Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 0144

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

           улсын яллагч М.Амарзаяа,

            шүүгдэгч Э.Э, өмгөөлөгч С.Базарсад /ҮД:2338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Э-гийн Эт холбогдох 2008003300078 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Баянцагааны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, “...” худалдааны төвд дугуйн худалдаа хувиараа эрхэлдэг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-гийн Э /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Э.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянцагааны ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.Гыг бусадтай хардан нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, тохойгоороо цохиж, хохирогч гараараа хаах үед нь гарыг нь хойш дарж эрүүл мэндэд нь хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Т.Гын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 5х/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7х/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 34-42х/, хохирогч Т.Гын мэдүүлэг /хх-ийн 51х, 54х/, гэрч Ч.Мын мэдүүлэг /хх-ийн 61х/, гэрч Т.Гийн мэдүүлэг /хх-ийн 63х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 808 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67х/, шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16х, 80х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 26-27х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 83-86х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 87х/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 92х/, шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянцагааны ... дугаар гудамжны ... тоотод эхнэр Т.Гыг бусадтай хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Гын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянцагааны ... тоотод байж байсан чинь нөхөр Э хөдөө Дархан Уул аймаг руу явчихаад 13 цагийн орчим гэртээ орж ирсэн. Өмнөх өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нь би шинэ жилтэй байсан болохоор охин Цийг /7 настай, эмэгтэй/ Дэнжийн мянгад ээж, аав хоёрын гэрт үлдээгээд шинэ жилээ тэмдэглэсэн юм. Уг нь орой нь охиноо авна гэж байсан боловч очиж аваагүй, гэртээ ирчихсэн юм. Тэгсэн Э “охиноо аваагүй, чи гэртээ ирж хоноогүй юм биш үү” гэж намайг хардсан байдалтай асуухаар нь “гудамжинд камер байгаа юм чинь чи гудамжны камер шүүж үзэхгүй юу” гэж хэлтэл нөхөр Э намайг оронд хэвтэж байхад шууд гараараа нэг удаа нүүр рүү цохиод авсан. Би “чи яаж байгаа юм” гэж хэлээд дахиад цохих гэхээр нь орноосоо босоод гэрээсээ гараад гүйсэн. Би буцаж гэртээ очоогүй шууд аав, ээж дээрээ очсон. ...Э шөнө аав ээжийн гэрт ирээд намайг асуухаар нь аав ээж хоёр ирээгүй гэж хэлээд би тухайн үед нуугдчихсан байсан чинь дүү Гтэй хамт Э намайг хайх гээд яваад өгсөн. ...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Биед учирсан гэмтэл болох нүүрэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51х/,

Гэрч Ч.Мын өгсөн: “...Би хэрэг болсон цаг хугацаанд байгаагүй болохоор мэдэхгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой миний охин Г уйлчихсан манай гэрт хүрээд ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь бага охиноо танай гэрт үлдээгээд хонуутаар явлаа гэж Э намайг зодчихлоо гэхээр нь би охиныхоо нүүрийг хартал хамар овойгоод хавдчихсан, баруун нүдний зовхи нь цус хурж хөхөрчихсөн, зүүн бугалга орчим улайчихсан харагдсан. Би ямар нэгэн юм хэлээгүй. Тэгж байтал Э ардаас нь манай гэрт хүрээд ирэхээр нь Гыг ирээгүй гээд хэлчихсэн чинь дүү Гтэй хамт явж хайна гээд тэр хоёр гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61х/,

Гэрч Т.Гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эгч маань над руу утсаар залгаж “Э намайг зодчихлоо, одоо би аав ээж дээр очлоо” гэхээр нь би гэрт байна, гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Орой 22 цагийн орчим эгч Г ганцаараа хүрээд ирсэн. Тухайн үед Г эгчийн хамар орчим цохиулсан бололтой хөхөрчихсөн харагдсан. Г эгчийн ярьж байгаагаар шинэ жил дээ орчихоод ирсэн чинь Э хөдөөнөөс ирээд хүүхэд аав ээжийнд тавьчихаад хонуудаар явлаа гэх шалтгаанаар бусадтай хардаж зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 808 дугаартай:

 “...Т.Гын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67х/,

Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Дархан руу ажлаар явчихаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянцагааны .... тоотод ирсэн юм. Тэр үед гэрт миний ээж Н, эхнэр Г, охин Ц нар байсан. Би хоол цай уучихаад хэсэг хэвтэж, охинтойгоо юм ярьж байгаад ээж Г чинь хэдэн цагт Дэнжийн мянгаас очиж авсан юм гэсэн чинь охин Ц ээж намайг ирж аваагүй. Би өвөө эмээгийн гэрт хоносон. Өглөө ээж ирж авсан гэхээр нь эхнэр Гд уур хүрч чи надад хэлсэнгүй. Хоногоор юу хийж явсан юм гэж би бусадтай хардаж чи хаана хоносон юм гэж асууж улмаар хэрэлдэж байгаад би толгойгоороо хамар руу нь нэг удаа мөргөчихсөн, зүүн гарынхаа тохойгоор Гын зүүн гар луу нэг удаа цохисон чинь Г орноос босоод хувцсаа өмсөөд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.Э, хохирогч Т.Г нар нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан /хх-ийн 24х/, 2 хүүхэдтэй болох хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 26-27х/, тэдгээрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Э.Э, Т.Г нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Э болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Э.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа нь Э.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Эт танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхээс шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-гийн Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Г.АЛТАНЦЭЦЭГ