Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0658/З |
Дугаар | 221/МА2021/0237 |
Огноо | 2021-05-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0237
“Н Ф К ББСБ” ХХК
нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Нийслэлийн Төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч татварын улсын байцаагч О.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н Ф К ББСБ” ХХК нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Төсвийн татварын орлогын тасгийн дарга, тус газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг тус тус баримтлан “Н Ф К” ББСБ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 463012293 тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах, “Н А” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 463014448 тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах, “Н Л” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4530168628 тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 10 000 000 /арван сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Н Ф К ББСБ” ХХК, “Н А” ХХК, “Н Л” ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н Ф К ББСБ” ХХК, “Н А” ХХК, “Н Л” ХХК-ууд тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Н Ф К ББСБ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэсэн байх бөгөөд тухайн автотээврийн хэрэгслийн эзэмшигч татвар төлөгч байхаар хуульчилсан байна. Энэ агуулгаар тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч гэж тодорхойлох боломжтой тул уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс тухайн төрлийн татварыг ногдуулж болно. Мөн шүүх тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар заасныг үндэслэжээ. Учир нь хариуцагч болон нэхэмжлэгч нар нь дээрх автомашин нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа асуудалд маргаж байхад шүүх Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд автотээвэрийн эзэмшиж буй хүвь хүн аж ахуй нэгж, байгууллага албан татвар төлөгч байна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна гэж заасан. АБТТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4-д тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж хуульчилсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр нэхэмжлэгч компаниуд нь өмчлөгчөөр бичигдсэн гэж дүгнэсэн. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд эзэмшигч, эсвэл өмчлөгчийг зааглаж дүгнээгүй. Иргэний хуульд эзэмших эрх, өмчлөх эрхийг тодорхойлсон байгаатай нийцэхгүй байна.
2. Уг хуулийн агуулга нь Монгол Улсын бүртгэлийн санд байгаа автотээврийн хэрэгслээс албан татварыг ногдуулах бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй л бол тээврийн хэрэгслийн албан татварыг төлүүлэх тухай зохицуулалт байна. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч хуулийн этгээд автомашиныг ашиглаж байгаа эсэхээс үл хамаарч татвар төлөгч байх ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.
Түүнчлэн шүүхээс Автотээврийн үндэсний төв дээрх бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагааг, марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотолж байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм. Гэтэл Автотээврийн үндэсний төвөөс ирсэн лавлагаагаар “Н Ф К ББСБ”-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэж лавлагаа ирүүлсээр байхад ББСБ-ын худалдаа хөгжлийн банкны данснаас 60 сая төгрөгийг хариуцагч байгууллага татаж авсан хууль бус үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3. Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь дээрх автомашин нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа асуудалд маргадаггүй. Нөгөө талаар тухайн автомашинууд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн нь тухайн автомашины шууд өмчлөгч болсон гэсэн үг биш.
Зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулсан автомашинаар хангуулах бөгөөд энэхүү гэрээний дагуу тухайн автомашиныг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах эрх үүсдэггүй.
4. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй нь хуульд нийцсэн гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нөгөө талаар шүүхээс хариуцагч “Нийслэлийн татварын газраас татварын суутгал хийхээр мэдэгдсэний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан тохиолдолд нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломж байсан ч харгалзаж үзээгүй.
5. Хариуцагч татварын байгууллагын нэхэмжлэгч гурван хуулийн этгээдийн данснаас татсан нийт 100,000,000 төгрөгт яг ямар, улсын дугаартай хэдэн тээврийн хэрэгслийн орж орсон талаарх задаргаа мэдээллийг гаргуулах, нотлох баримтаар хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан ч цуглуулаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт тухайн захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулахдаа түүнийг нотлох баримт, тэмдэглэл үйлдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд хариуцагч байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй тул эдгээр баримтууд байдаггүй. Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдаж, татвар суутган авсан актыг гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан талаарх баримтыг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд илт үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгч “Н Ф К ББСБ” ХХК нарын өмгөөлөгч Д.Т Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/0122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна.
1. “Н А” ХХК, “Н Л” ХХК, “Н Ф К ББСБ” ХХК-уудад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №35350031, №353510032, №353510033 дугаартай “Татварын албанаас татвар төлөгчдөд хүргүүлэх мэдэгдэх хуудас”-уудыг гаргасан байх ба уг мэдэгдэх хуудсанд:
Мэдэгдэх хуудсыг гардуулсан: Татварын албаны нэр-Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн төсвийн Татварын газрын татварын орлогын тасгийн дарга Д.О гээд гарын үсэг зурсан байх ба “Татварын өрийн тооцоолол”-ыг татварын улсын байцаагч О.Ө гаргасан байна.
Энэхүү мэдэгдэх хуудасны доор нь “Татварын өрийн тооцоолол”-уудын /мэдэгдэх хуудасны дугаар №353510031 гэж нэгэн ижил дугаар тавьсан байна. Энэхүү мэдэгдэх хуудсанд “Татварын өрийн тооцоолол” гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гээд тээврийн хэрэгслийн АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ зэргийг 154,083,388 төгрөг, 79,672,234 төгрөг, 47,121,448 төгрөгөөр хэрхэн яаж тооцоолсон, хэдээс хэдэн онуудынх, хэдэн тооны тээврийн хэрэгслээр хэрхэн тооцоолон гаргасан аргачлал нь тодорхойгүй, ойлгомжгүй, нарийвчилсан задаргаа огт байхгүй байгаа болно.
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №35350031, №353510032, №353510033 дугаартай “Татварын албанаас татвар төлөгчдөд хүргүүлэх мэдэгдэх хуудас”-уудыг нь Захиргааны Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “Захиргааны акт” гэж үзэх бөгөөд захиргааны актыг гаргахдаа мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3-т заасны дагуу манай компаниудыг татан оролцуулах байсан.
Мэдэгдэх хуудсыг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 4.2.7-д заасан зарчмуудыг үндэслэн хууль ёсны гарах байсан боловч энэхүү хуулийн зарчмуудыг үйл ажиллагаандаа огт баримтлаагүй, хэрэгжүүлээгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг удирдлага болгон нөхцөл байдлыг тогтоохдоо 24.1, 24.2, 24.3, 24.4, 24.5-д заасныг баримтлан тогтоож, 25 дугаар зүйлд заасан “Нотлох баримт цуглуулах” ажиллагааг хийж, 26, 27 дугаар зүйлд зааснаар “Сонсох ажиллагааг явуулах” ёстой байсан гэж үзэж байна. Хэрвээ хуулийн зохих зүйл заалтуудыг удирдлага болгон зохих журмын дагуу “Татварын албанаас татвар төлөгчдөд хүргүүлэх мэдэгдэх хуудас”-ыг үйлдсэн бол аль аль талдаа ойлгомжтой тодорхой нөхцөл байдал үүсэх байсан.
Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-д заасны дагуу Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл болон оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй ба 32 дугаар зүйлд заасны дагуу “Оролцогч баримт бичигтэй танилцах боломж олгож, шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах эрхтэй” гэж заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гарсан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2021/07757 дугаар захирамжаар: Монголын банкуудын холбоо, Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв гэх гурван байгууллагуудын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэрийг гаргуулах, Авто тээврийн үндэсний төвд бичиг баримтын үзлэг хийх гэсэн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн.
Уг захирамжийн дагуу шүүхээс Авто тээврийн үндэсний төвд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1/1134 дүгээр үзлэг хийх тухай албан бичиг явуулан Авто тээврийн үндэсний төвд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутад үзлэг хийсэн болно. Үзлэгээр: Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд үзлэг хийж VRS өмчлөгч, эзэмшигч хэрхэн харагддаг талаар screenshot хийж хуулбарлан авав. Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Золжаргалын компьютерт үзлэг хийв. Мөн банкуудын холбооны ажлын албаны хүнтэй утсаар ярьсан талаар тусгажээ. Шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/Ш32021/07757 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлт хангаж шийдвэрлэсэн ба энэхүү захирамжийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш танилцах тухайгаа удаа дараа хандсан боловч шүүгчийн туслах гараагүй байна, гарын үсэг зурагдаагүй байна коронагийн тусгаарлалтад орчихсон байна гэх зэргээр танилцах боломж олгоогүй.
Үзлэг хийсэн тэмдэглэлд 99053723 утсаар залгаж холбогдов гэдэг байдлаар ойлгомжгүй хууль зөрчсөн ажиллагаа хийсэн. /Д.Э гэх хүнтэй ярьж холбогдох үеэр хэргийн нэхэмжлэгч хариуцагч талын аль аль нь байлцуулаагүй, хөндлөнгийн гэрч ч оролцуулаагүй байдаг. Ер нь үзлэг хийсэн тэмдэглэлд тусгасан өөрөө хууль зөрчсөн үйлдэл ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу нотлох баримт цуглуулахтай холбоотойгоор Монголын банкуудын холбоо, Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэргийн хамтарсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг гаргуулах талаар албан ёсны тоотоор хандаж, албан тоотын хариу аваагүй.
2. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан эхэлсэн үед шүүгчийн туслах н.Ц-ийг шүүх хуралдааны нарийн бичгээр дуудуулж, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”-д шууд засвар хийлгэсэн. /Ц тэмдэглэлийг засах үед адил өнгийн балаар засахыг зөвлөж байсан/ Үзлэгийн тэмдэглэлд “Уулзсан албан ёсоор хурлын тэмдэглэл, шийдвэр гараагүй гэж хэлэв. Уулзалт болон хурал болоогүй” гэсэн өгүүлбэр нэмж оруулсан болно. Энэ хэсгийг өнгө дагуу арай өөр өнгийн балаар нэмж бичсэн нь харагдаж байгаа болно. Мөн шүүх хурлын өмнө, гэрэл зургийн авсан үзлэгийн тэмдэглэл болон шүүх хурлын дараа авсан үзлэгийн тэмдэглэлээс өөрчлөлт нь харагддаг.
3. Шүүх хуралдаан эхлэх үед шүүгчээс татгалзал байгаа эсэхийг асуухад: нэхэмжлэгчийн төлөөлөгч С “Одоогоор байхгүй” гэж хэлсэн харин үүнийг “байхгүй” гэж тэмдэглэлд ерөнхий байдлаар тусгасан байна. /Бичлэгээр нотлогдоно/
- Шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Д.Х нараас татгалзаж, хууль зүйн туслалцаа авч, мэргэжлийн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүгч төлөөлөгч С.С-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хүлээн аваагүй нь шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй /бодитой нөхцөл байдал/ гэх үндэслэл бий болгосон учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийн шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ” байвал гэж заасны дагуу шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч огт авч үзээгүй ба ямар нэгэн байдлаар хэрхэн шийдвэрлэж байгаа буюу хүсэлтийг хүлээн авах, эсхүл хангахаас татгалзах зэргээр шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн.
- Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа, мэргэжлийн өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй.
- Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нотлох баримтаас зөрчилтэй тээврийн хэрэгслийн листийг хасуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4. Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн татварын газрын татварын орлогын тасгийн дарга Д.О, улсын байцаагч О.Ө нарыг хариуцагчаар татан оролцуулж гаргасан шийдвэртэй нь холбогдуулан нэхэмжлэл гаргаж Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн төсвийн Татварын газрын татварын орлогын тасгийн дарга Д.О нь иргэн Б.У-д, Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч О.Ө нь иргэн Б.О-д тус тус итгэмжлэл хийж өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25-д “татварын алба гэж, татварын хууль тогтоомжийг хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг”, 6.1.30-д “татварын улсын байцаагч” гэж энэ хуулийн дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, татвар төлөгчид үйлчлэх, татвар хураах, тайлан хүлээн авах, хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий татварын албанд ажилладаг, эрх олгогдсон төрийн захиргааны албан хаагчийг хэлнэ” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан Нийслэлийн төсвийн Татварын газрын татварын орлогын тасгийн дарга Д.О, улсын байцаагч О.Ө нар нь төрийн нэрийн өмнөөс, төрийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байгаа албан тушаалтнууд бөгөөд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан атал хувь иргэний маргаанд оролцож байгаа мэтээр итгэмжлэл хийж өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд Нийслэлийн Татварын газрын захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т хариу тайлбар өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
6. Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3119 дүгээр шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийн биелэлт хангагдаагүй болно.
7. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа маргааны гол зүйлийн талаар хэлбэрийн шинжтэй гэж урьдчилсан дүгнэлт хийж: Нэхэмжлэгч тал хүсэлтүүд гаргаж байгаа нь хэлбэрийн шинжтэй байна, шүүх өөрөө ач холбогдлыг тодорхойлно гэх гэсэн байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудтай бүрэн танилцаагүй, тэдгээрийн тал бүрээс нь шинжлэн судлаагүй нь шүүхийн шийдвэрт өгсөн түүний дүгнэлтээс тодорхой харагддаг. /Шүүхийн шийдвэрийн 3 дугаар нүүр/
3. Шүүхийн шийдвэртэй холбоотой: 1. Авто тээврийн үндэсний төвд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг 30 минутад үзлэг хийсэн баримтуудад хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.
Үзлэгээр: Авто тээрийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Х.З-ын компьютерт үзлэг хийж үзэхэд vrs.transdep.mn хаягаар орж Өмчлөгч: гэсэн цонхоор орж 20-68 улсын дугаартай Нийссан Пулсар маркийн машиныг шүүж үзэхэд өмчлөгчөөр “Н Ф К ББСБ” ХХК гарч ирсэн. Эзэмшигч: гэсэн цонхоор орж үзэхэд 20-68 улсын дугаартай Нийссан пулсар маркийн машины эзэмшигч нь Г Овогтой Э гэж гарч ирсэн.
Хариуцагчаас гаргаж өгсөн 7064 тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн бүртгэл нь өөрөө эргэлзээтэй байгаа бөгөөд эндээс 1500 орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр нь манай компаниудын нэр дээр бүртгэлгүй гэж Smartcar.mn хаягаар үзэхэд гарч ирж байгаа болно. Үзлэгээр жишээ болгож 1 тээврийн хэрэгслийн бус 10-100 тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг тулгаж үзэх байж дээрх асуудлыг нэг мөр ойлголттой болж баримтжуулах байсан.
Манай компаниудаас татан авсан тээврийн хэрэгслийн татвартай холбоотой суутгалууд дээр Хөвсгөл, Хэнтий аймгийн авто тээврийн газар гэх байгууллагуудад тээврийн хэрэгсэл өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бүртгэл байхгүй байхад эдгээр тээврийн хэрэгслийн татварыг авч байгаад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
2. Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр албан тоот байх ба уг тоотод: “Танай байгууллагаас ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн албан бичигт дурьдсан “Н Ф К ББСБ” ХХК нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна. “Н А” ХХК , “Н Л” ХХК нарын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв” гэсэн баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан ба татвар хураах, төлүүлэх асуудал нь улсын төсвийг бүрдүүлэхтэй холбоотой, нийтийн ашиг сонирхолд нөлөөлөхөөр асуудал тул татварын өрийг үл маргах журмаар хураан авсан хариуцагчийн үйлдэл нь сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарч байна гэж үзэж байгаа нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа хууль бус үйлдэл юм.
Анхан шатны шүүх нь: Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтүүдийг хэлэлцээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, шийдвэрлээгүй, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтүүдийг хангаагүй, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна ... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/0122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Н Ф К ББСБ” ХХК нар нь “... зээлдэгчийн автомашиныг зээлдүүлэгчийн нэр рүү шилжүүлж буй үйлдэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.6-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” заасан агуулгаар хийгдэж ирсэн ... ийм төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ дуусгавар болсны дараа иргэн, хуулийн этгээдийн нэг ч автомашин бидний өмчлөлд шилжиж ирсэн тохиолдол байхгүй ... үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос зээлдэгчийн автомашиныг худалдан авч байгаа үйлдэл биш ... татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансыг битүүмжилж улмаар данснаас мөнгө татан авахдаа Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 28 дугаар зүйлийн 28.1.8-д “татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуулд заасан журмын дагуу явуулах” гэж заасныг шууд удирдлага болгон 3 удаагийн үйлдлээр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг татсан үйлдэл нь хууль буруу хэрэглэн, Иргэний хуульд заасан гэрээний төрлийг буруу тайлбарлан ... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн ... татвар ногдуулсан автомашинуудыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдүүд нь зээлдэгч нар өөрсдөө болохоос зээлдүүлэгч биш ... татварын байгууллагын дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тухай үндсэн зарчмыг зөрчсөн ... хэдэн машины ямар төрлийн татвар татсан нь тодорхой бус байгаа хариуцагчийн үйлдэл хууль зөрчсөн болохыг нотолж байна ... ” гэсэн үндэслэлээр “Н Ф К ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 463012293 тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60,000,000 /жаран сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах, “Н А” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 460314448 тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах, “Н Л” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4530168628 тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 10,000,000 /арван сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна”, 4.1.4-д “автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байх бөгөөд уг автотээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран албан татвар ногдуулахаар, автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн автотээврийн хэрэгслийг эзэмшиж буй этгээд буюу эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд нь хуульд заасан татварыг төлөхөөр хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нар “зээлдэгчийн автомашиныг зээлдүүлэгчийн нэр рүү шилжүүлж буй үйлдэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.6-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” заасан агуулгаар хийгдэж ирсэн” гэж тайлбарлан маргах боловч энэ нь хуульд заасан татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй буюу автотээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран автотээврийн хэрэгслийг эзэмшиж буй этгээдэд албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагч болон нэхэмжлэгч нар нь дээрх автомашин нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа асуудалд маргаж байхад шүүх ... тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр нэхэмжлэгч компаниуд нь өмчлөгчөөр бичигдсэн гэж дүгнэсэн ... эзэмшигч, эсвэл өмчлөгчийг зааглаж дүгнээгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь зээлийн болон фидуцийн гэрээнд тухайн тээврийн хэрэгслийн татвар, хураамж, торгууль болон тээврийн хэрэгсэл ашигласнаас үүсэх гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй зээлдэгч хариуцах ёстой гэж үзвэл гэрээний улмаас учирсан хохирлоо Иргэний журмаар шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн /2008 он/ 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 54.1.6-д “мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага” гэж, 62 дугаар зүйлийн 62.1-д “Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна”, 62.1.1-д “үл маргах журмаар гаргуулах”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжид татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа,шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Татварын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 353510031 дүгээр мэдэгдэх хуудсаар “Н ББСБ” ХХК-д 154,083,388 төгрөгийн, мөн өдрийн 353510032 дугаар мэдэгдэх хуудсаар “Н А” ХХК-д 79,672,234 төгрөгийн, 353510033 дугаар мэдэгдэх хуудсаар “Н Л” ХХК-д 47,121,448 төгрөгийн буюу нийт 280,877,070 төгрөгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх мэдэгдлийг тус тус хүргүүлж, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн Худалдаа хөгжлийн банкин дахь харилцах данснаас нийт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг суутган авсан байх бөгөөд хэрэгт 280,877,070 төгрөгийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын задаргааг тээврийн хэрэгсэл тус бүрээр гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Ө-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх “Н К ББСБ” ХХК, “Н А” ХХК, “Н Л” ХХК-уудын нэр дээр бүртгэлтэй 11574 тээврийн хэрэгслийн татварын өр төлбөрийн жагсаалт авагджээ. Уг жагсаалт нь нэхэмжлэгч компаниудын өөрсдийн тайлагнасан тоо, баримтад үндэслэсэн, нэхэмжлэгч нар анхнаасаа “хариуцагчаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн бүртгэл эргэлзээтэй, хариуцагчийн тогтоосон өр үүссэн байсан эсэх, тооцоолол алдаатай” зэргээр маргаагүй, энэ талаар баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн данснаас мэдэгдэх хуудаст тусгагдсан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн 280,877,070 төгрөгийн албан татвараас 100,000,000 төгрөгийг суутган авсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн маргасан үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... “Татварын өрийн тооцоолол” гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ... 154,083,388 төгрөг, 79,672,234 төгрөг, 47,121,448 төгрөгөөр хэрхэн яаж тооцоолсон, хэдээс хэдэн онуудынх, хэдэн тооны тээврийн хэрэгслээр хэрхэн тооцоолон гаргасан аргачлал нь тодорхойгүй, ...”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагч татварын байгууллагын нэхэмжлэгч гурван хуулийн этгээдийн данснаас татсан нийт ... төгрөгт яг ямар улсын дугаартай хэдэн тээврийн хэрэгсэл орсон талаарх задаргаа мэдээллийг гаргуулах, нотлох баримтаар хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
“Н Ф К ББСБ” ХХК нар нь тус хуулийн этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй, татварын өр үүсгэсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар үл маргах журмаар татварын өрийг барагдуулсан хариуцагчийн үйлдлийг хуульд нийцээгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт “Н Ф К ББСБ” ХХК нарын Д.Х-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан, Г.Ж-д олгосон итгэмжлэлээс татгалзсан тухай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Өмгөөлөгчөөс татгалзах тухай” NT-01/11, NC-01/30, NT-01/10, NL-01/09, NC-01/31, NL-01/10 дугаар албан бичгүүд авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас татгалзсан татгалзалтай холбоотой асуудлыг шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шат дууссаны дараа гаргасан байх тул шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу биш, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... татгалзаж, хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасан.
Мөн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн “итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Д.Х нараас татгалзах тухай” хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан гэж үзнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна”, 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус хуульчилсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6365 дугаар захирамжаар “Н Ф К ББСБ” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагаар Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.О, тус газрын Татварын улсын байцаагч О.Ө нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.О Б.У-д /1хх-40/, О.Ө Б.О-д /1хх-40/ тус тус итгэмжлэл олгосон нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Д.О, улсын байцаагч О.Ө нар нь төрийн нэрийн өмнөөс, төрийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байгаа албан тушаалтнууд бөгөөд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан атал хувь иргэний маргаанд оролцож байгаа мэтээр итгэмжлэл хийж өгч байгаа нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн Нийслэлийн Татварын газрын Захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т тус газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/193 дугаар албан бичгээр шүүхэд тайлбар гаргасан байх бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна” гэж заасантай нийцсэн, нэгдмэл, төвлөрсөн удирдлага бүхий захиргааны байгууллагыг төлөөлөн тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд Нийслэлийн Татварын газрын захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т нь хариу тайлбар өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ