Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0172

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Э-ын Бд холбогдох 2008006350210 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хараат хайрхан уул” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч, эх, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 09 дүгээр гудамжны 339 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хамбын ... дүгээр гудамжны ... тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Цг “дагавар хүүг маань загналаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж, сандлаар баруун гарын мөр, тохой шуун тус газар, гэрийн унины модоор толгойн тус газар нь тус тус цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Цгийн мэдүүлэг /хх-ийн 15х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1753 дугаартай дүгнэлт /хх-ийн 22х/, гэрч Х.Цгийн мэдүүлэг /хх-ийн 19-20х/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 50-51х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 52-56х/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 57-58х/, шүүгдэгч Э.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 38х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 39х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/, шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хамбын ... дүгээр гудамжны ... тоотод байрлах гэртээ байхдаа “ээж болон хүүг маань загналаа, түлхэж унагаалаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Д.Цтой маргалдан түүний толгойн тус газар нь гараараа цохиж, сандлаар баруун гарын мөр, тохой шуун тус газар, гэрийн унины модоор толгойн тус газар нь тус тус цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч Д.Цгийн өгсөн: “...Би хамтран амьдрагч Э.Бтай хамт нэг газарт ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сараас хамт амьдардаг болсон. Бид хоёр тэдний гэрт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд хамт амьдардаг байсан. Би өөрөө 15-18 насны хоёр охинтой, Б 9 настай нэг хүүтэй юм. Бид хоёр хамт амьдраад 2018 онд дундаасаа нэг хүүтэй болсон, 2019 оны 12 дугаар сарын 15-наас  хойш би тусдаа ээжийнхээ гэрт гурван хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм. Б 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бага хүү Тийг санаад байна гээд өөр дээрээ түр авсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай бага хүү Тийн төрсөн өдөр болж байгаа учир би тэр өдрийн орой 18 цаг өнгөрч байхад Бгийнд ирсэн. Намайг ороход ээж Ц нь байсан бөгөөд Б, М гэх залуутай архи уугаад сууж байхаар нь түүнийг хүүхдийн төрсөн өдөр болж байхад юм бэлдэхгүй архи уугаад сууж байх юм гэж хэлэхэд тэр уурласан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд бид нар дэлгүүрээс торт аваад хоол хийж идэцгээсэн. Хоол идсэний дараа унтах гээд байж байхад Бгийн хүү 9 настай Чга газар гишгэсэн муухай оймстойгоо ор дэрэн дээр гүйгээд байхаар нь би түүнийг боль, чамд зөндөө хэлж байгаа ш дээ, том болчихоод юм ойлгохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б хүүхдээ өмөөрөөд босож ирээд намайг барьж аваад толгой түрүүгээ гараараа цохисон. Над руу сандал, аяга, тавга шидээд агсраад орилоод байсан. Гэрийн унь мулталж аваад толгойнд цохисон. Сандлаар баруун гарын мөр, тохой, шуу дээр бас цохисон. Тэгээд зодож байх үед нь би гарч цагдаа дуудна, би өөрөө явлаа гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл ээж нь босож ирээд намайг гаргахгүй хаалга дарахаар би түүнийг уурандаа түлхэж унагасан. Тэгсэн Б намайг гаргахгүй байсан. Би тэгээд ээж рүүгээ яриад хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй манай ах, ээж хоёр ирсэн. Тэгээд тэр хоёрыг байж байхад цагдаа ирсэн. Б манай ахыг ирж байгааг мэдээд гараад зугтаачихсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1753 дугаартай: “...Д.Цгийн биед дух, зүүн зовхи, баруун шуу, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/,

Гэрч Х.Цгийн өгсөн: “...Би төрсөн хүү Эын Б болон түүний хүү 09 настай Чгын хамт амьдардаг юм. Манай хүү Б нь Ц гэж эмэгтэй 2018 онд танилцаад ирж очиж явж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т гэж хүүтэй болсон юм. Ц тэр хүүтэйгээ өөрийнхөө эх дээр амьдардаг юм. ...Би тэгээд унтаж байтал гэнэт юм пижигнээд маргалдах чимээ гарахаар нь би сэрээд юу болоод байна гэхэд юм хэлээгүй. Тэгтэл манай хүү Б Ц миний хүү Чгыг орон дээр оймстой гишгэлээ гээд загнаад гэсэн. Тэгээд л Ц уурлаад явах гээд байгаа бололтой миний орны хөл дээр суучихсан, манай хүү Б чи явахаар дандаа айлгадаг гээд хэрэлдээд байсан. Ц хувцсаа шүүрч аваад цагдаад дуудна гээд ухас гээд гарах гэхээр нь би түүнийг зогсоох гэтэл тэр намайг гараараа түлхэж газар унагатал манай хүү Б хүрч ирээд Цг барьж аваад ээжийг зодлоо гээд алгадаад авсан. Тэгтэл Ц гэрийн хойморт гүйж гараад гар утсаараа залгаад “Ээжээ охиныг чинь алах гээд байна. Та ирээд аваач” гэсэн. Би тэгэхээр нь “тэг тэг ээжийгээ дуудаад ир, та хоёр амьдрах гээд байгаа юм шиг, үгүй ч юм шиг хоёр жил явлаа, ээжийгээ аваад ир би ч гэсэн ярилцмаар байна” гэсэн. Ингээд удалгүй цагдаа дуудлагаар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хамтран амьдрагч Цтой 2017 онд танилцсан юм. Энэ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой бид нар манай гэрт миний бага хүү Б.Тийн төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Энэ өдөр миний хамтран амьдрагч Д.Ц нь Эмээлтээс ээжийнхээ гэрээс манайд орой ирсэн ба бид нар гэртээ хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэж торт, хоол идчихээд орой 23 цаг болж байх үед өөрийнхөө унтдаг ороо засаад унтаж амрах гээд орон дээрээ хэвтэж байтал манай хоёр хүү орон дээгүүрээ гүйж тоглосон юм. Тэгсэн чинь хамтран амьдрагч Ц миний том хүү Чгыг орон дээр оймстой гишгэлээ гэж загнахаар нь би Цд “яахав дээ хүүхдүүд тоглоод гишгэж л байг л дээ” гэж хэлсэн чинь Ц уурлаад куртикаа шүүрч аваад “Чи дандаа хүүхдээ өмөөрч байдаг юм” гээд гарч явна харьлаа гэсэн. Тэгтэл манай ээж унтаж байснаа сэрээд орой шөнө болсон хойно хэрүүл хийлээ, одоо унтацгаа гэж хэлсэн. Тэгээд Цг гарах гэтэл ээж босоод гаргахгүй гээд татсан чинь ээжийг гараараа түлхээд ээж газар бөгсөөрөө суусан. Би тэгэхээр нь ээжийгээ өмөөрөөд Цг барьж аваад нүүрлүү нь хоёр алгадсан. Мөн орны урд байсан сандлаар гар мөр лүү нь цохисон. Гэрийн унь аваад толгойны хажуу хэсэгт нь цохисон. ...Тэгтэл Ц уйлаад өөрийнхөө ээж, ах руугаа яриад хүрээд ир намайг зодоод байна гэж утсаар хэлсэн. Би халамцуу байсан учир цагдаа авч ирээд эрүүлжүүлэх байх гэж бодоод зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдүүдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.Б, хохирогч Д.Ц нар нь хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн нь Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Бд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Э.Бг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Г.АЛТАНЦЭЦЭ