Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 0189

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Д.Туяана,

            шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Н-гийн Бд холбогдох 2008005170212 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчний ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, Урьд

Барилгын цэргийн шүүхийн 1979 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Найрамдлын районы ардын шүүхийн 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ... дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил, 109-р зүйлийн Б-д зааснаар 5 жил хорих ял, хөнгөнийг хүндэд нь багтааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн шүүхийн 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ял, 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, хөнгөнийг хүндэд нь багтааж хорих ялын хугацааг 5 жилээр тогтоож, урьд тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ялын заримыг нь нэмж нэгтгэн, нийт 7 жилийн хорих ялаар,

Октябрийн районы ардын шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлсэн, Б овогт Н-гийн Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Н.Б нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчний ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Д.Сгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи дОт, зүүн хөмсөгт шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, баруун дал, хоёр бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Сгийн мэдүүлэг /хх-ийн 10-11х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1611 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14х/, гэрч Б.Эгийн мэдүүлэг /хх-ийн 27-28х/, гэрч С.Оын мэдүүлэг /хх-ийн 31-32х/, гэрч Ч.Сийн мэдүүлэг /хх-ийн 35-36х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 45-53х/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 54-55х/, шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 69х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 70х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 72х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-74х/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 106х/, шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчний ... дугаар гудамжны ... тоотод өөрийн эхнэр Д.Сгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч Д.Сгийн өгсөн: “...Би 1989 оноос эхлэн Г гэх хүнтэй үерхэн нөхөрлөж байгаад 1991 онд хүү Оыг төрүүлсэн, 1992 онд салаад хүүгээ өөрөө өсгөсөн. 1993 онд Бтэй танилцаад дотносож 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр албан ёсны гэр бүл болж 1996 онд хүү Эг,  2004 онд Аг төрүүлэн хамтдаа өсгөж амьдарч ирсэн. Бид хоорондоо маргалдаж муудалцах зүйл зарим үед гардаг боловч зодож цохих нь гайгүй байдаг байсан. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Б миний гар утас руу залгаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин ... тоот өөрийн гэрт хүрээд ир гэж гар утсаар залгаад хэлсэн. ...Би ажлаасаа тараад ...21 цаг өнгөрч байхад ирсэн чинь Б согтуу гал тогооны өрөөнд сууж байсан бөгөөд намайг энд суу гээд бид урд урдаасаа хараад сууж байсан. Тэгээд Б юу болсон талаар буюу миний дагавар хүү Отой урд өдөр нь маргалдсан талаар ярьж эхэлсэн. Тэгээд чиний шээс намайг доромжилсон гээд дайрч давшлаад байсан бөгөөд босч ирээд миний нүүр рүү гараараа цохиод миний үснээс зулгааж том өрөө рүү оруулаад гараараа мөн нүүр рүү цохих үед би газар унасан. Энэ үед миний нүүр рүү өшиглөсөн чинь миний нүдэнд гал бутрах шиг мэдрэмж төрөөд нүд харанхуйлсан. Тэгтэл дээрээс дарж миний хоолойг гараараа бооход би хэсэг хугацаанд ухаан алдсан. Намайг сэрээд ухаан орох үед эмэгтэй хүний дуу гараад байсан бөгөөд хажуу айлын эгч С гэрт ороод ирсэн байсан. Тэгээд Бд хандан “чи эмэгтэй хүнийг ийм болтол зодож яаж байгаа юм, одоо би түргэн тусламж дуудна, эмнэлэг дуудна, хүүг чинь дууднаа” гээд орилоод байсан. Энэ үед Б надад хэлэхдээ “хохь нь, чи өөрийнхөө шээсний оронд зодуулж үйлээ эдэлж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б бид хоёрын дундаас төрсөн хүү Э гэрт хүрч ирээд “та ээжийг өөрөө дуудаж ирүүлээд ингээд зодчихож байгаа юм уу” гээд маргалдаад байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,

Гэрч Б.Эгийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ... гэртээ байж байхад 17-18 цагийн үед аав Б миний гар утас руу залгаад “О ах чинь гэрт архидаад хөнжлийн дэвсгэр дээр баасан байна, ээжийг чинь ирж цэвэрлэ гээд хэлчихлээ, чи бас хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй ээж С ... цэвэрлэгээ хийхээр явж байна гэж миний гар утас руу залгаж хэлсэн. Тэгэхээр нь би аавыг О ахтай маргалдсан байна гэж бодсон.  ...Би утсаа тасалчхаад дахин залгахад хажуу айлын эгч ээжийн гар утсыг аваад “чи яаралтай хүрээд ир, аав, ээж хоёр чинь хоорондоо маргалдаад аав чинь ээжийг чинь зодсон байна” гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ такси бариад хүрээд ирэхэд ээж зодуулсан байдалтай гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгэхээр нь би ааваас юу болсон талаар асуухад О намайг доромжиллоо гээд уурлаад хашхираад байсан. Тухайн үед аав маш их согтолттой байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. ...Нүүр нь нэлээн цохиулсан байдалтай баруун хөмсөг нь язарсан шархтай цус гоожоод байсан. Баруун хөл нь бага зэрэг хөндүүрлэн өвдөж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Гэрч С.Оын өгсөн: “...Намайг бага байхад ээж С миний төрсөн ааваас салаад 1994 оноос эхлэн Б гэх хүнтэй хамт амьдарч эхэлсэн.  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө ажлаас буугаад ажлын газрын хүмүүстэй нэг газар ороод хэсэг сууж 0.75 литрийн шилтэй архи дөрвүүлээ хувааж уугаад гэртээ ганцаараа ирээд унтаж байхад хойд аав Б 11 цагийн үед гэрт ирээд намайг согтуу байхыг хараад чи манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд солиор пизда минь гэж хэлээд бид хоёр маргалдсан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би гэрээс нь гарч яваад найзындаа хоносон. ...2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой ээж миний гар утас руу залгаад аав чинь дуудаад байна очоод уулзаад ирье, чи яах гэж хэрүүл хийгээд байдаг юм гэж хэлсэн. Би хариуд нь хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь тэссэнгүй ээ ээжээ гэж хэлсэн. Тэр орой намайг ажилтай байхад 00 цагийн үед дүү Э миний гар утас руу залгаад “ээжийг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин ... тоот гэрээс аваад явж байна, аав өөрт чинь уурлаад ээжийг зодсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

Гэрч Ч.Сийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр намайг гэртээ байж байхад орой 21 цагийн үед Б манай гэрт сууж байхад гаднаас С орж ирээд нэлээн даарсан байна гээд цай уугаад дулаацахаар сууж байхад Б манай гэр дулаахан байгаа гэртээ оръё гээд яаруулаад аваад гарсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Б манай гэрт орж ирээд би би Сгийг зодчихлоо гээд ороод ирэхээр нь би урд хэрэлдэж маргалдаж, зодолдож харагдаагүй байж арай ч зодчихгүй байх гэж бодоод үнэмшихгүй байсан болохоор битгий хуцаад бай, чамд зодуулдаг хэн байдаг юм гэж хэлсэн. Тэгээд Б гараад явчихаар нь гэртээ хэсэг сууж байгаад гарсан чинь хаалга нь онгорхой байхаар нь ортол С том өрөөндөө нүд нь хавдсан, хөмсөгнөөс нь цус гарсан байхаар нь би их цочирдож Бд хандан чи одоо хүний үнэргүй новш вэ гээд хашхирч, загнаж эхлэхэд Сгийн гар утас дуугараад С хүү Этай яриад байсан, тэгээд надад өгөхөөр нь би Эг хурдан ир гэж хэлсэн. Тэгэхэд Э та намайг очтол харж байгаарай гээд байхаар нь Бд дахин зодуулахгүй гэж харж зогсож байхад удалгүй хүү Э нь ирсэн бөгөөд хүү Э нь түргэн тусламж дуудсан бололтой түргэн тусламжийн эмч ирсэн. ...Намайг гэрт нь ороход Сэлэнгийн хаанаас нь гараад байгааг мэдэхгүй нүүр нь цус болсон, нэг нүд нь их хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1611 дугаартай: “...Д.Сгийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, баруун дал, хоёр бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14х/,

Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин ... тоот гэртээ ирэхэд хүү О гэртээ согтуу унтаж байхаар нь хөнжлийг нь сөхөөд энэ гэр архичингийн гэр орон биш манай гэрээс зайл, хол очиж архиа уу гээд хөөсөн чинь явдаг хүн болоод хувцсаа өмсөөд, хувцсаа цүнхэндээ хийгээд гарахдаа чи муу шоронд хошногоо худалдаж амьдардаг байсан гэж сонссон. Би явлаа, чадна за юу пизда минь гээд гараад явсан. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед С гэрт орж ирэхээр  нь би архи уусан халамцуу сууж байсан бөгөөд дагавар хүү Оын надад хэлсэн үг, гэрт баасан байдалд нь уур хүрээд Сд уурлаж намайг амьд байхад та нар ингэж доромжлохгүй шүү, гэрт хүүхэд чинь баачихсан байна гэхэд С нохой гэрт оруулж ирсэн гэсэн. Нохой баасан байх гэхээр нь би орны бүтээлэг дээр байсан баасыг нь өөрт нь үзүүлээд энэ хүнийх байна уу, нохойных байна уу хараач гэж хэлээд уурлан гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд үснээс нь зулгааж чирээд газар унагаж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч Н.Б, хохирогч Д.С нар нь 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан  байх тул Н.Б, Д.С нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзэх ба шүүгдэгч Н.Б нь дагавар хүүхэд болох Г.Отой муудалцаж маргалдсан уур бухимдлаа эхнэр Д.С-д гаргаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан ажээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 11х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяана нь Н.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Н.Бд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан Н.Бгийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй, мөн урьд нь 5 удаа ял шийтгэгдэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Н.Бгийн дээрх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Г.АЛТАНЦЭЦЭГ