| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01408/и |
| Дугаар | 1559 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01408/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* ******* дүүрэг, ****** хороо, ******* *** тоотод байрлах, “***” ХХК /регистрийн дугаар ***/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******хороолол, *** байрлах “***и” ХХК /регистрийн дугаар ***/-д холбогдох ,
“57,222,870 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЭ*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай компани нь “***и” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *** тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажиллахаар болсон билээ. 2014 оны 03 сард барилгын ажлаа эхлүүлж 2 орцтой 10 давхар 45 айл орон сууц, 1 орцтой 10 давхар 40 орон сууцны барилга угсралт мөн гражийн барилга угсралтын ажлыг хийж дуусган хүлээлгэн өгсөн сүүлд захиалагч компаний хүсэлтээр засаж засварлах ажиллуудыг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Гэвч “***и” ХХК-аас гэрээний үүргээ зөрчиж гэрээний төлбөр төлөгдөх графикийн дагуу төлбөр тооцоог хийгээгүй улмаас манай компани ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрч санхүүгийн алдагдалд орж Дархан-Уул аймгийн *** ББСБ-аас орон сууц барьцаалан 15,000,000 төгрөг зээлэн авч хүүний төлбөрт нийт 1,837,500 төгрөг төлж хохирол учирсан мөн байгууллага хоорондын тооцооны үлдэгдэл болон 71,985,400 төгрөгнөөс өөрсдийн охин компани болох “***” ХХК руу 18,100,030 төгрөгийг бидэнд өгөлгүй шилжүүлсэнийг бид хүлээн зөвшөөрсөн дээр нь хамтарсан комисс ажиллуулалгүйгээр дур мэдэн дангаар шийдвэр гаргаж барилгын материал болон ажлын хөлстэй ямарч үндэслэлгүйгээр тооцоо гарган ирж гэрээгээр хийгдсэн ажлын хөлснөөс 55,385,370 төгрөгийг суутгаж одоог болтол үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаар бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар “***” ХХК-ны ******* ******* хотхоны 2 блок, үйлчилгээтэй 40,45 айлын орон сууцны барилгыг улсын комиссын 17 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн комиссын актаар уг барилгыг ашиглалтанд авсан нь Манай компани барилгын норм дүрмийн дагуу ямар нэг зөрчил дутагдалгүй ажлаа чанартай гүйцэтгэснийг хууль ёсны дагуу баталж байна. Иймд “***и” ХХК-аас ажлын хөлсөнд суутгасан 55,385,370 төгрөг, *** ББСБ-ын зээлийн хүүнд төлсөн хохирол болох 1,837,500 төгрөг нийт 57,222,870 төгрөгийг “***и” ХХК-аас гаргуулж өгнө үү. ” гэжээ.
Хариуцагч “***и” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчТ*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК “...***и ХХК нь нийт ажлын хөлс 616,599,300 төгрөгөөс 543,113,900 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 73,485,400 төгрөгөөс 18,100,030 төгрөгийг “*** *******” ХХК руу шилжүүлсэн. Үлдэх 55,385,370 төгрөгийг ***и ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр суутгаж, өгөхгүй байна. ***и ХХК нь 55,385,370 төгрөгийг хугацаандаа өгөөгүй учир манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахад зориулж “***” ББСБайгууллагаас орон сууц барьцаалан 15,000,000 төгрөгийн зээл авсан учир хүүний төлбөрт нийт 1,857,500 төгрөг төлж хохирсон. Иймд “***и” ХХК-иас ажлын хөлс 55,385,370 төгрөг, хохирол 1,857,500 төгрөг, нийт 57,242,870 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нийт ажлын хөлс 616,599,300 төгрөгөөс 543,113,900 төгрөгийг өгч, “*** ХХК” нь өгөх ёстой 18,100,030 төгрөгийг “*** *******” ХХК руу шилжүүлсэн. *** ХХК нь 40, 45 айлын орон сууцны барилгын ажлыг хийхдээ стандартын дагуу хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй учир манай компани ажилчдаараа дахин засварын ажил хийлгэсэн. Дахин засварын ажил хийхэд гарсан зардал нь 55,385,370 төгрөг болсон учир дээрх мөнгийг “***” ХХК-нд өгөх мөнгөнөөсөө суутгасан. Иймд төлбөр тооцооны асуудал байхгүй. Хоёр байгууллагын нягтлангууд тооцоо нийлж энэ талаар акт үйлдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Зохигч талууд 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 35/14 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээгээр “...гүйцэтгэгч “*** “ ХХК нь захиалагч “***и” ХХК-ний Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд баригдах Орон сууцны 2 орцтой 10 давхар орон сууцны барилга, 1 орцтой 10 давхар орон сууцны барилга, 3 гражийн ажлыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм дүрмийн хүрээнд технологийн дагуу чанартай сайн гүйцэтгэж ашиглалтанд оруулах, ажлын нийт үнэ 616,599,300 төгрөг байхаар....” тус тус тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
“***” ХХК нь дээрх Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын үр дүн болох ****** аймгийн ****** сум ****** баг ****** хороолол ******* ******* хотхон 40-н айлын орон сууцны барилгын ажлыг 2014 ны 07 дугаар сарын 22-ны өдөр, 45-н айлын орон сууцны барилгын ажлыг 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус гүйцэтгэж дууссан ба уг орон сууцнуудыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан болох нь дээрх орон сууцны барилгын ажлыг “***” ХХК-иас “***и” ХХК-нд хүлээлгэн өгсөн акт, Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын акт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Зохигч талууд 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 35/14 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” -нд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***и” ХХК-иас хийсэн ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй болно.
Хариуцагч “***и” ХХК нь нэхэмжлэгч “***” ХХК-нд 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар ажлын хөлсөнд 73,485,400 төгрөгийг өгөх өглөгтэй байсан бөгөөд 73,485,400 төгрөгөөс 18,100,030 төгрөгийг “*** *******” ХХК-нд өгч, үлдэх 55,385,370 төгрөгийг өгөөгүй болох нь хэрэгт авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-28/, зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...”***” ХХК нь 40, 45 айлын орон сууцны барилгын ажлыг хийхдээ стандартын дагуу хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй учир манайх ажилчдаараа дахин засварын ажил хийлгэсэн. Дахин засварын ажил хийхэд гарсан зардал нь 55,385,370 төгрөг болсон учир дээрх мөнгийг “***” ХХК-нд өгөх мөнгөнөөсөө суутгасан. “***” ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч, тус хоёр байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж баримт үйлдсэн. Уг тооцоо нийсэн баримтаар “***и” ХХК нь 18,100,030 төгрөгийн өглөгтэй гэсэн бөгөөд уг 18,100,030 төгрөгийг “*** *******” ХХК руу шилжүүлсэн. “***” ХХК нь “***” ХХК-нд өглөгтэй байсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай компаний гүйцэтгэсэн барилгын ажил чанарын дутагдал байхгүй. Учир нь гүйцэтгэсэн ажлыг хоёр байгууллага акт үйлдээд хүлээн авч баталгаажуулж байсан. “***и” ХХК-иас гүйцэтгэсэн барилгын ажлын чанарын дутагдлын талаар манай байгууллагад гомдол гаргаж байгаагүй, хэрэв энэ талаар гомдол гаргасан бол гэрээний 5.1-д Барилгын чанарын дутагдлын талаархи гомдлыг шаардлагыг гүйцэтгэгч зөвшөөрөхгүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын албаны эсхүл санал нэгтэйгээр сонгосон хөндлөнгийн хяналтын шинжээчээр дүгнэлт гаргуулна шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэх ёстой. Ажлын чанарын доголдлын талаар ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй. Мөн 18,100,030 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тооцоо нийлсэн актанд манай байгууллагын санхүүгийн тэмдэг дарж баталгаажаагүй, гарын үсэг зурсан *** нь манай байгууллагад нягтлангаар ажилдаггүй, тооцоо нийлсэн актыг байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хийгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй...” гэж хариуцагч талын гаргасан тайлбарыг үгүйсгэсэн болно.
Талуудын маргаж буй Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...нэхэмжлэгч “***” ХХК-ний нэрийн өмнөөс ня-бо ажилтай Э*** овогтой С*** нь төлбөр төлөгч “***и” ХХК-ний нэрийн өмнөөс ня-бо ажилтай Шоопор овогтой Дугармаатай тус хоёр байгууллага хооронд 2014 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “***и” ХХК нь 18,100,030 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав...” гэсэн бөгөөд баримтад хоёр байгууллагын нягтлан бодогч ***, нар гарын үсэг зурж, “***и” ХХК нь санхүүгийн тэмдэг дарсан боловч “***” ХХК нь санхүүгийн тэмдэг дараагүй байна. /хх-30/
Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байна.
Дээрх “***и” ХХК-ийг 18,100,030 төгрөгийн өглөгтэйг баталсан” Тооцооны үлдэгдлийн баталгаанд нэхэмжлэгч “***” ХХК-ний эрх бүхий албан тушаалтан тооцоо нийлээгүй, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй болох нь гэрч ***гийн “...би “***” ХХК-нд талбайн нярав ажилтай, санхүүгийн талаар боловсрол байхгүй, ...захирал над руу утсаар яриад үлдэгдэл мөнгө хэд үлдсэн, хэзээ өгөх талаар асуу гэхээр нь би “***и” ХХК-ний нягтлангаас асуухад 18,100,030 төгрөг үлдсэн гэсэн. Тэгээд би захирал луу хэлэхэд захирал 50 сая төгрөг нь яасан бэ гэхэд ажил алдаатай хийгдсэн түүнд нь торгууль тавьсан гэж хэлсэн. Захирал өөрөө дараа учрыг ольё гээд намайг мөнгөний баримтанд гарын үсэг зурчих, тамга дарахыг зөвшөөрөөгүй. Би тооцоо нийлсэн талаар мэдэхгүй. Би мөнгийг манай компани луу шилжүүлэх гээд тэгээд надаар баримтанд гарын үсэг зуруулж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч “***и” ХХК нь “...*** ХХК-ний гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан. Дээрх доголдлыг арилгахад 55,385,370 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг суутгасан” гэж тайлбарлаж, өөрсдийн гаргасан тооцоог шүүхэд ирүүлсэн боловч урьд гэрээний 5.1-д заасны дагуу ажлын үр дүнгийн талаар гомдлын шаардлага гаргаж байсан эсэх, уг доголдлыг “***” ХХК нь хүлээн зөвшөөрсөн эсэх талаар нотлох баримт хэрэгт байхгүй ба “***” ХХК-ний гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Талуудын 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д “Барилгын ажлын чанарын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг Гүйцэтгэгч зөвшөөрөхгүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын албаны эсвэл талуудын санал нэгтэйгээр сонгосон хөндлөнгийн хяналтын шинжээчээр дүгнэлт гаргуулан шийдвэрлэнэ”, 5.2-т “талууд гэрээний биелэлттэй холбоотой маргаантай асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд шүүхэд хандана” гэж заасан байна.
Хариуцагч “***и” ХХК нь нэхэмжлэгч “***” ХХК-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно.
Иймд хариуцагч “***и” ХХК нь ажлын үлдэгдэл хөлс 55,385,370 төгрөгийг ажлын чанарын доголдлыг арилгуулахаар суутгаж авсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас 55,385,370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-нд олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч “***” ХХК нь “***” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн хүүний төлбөрт нийт 1,837,800 төгрөг төлсөн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *** ХХК нь “...***и ХХК нь ажлын хөлсийг хугацаандаа өгөөгүй учраас манай компани ажилчдын хоол хүнс, өмнөх сарын цалинг өгөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохирол зээлийн хүүний төлбөр 1,837,500 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч “*** ХХК”-ний гаргасан гэрээний хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол 1,837,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “***и ХХК”-иас 57,222,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хариуцагч “***и” ХХК-иас 57,222,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,064 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***и” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 444,064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*** ХХК”-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА