Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 0165

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч Б.Ундрах,

            шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт Д-ийн Лд холбогдох 1908059420061 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Дашинчилин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хүнсчдийн гудамж .... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн Л /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Д.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Залуус хороолол ... тоот болох гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Дтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун дээд зовхи, хамар, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Дгийн мэдүүлэг /хх-ийн 23х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13603 дугаартай дүгнэлт /хх-ийн 16х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 61-62х, 63-69х/, шүүгдэгч Д.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 31х, 32х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 34х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-43х/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 44-49х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/, шүүгдэгч Д.Лын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 79х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Залуус хороолол ... тоот гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Дтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн завьжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун дээд зовхи, хамар, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Дгийн өгсөн: “...2015 онд анх танилцаад 2016 оны эхээр нэг гэрт орж дундаасаа 1 хүүтэй болсон. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчимд ажлынхаа Ц, М, З, Б нарын хамт гэр лүү ороход манай нөхөр Л байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө хоол цай уучхаад 2.5л хэмжээтэй Нийслэл пиво 2 ширхэгийг хувааж ууцгаагаад 22 цагийн үед манай ажлынхан харьцгаахаар болоод манайхаар гарцгаасан. Би үргэлжлүүлэх санаатай хамт гарах гэтэл манайх нөхөр Л уурлаад гаргахгүй гээд миний нүүр лүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би 00 өрөөндөө ороод сууж байтал гэрт хоёр цагдаа орж ирээд Лаг аваад явсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13603 дугаартай:

“...А.Д-н биед зүүн завьжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун дээд зовхи, хамар, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16х/,

Шүүгдэгч Д.Лын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...орой 22 цагийн орчимд ажлынх нь хүмүүс явцгаахаар болсон. Тэгсэн Д хамт явна гээд байхаар нь би явуулахгүй гэж хориглосон. Тэгсэн Д уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн ба би уурандаа Дг гараараа цохичихсон юм. Тэгсэн унахдаа ширээ мөргөчихсөн. Д босож 00 өрөө ороод дотроос нь түгжчихсэн тэгэхээр нь би хутгаар хаалгыг онгойлготол Д зүүн гарын бугуй дотор хэсэгт сахлын татуургаар гараа зүсчихсэн байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Л, хохирогч А.Д нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 4 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс болсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Л нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Д.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах нь Д.Лд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Лд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Д.Лд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Лын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Л г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ