Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0195

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч М.Амарзаяа,

            шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Ц-ийн Ст холбогдох 1908046760167 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 90 дүгээр гудамжны 1307а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн С /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ц.С нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр явж байхдаа 12 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлаас гар өргөн суусан иргэн Б.Жыг Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороолол хүргэж өгөхдөө түүний таксинд гээгдүүлсэн Самсунг А-50 гар утсыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Б.Жаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6х/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9х/, хохирогч Б.Жы мэдүүлэг /хх-ийн 18-19х, 20х/, гэрч С.Шы мэдүүлэг /хх-ийн 27-28х/, “Мастер үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 35-36х/, Юнител ХХК-ий 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-01/392 дугаартай албан бичиг /хх-ийн 48х/, шүүгдэгч Ц.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 53х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54х/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 55х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 56х/, хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57х/, шүүгдэгч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа тус таксигаар үйлчлүүлсэн иргэн Б.Ж нь Самсунг А50 маркийн гар утсаа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороололд ирж буухдаа мартаж буусныг завшиж 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Б.Жы цагдаагийн байгууллагад гаргасан: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой багшийн дээдээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд буусан, буухдаа Самсунг А50 маркийн гар утсаа мартаж буусан... утсыг минь олж өгч тусална уу...” гэх өргөдөл /хх-ийн 6х/,

Эд зүйл түр хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Самсунг А50 маркийн гар утсыг хураан авсан тухай” /хх-ийн 7-8х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...Самсунг А50 маркийн гар утсыг хохирогч Б.Жд хүлээлгэн өгсөн” тухай /хх-ийн 9х/,

Хохирогч Б.Жы өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12-14 цагийн хооронд 10 дугаар хорооллын автобусны буудал дээрээс таксинд суусан ба Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороолол оръё гэсэн юм. Тэгээд 21 дүгээр хороолол дээр ирээд таксины мөнгийг Хаан банкны АТМ-ээс авч өгөх санаатай АТМ ороод буцаад ирсэн чинь миний сууж ирсэн такси яваад өгсөн байсан ба би таксин дотор гар утсаа мартсанаа санасан юм. Юнителийн салбараас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр лизингээр 860.000 төгрөгөөр авч байсан. ...650.000 төгрөгөөр үнэлж байна.  ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х, 20х/,

Гэрч С.Шы өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын үед гэж санаж байна, манай аав болох С нь гар утас олоод миний хүү барьж бай гэхээр нь би ашигласан юм. Аавын надад өгсөн гар утас нь Самсунг А-50 маркийн гар утас байсан ба формат хийсэн байсан. Таксинд явж байгаад олсон гэсэн. Тэгээд би өдийг хүртэл ашиглаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...Самсунг А-50 маркийн гар утас 650.000 төгрөг, гар утасны гэр 10.000 төгрөг нийт 660.000 төгрөг” гэх /хх-ийн 35х/,

Юнител ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-01/392 дугаартай албан бичигт: “...356644..., 356645... имэй кодтой утсанд 80511135 дугаарыг хийж ашигласан байна. 80511135 дугаар нь С овогтой Ш, МЗ01302315, Чингэлтэй 16 согоотын 90-1307а тоот” /хх-ийн 48х/,

Шүүгдэгч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сард багшийн дээдийн автобусны буудлаас Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороолол руу нэг хүний 2000 төгрөгөөр хүн авч явахаар зарлахад миний машинд нийт 4 хүн суусан. Тэгээд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр бүх хүмүүс буугаад явсан, уг хүмүүс нь машинд суухдаа мөнгөө өгсөн байсан болохоор шууд яваад өгсөн. Ингээд би маргааш өглөө нь машинаа цэвэрлэж байтал арын сандлын шалавч дээр Самсунг маркийн хар өнгийн мэдэрдэг дэлгэцтэй гар утас байхаар нь үзтэл ямар ч цэнэггүй байсан тэгэхээр нь уг гар утсыг машины урд талын хайрцагт хийгээд явж байгаад 2019 оны 10 дугаар сард Тэди төв дээр лангуугүй нэг ширээ тавьсан байсан хүнээр уг гар утсыг кодыг нь гаргаж форматлуулсан, би дараа нь уг гар утсыг үзэхэд уг гар утас дээр ямар нэгэн мэдээлэл байхгүй, шинэ гар утас шиг болсон байсан. ...би гар утсаа өөрийн хүү Шд өгсөн юмаа. Манай хүү Ш өөрийн ... гэсэн дугаарыг хийгээд барьж байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хүү Шыг цагдаагаас дуудаад тэгээд болсон зүйлийг би цагдаад хэлээд олсон гар утсаа цагдаад хураалгасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.С болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

                  Иймд шүүгдэгч Ц.Сыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жд нийт 660.000 төгрөгийн  хохирол учирсан байх бөгөөд хохирогчид Самсунг А50 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 9х/, хохирогч нь “...утсаа бүрэн бүтэн олж авсан тул Ц.Саас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлтийг гаргасан /хх-ийн 18-19х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа нь Ц.Ст холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.Ст танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Ц.Сын үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, цалин хөлс орлоготойг илэрхийлсэн баримт тус хэрэгт авагдсан байх тул дээрх байдлыг харгалзан Ц.Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Сыг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ