Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 0217

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

           улсын яллагч Н.Ундрах,

            шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Н овогт Ц-ын Ад холбогдох 2008005180223 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Ц-ын А /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... тоот гэртээ эр эмийн хардалтын улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Ныг гуталтай хөлөөрөө өшиглөх, чихнээс нь зулгаах зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун хөмсөг, зүүн чихэнд шарх, хамар, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2х/, Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 85х/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 86-87х/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 89-90х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 91-99х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6х/, хохирогч Н.Нын мэдүүлэг /хх-ийн 18-19х/, гэрч Д.Гийн мэдүүлэг /хх-ийн 29-32х/, гэрч Д.Шгийн мэдүүлэг /хх-ийн 33-36х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1682 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22х/, шүүгдэгч Ц.Аы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 73х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83х/, шүүгдэгч Ц.Аы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... тоотод өөрийн эхнэр Н.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч Н.Нын өгсөн: “...Би өөрийн нөхөр Атай 2000 онд танилцаад үерхэж дотносон 2002 онд хүү Эийг, 2014 онд охин Нийг төрүүлэн хамтдаа үр хүүхдүүдээ өсгөн ажиллаж амьдарсаар ирсэн. Бид хамт амьдарч байсан цагаасаа эхлэн зарим үед хэрэлдэж маргалдах үе байсан боловч зодолдож цохиод байдаггүй байсан юм. ...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө А ...бид 2 дэлгүүр орж талх, ойр зуурын идэх юм аваад А 0,75 литрийн Стандарт нэртэй архи нэг шилийг авч, ... архиа бид 2 хамт бага багаар ууж дуусахад А согтчихсон. Би гал тогооны өрөөнд суугаад дэлгүүрээс худалдан авсан нэгжийг гар утсандаа хийгээд зогсож байхад А хүрч ирээд чи хэнтэй ярих гээд байгаа юм, юун нэгж хийгээд байна гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Би хариуд нь би хэнтэй ярих билээ, зүгээр гар утсандаа нэгж хийж болдоггүй юм уу гэж хэлэхэд миний нэгжийн картыг булааж авах гээд намайг гал тогооны өрөөний плита шалан дээр унагасан. Тэгэхээр нь би чи яаж байна аа гээд орилоход миний нүүр лүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний хөмсөг орчмоос цус гараад байхаар нь чи намайг яагаад зодоод байгаа юм гэхэд тэгээд одоо босооч гээд чихнээс зулгааж татсан. Би өөрөө босоод шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Миний биед учирсан хөмсөгний гэмтлийг А гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулсан. Тэгээд өшиглөхөөр нь би гараараа хаасан чинь гартай хамт өшиглөсөн учир зүүн гарт гэмтэл учирсан. Харин намайг газар байхад чихнээс татаад босгох гээд чихний арыг шархлуулсан. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд бид 2 сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1682 дугаартай: “...Н.Нын биед баруун хөмсөг, зүүн чихэнд шарх, хамар, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/,

Гэрч Д.Гийн өгсөн: “...Миний хүү А Нтай албан ёсны гэр бүл болоод 20 жил хамт амьдарч байна. Одоогоос 2 жилийн өмнөөс аль аль нь архи их уугаад байдаг болсон байсан. Би зарим үед гэрт нь очоод эр эм 2 нийлээд архи уугаад байхаар яаж амьдарсан болох билээ. Энэ 2 хүүхэд чинь хэн болж өсөж торних вэ? Яасан арчаагүй амьдрал вэ гэх мэтээр их хэлдэг. Тэгсэн ч миний үгийг тоохгүй зарим үед уучихсан байдаг. ...Нын духанд нь шарх болоод оёдол тавиулсан, нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

Гэрч Д.Шгийн өгсөн: “...Охин Н нь хөмсөг, зүүн чихэнд нь оёдол тавьсан байсан бөгөөд зүүн нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Шүүгдэгч Ц.Аы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг урьд хуурч олон хоног хажуугийн айлын залуутай явалдаад ирсэн. Би өөрийн хүүхдүүдээ бодоод хэрүүл маргаан тухайн үед хийгээгүй өнгөрсөн боловч зарим үед бодоод гомдоод байдаг. Тэгээд эхнэртээ гар хүрч цохиж зодсон байсан. ...Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч Ц.А, хохирогч Н.Н нар нь 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан байх тул Ц.А, Н.Н нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзэх ба шүүгдэгч Ц.А нь архи ууж согтуурсан байхдаа  эхнэр Н.Ныгаа бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан ажээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.А нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 19х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах нь Ц.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.Ад танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Аы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нийслэлийнхэн овогт Цэдэвдамбын Аюурзаныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ