байхаар нь би зугтсан боловч араас ирээд над руу нуруу хэсэг рүү мөргөөд намайг газар унагасан. Би босох гэтэл чадахгүй байхад хажуу талаас нэг залуу түшиж босгоод цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд намайг тэр мөргөсөн машинд суулгасан. ...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

Гэрч А.Мын: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө ээж Амаржаргалыг эмнэлэгт үзүүлэхээр би найз охин Намуундарийн хамт явсан ба Намуундарь нь манай ээжийн дүү Гантушаагийн эзэмшлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ээж Амаржаргал хажууд нь суугаад би арын сандал дээр суугаад явж байгаад...19 дүгээр байрны баруун талын төв зам руу нийлдэг хэсэг дээр Намуундарь нь баруунаасаа хойш эргэх гээд жолооны хүрдээ эргүүлсэн боловч бээлий нь орооцолдоод эргүүлж чадаагүй дутуу дарагдаж, брожур мөргөөд явган хүний зам дээр явж байсан эмээгийн араас мөргөсөн. ...машинаас буугаад харахад эмээ машины урд талаас унаад босож ирсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1079 дугаартай: “...Л.Эын биед бүсэлхийн 3-4-р нугаламын их биеийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-31х/,

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын шинжээчийн 56 дугаартай: “...Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Явган зорчигч Л.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71х/,

Яллагдагч Ч.Нийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ч.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Л.Э нь эмчилгээ хийлгэсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүгдэгч Ч.Н нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2.870.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан /хх-ийн 53х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ч.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.Нд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Ч.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал  зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ч.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Минжүүр овогт Чимэддоржийн Намуундарийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ