| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01384/и |
| Дугаар | 1551 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 1551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01384/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо,*** тоотод оршин суух, Б*** овогт Ц*** Б*** /регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, 1****** баг, *** тоотод оршин суух, Б*** овогт Ч*** Э*** /регистрийн дугаар ***/
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ******баг, *** тоотод оршин суух, Ц*** овгийн Л*** Н*** /регистрийн дугаар ****/ нарт холбогдох,
“9,270,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ч.Э***, ***, хариуцагч *** өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ч.Э***ын гуйлтаар өөрийн Хас банкин дах хадгаламжаа барьцаалан Хас банкнаас зээл авч 6,000,000 төгрөгийг Ч.Э***, түүний эхнэр Н*** нарт өгсөн. Талууд зээлийн гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч түүнээс хойш зээлдэгч нь огт төлөлт хийж зээлийн үүргээ биелүүлээгүй юм. Ц.Б*** би миний ээж И.А*** нь харилцан тохиролцсон ёсоороо банкны зээлийг, зээлийн хүүтэй нь хамт төлөхийг удаа дараа шаардсан боловч Ч.Э*** нь зээлээ төлөхөөс илт зайлсхийж утсаа авахгүй, уулзахгүй зугтсаар өнөөдрийг хүрлээ. Ийнхүү Ч.Э*** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хас банкин дахь хадгаламж барьцаалсан зээлээ Ц.Б*** миний бие нь өөрөө хадгаламжаа цуцалж төлж барагдуулсан ба зээлийн хүүг мөн өөрөө төлсөн. Иймд миний бие нь энэхүү нэхэмжлэлд зөвхөн зээлийн гэрээний төлбөрт 6,000,000 төгрөг түүний хүү 1,950,000, алданги 1,320,000 төгрөг буюу нийт 9,270,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ
Хариуцагч Ч.Э*** нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Н*** бид хоёр Ц.Б***ээс 6,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлд бид 750,000 төгрөгийг өгсөн байгаа зээлийн хүү 5 сарын хугацаанд 1,500,000 төгрөг болох учиртай байтал 450,000 төгрөг алданги, 1,320,000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Бид Ц.Б***эд үндсэн зээл 6,000,000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл 750,000 төгрөгийг төлөх болно.” гэжээ.
Хариуцагч Н*** нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Ч.Э*** бид хоёр Ц.Б***ээс 6,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлж авсан. Үүнээс тохирсон ёсоор 4,5 саруудын хүү 600,000 төгрөг, 6 сарын хүүнд 150,000 төгрөгийг төлсөн байдаг. Н*** миний бие нь Ц.Б***ийн нэхэмжилж байгаа алданги 1,320,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлт 8 дугаар сарын 07-ны өдөр дуусах байсан тул төлж чадаагүй. Учир нь миний бие энэ зээлийн хүүний мөнгө 750,000 төгрөгийг нэмэгдүүлж төлөх хүсэлтэй бөгөөд үндсэн зээл 6,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б*** нь хариуцагч Ч.Э***, Н*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг, түүний хүү 1,950,000 төгрөг, алданги 1,320,000 төгрөг, нийт 9,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б***, хариуцагч Ч.Э*** нар нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр хийж, уг гэрээгээр “...зээлдүүлэгч Ц.Б*** нь зээлдэгч Ч.Э***т 6,000,000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 5 сарын хугацаагаар 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, Ч.Э*** нь заасан хугацаанд дурьдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. ...гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй...” гэж тохирч байгуулсан байна.
Хариуцагч Ч.Э*** нь “...зээлийн гэрээг бичгээр 1 сарын дараа нөхөж хийсэн учир зээлийн хүү алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 6,000,000 төгрөгөөс өгсөн 750,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,250,000 төгрөгийг төлнө...” гэж маргасан болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ”, 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б***, хариуцагч Ч.Э*** нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх тул хариуцагч Ч.Э***аас зээлийн үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, түүний хүү 1,500,000 төгрөг, алданги 1,320,000 төгрөг нийт 8,820,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Э*** нь зээлийн төлбөрт нийт 750,000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч 600,000 төгрөгийг нэхэмжлэгч авснаа хүлээн зөвшөөрдөг ба 150,000 төгрөг зээлийн төлбөрт өгсөн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Иймд зээлийн нийт төлбөр 8,820,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг хасаж, үлдэх 8,220,000 төгрөгийг хариуцагч Ч.Э***аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,050,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал “...мөнгө зээлэхэд Ч.Э*** түүний эхнэр Н*** нар хамт байсан учир дээрх зээлийн төлбөрийг Ч.Э***, Н*** нараас нэхэмжилж байна..” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч нэхэмжлэгч Ч.Б***, хариуцагч Н*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Н***д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.Э***аас 8,220,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б***-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,050,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н***д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э***аас улсын тэмдэгтийн хураамж 146,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА