Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 54

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

Иргэний нэхэмжлэгч Г.М , Х.Б

Хохирогч Д.А ,

Шүүгдэгч М.С  түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С т холбогдох эрүүгийн 1915005740013 дугаартай, 163/2020/0052/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгэлгүй, Х овгийн М.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С  нь Булган аймгийн ...ийн байцаагчаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 06 дугаар сард өөрийн нэр дээр болон иргэн Н.М , С.Б  нарын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоож нийгмийн даатгалын санд 24,233,937 төгрөгийн хохирол учруулсан, тэтгэврийг барьцаалан ХААН банкнаас зээл авахдаа  байцаагч О.Г ийн гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С ийн өгсөн: Анх хүнээс хэвтэрт байгаа эгчдээ мөнгө зээлж авч өгсөн. Дараа нь тэр эгч маань нас барсан тул хүнээс хүүтэй мөнгө аваад тэрийгээ төлж чадахгүйд хүрээд буруутай үйлдэл хийсэн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А гийн өгсөн: ...  байцаагчаар ажиллаж байхдаа ноцтой зөрчил гаргаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоож 2019 оны 6 сараас 10 сар хүртэл мөнгийг нь өөрөө авч байсныг 2019 оны 10 сарын 22-ны өдөр хяналтын байцаагч илрүүлсэн. Нийт 24 233 397 төгрөгийн акт тавигдаж 2019 оны 10 сарын 25-ны өдөр актаар тавигдсан төлбөрийг буцаан төлж хохиролгүй болгосон тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.М гийн өгсөн: Хаан банкнаас өөрийн нэр дээр зээл авсан ба одоо 687 684 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнийг нэхэмжилж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.Б ын өгсөн: Төрийн банкнаас 13 867 300 төгрөгийн зээлийг авсан. Одоо 25 556 262 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнийг нэхэмжилж байна гэв.

1915005740013 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Г.Д гийн өгсөн: “…М.С  нь 2019 оны 06 сард өөрийн төрөл садангийн хүмүүс болох Булган аймгийн Булган сумын иргэн Н.М  түүний охин болох М.Б , мөн өөрийн нэр дээр үйлдвэрлэлийн ослын тахир дутуугийн тэтгэвэр тогтоон,  дэвтэр гаргаад түүнийгээ ашиглаад Нийгмийн даатгалын сангийн  даатгалын сангаас нийт 24,2 сая төгрөгийн тэтгэвэр гаргаад авчихсан байсан. Ер нь бол тэр тэтгэвэр тогтоосон этгээдүүд үйлдвэрлэлийн ослын тахир дутуугийн шаардлага хангаагүй эрүүл саруул хүмүүс байсан юм. Тэтгэвэр тогтоохдоо ямар нэг анхан бичиг баримтгүйгээр шууд  сан руу нэвтрэх давуу эрхээ ашиглаад сангаар тэтгэвэр тогтоосон. 2019 оны 06-р сард өөрийн төрөл садангийн 2 хүн, өөрийн нэр дээр тэтгэвэр тогтоогоод түүнийгээ сар бүр тэтгэврийг тавьж олгож авч байгаад  зээл авсан байсан. Энэ талаарх мэдээллийг аймгийн Төрийн банк, Хаан банкнаас авч болно. М , Б  нар ньТөрийн банкнаас, С  өөрөө Хаан банкнаас зээл авсан байсан. М.С ийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны үед зөрчил, дутагдал гаргасан гэх үндэслэлээр ажпаас халсан байгаа....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Н.М ын өгсөн: “...Миний бие эрхтэн бүтэн тахир дутуу биш, тахир дутуугийн тэтгэвэр гэж мэдэхгүй анх удаа сонсож байна. 2019 онд сар өдрийг нь сайн санахгүй байна. Булган аймгийн Булган суманд гэртээ байж байхад манай ахын охин М.С  гэрт ирснээ ахаа та надтай хамт банк руу очиж гарын үсэг зураад өгөөч гэж хэлэхээр нь чи яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь ахаа би зээл авч байгаа юм аа гэж хэлсэн тэгээд би түүнтэй хамт Төрийн банк руу очиж гарын үсэг зурсан. Намайг болон манай охин М.Б  нарыг тахир дутуугийн тэтгэвэрт хамруулсан талаар би ерөөсөө мэдээгүй. Манай охин ч бас мэдээгүй сая Авилгатай тэмцэх газраас дуудахаар нь ирээд мэдүүлэг өгөхдөө мэдэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Гэрч М.Б ын өгсөн: “...Би тахир дутуугийн тэтгэвэр байдаг эсэхийг ч мэдэхгүй энэ талаар ерөөсөө мэдээгүй сая намайг Булган аймгийн Сайхан суманд хөдөө гэртээ байж байхад сумын хэсгийн төлөөлөгч С.Г  Авилгатай тэмцэх газраас дуудаж байна гэхээр нь ирээд мэдүүлэг өгч байна. Би эцэг эхээс бүрэн бүтэн төрсөн улсад ажил хөдөлмөр эрхлэж байгаагүй тахир дутуу биш. 2019 онд сар өдрийг нь сайн санахгүй байна. Манай хамаатны эгч М.С  над руу утсаар ярьснаа эгч нь банкнаас зээл авах гэж байгаа юм аа хамтран зээлдэгч хэрэгтэй болчихлоо эгчийн дүү гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан тэгэхээр нь би зөвшөөрөөд Төрийн банкин дээр очиж гарын үсэг зурчихаад явсан. М.С  эгчийг өөрөө зээл авч байгаа юм болов уу гэж бодсон. Би тахир дутуугийн тэтгэвэрт хамруулж өг гэж эгч М.С аас гуйж байгаагүй энэ талаар мэдэхгүй тахир дутуугийн тэтгэвэр байдаг ч гэж мэдээгүй сая сонсож байна. Би хамтран зээлдэгчээр банкны баримтан дээр гарын үсэг зурахдаа уншиж танилцаагүй их яаруу явж байсан. М.С  эгч над руу хандаж эгчийн дүү намайг дуудахаар ирээрэй гэж хэлсэн би дуудах хүртэл нь банкны сандал дээр сууж байсан намайг хүрээд ир гэж М.С  эгч дуудахаар нь очоод зур гэсэн газарт нь гарын үсэг зурчихаад явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч О.Г ийн өгсөн “...2019 оны 10-р сард өдрийг нь сайн санахгүй байна. Хагас жилийн байдлаар тэжээгчээ алдсан, тахир дутуугийн  дундаж цалинг өөрчилөхөөр аймгийн хэмжээнд программаас таталт хийсэн гэтэл М.С  гэж манай тэтгэвэрийн байцаагч өөр дээрээ үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр тогтоосон байсан би үүнийг нь мэдээд хяналтын байцаагч П.А т хандаж хагас жилээр татсан жагсаалт буюу хүмүүсийн нэрсийг үзүүлээд энэ нэрэн дунд манай ажилтны нэр явж байна энэ ямар учиртай юм болоо гэж хэлсэн чинь надаар ийм тэтгэвэр хянагдаагүй дээ гэж хэлээд хүмүүсийн нэрсийг П.А  надаас аваад үйлчилгээний тасгийн дарга Ц.О  рүү орж уулзаад гарч ирэхдээ ийм тэтгэвэр аваагүй юм байна. Наадах чинь хуурамч юм байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

Гэрч  Ц.О ийн өгсөн: “... Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн  байцаагчаар ажиллаж байсан М.С  нь 2019 оны 06-р сараас эхлэн өөрийн хамаатан болох Н.М ыг нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр тогтоож 6-р сараас эхлэн олголтыг хийж эхэлсэн. Харин түүний охин болон М.Б ын нэр дээр үйлдвэрлэлийн ослын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрийг мөн 06-р сараас тогтоон олгосон байсан. Харин өөрийнхөө нэр дээр үйлдвэрлэлийн ослын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр тогтоож 2019 оны 08-р сараас эхлэн олгосон байсан. Энэ зөрчлийг 2019 оны 10-р сарын 22-ны өдөр  байцаагч О.Г  илрүүлэн хяналтын байцаагч П.А т танилцуулсан байсан П.А  энэ талаар надад танилцуулсан бөгөөд би хэлтсийн дарга Ц.Э д танилцуулан тэр өдрөө зөвлөлийн хурал хийж М.С ийг ажлаас халж түүнтэй холбоотой комьпютер зэрэг бусад эд зүйлсүүдийг нь битүүмжилсэн. Анх М.С ийг өөрөө өөр дээрээ тэтгэвэр тогтоосон байна гэдгийг мэдсэн тэр өдрөө шалгалт хийж байгаад түүний хамаатан болох Н.М , М.Б  нар дээр бас тэтгэвэр тогтоосон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д гийн өгсөн “... Би Булган аймгийн ... сүлжээний мэргэжилтнээр ажилладаг бөгөөд энэ байгууллагад 2019 оны 07 дугаар сард ажилд орсон.  программд хандах, хөдөлгөөн хийх эрхтэй албан тушаалтнууд гэвэл  байцаагч О.Г , М.С , хяналт шалгалтын байцаагч П.А , хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга Г.Д , үйлчилгээний тасгийн дарга Ц.О  нар ордог өөр албан тушаалтан орох эрх байдаггүй. 2019 оны 10-р сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Хэлтсийн дарга Ц.Э  зөвлөлийн хурал дээр надад хандаж  байцаагч М.С тай холбогдолтой зөрчил гарсан учраас түүний  программд хандах эрхийг хас мөн комьпютерын нууц үгийг өөрчил гэсэн үүрэг өгсний дагуу М.С ийн  программд хандах эрхийг хааж комьпютерын нууц үгийг үүрэг өгсний дагуу М.С аас асуун шинээр нууц үг хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч О.Э гийн өгсөн “...Би М.Б  гэх хүнийг танихгүй энэ хүн надаас тахир дутуугийн группын зээлийг 2019 оны 08 дугаар сарын 21гны өдөр 6,097,781 төгрөгийг авсан байна. Ингэж зээл авахад хамтран зээлдэгчээр М.С  гэж эмэгтэй орж байсан надтай ирж уулзахад тэрээр нийгмийн даатгалын алба хаагчийн ногоон өнгийн дүрэмт хувцастай явж байсан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн ...  байцаагч М.С ийн 04 дугаартай албан бичиг манай Төрийн банкинд ирсэн байна дээрх албан бичигт “Тахир дутуугийн тэтгэвэр авагч №***** тоот дэвтрийн дугаартай М.Б-ын тэтгэвэр нь 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс танай банкаар олгогдож эхлэнэ” гэж бичсэн байсан тэрнээс биш 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай  байцаагч О.Г  гэсэн албан бичиг манай Төрийн банкинд ирээгүй байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Гэрч С.Г ийн өгсөн “...Би Н.М  гэдэг хүнийг огт танихгүй түүнтэй хамаатан садан найз нөхдийн харилцаа байхгүй. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тахир дутуугийн  зээл авч байсан ба хамтран зээлдэгчээр нь М.С  орж байсан. Н.М  гэж хүн уг зээлийн 30 сараар 13,867,300 төгрөгний зээл авч байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Э гийн өгсөн “... М.С ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай алба бичиг нь манай нийгмийн даатгалын алба ёсны бланк биш байна лээ өөрөө хуурамчаар зохион хийж  байцаагч О.Г ийн гарын үсгийг дуурайлган зурж эрүүл мэндийн байцаагч Л.Э ийн тэмдгийг ашигласан байсан. М.С  нь өөрийнхөө овог нэртэй албан бичгийг Хаан банк руу хүргүүлэх гэж байснаа андуураад Төрийн банк гэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Гэрч П.А ийн өгсөн “... Би Булган аймгийн ... хяналт шалгалтын байцаагчаар ажилладаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ тэтгэвэр олголтын байцаагч О.Г ийн хамтаар тахир дутуугийн тэтгэвэр авдаг иргэдийн нэрсийг хянаж байсан чинь манай ажпын  байцаагчаар ажилладаг М.С ийн нэр гарч ирсэн тэгэхээр нь хамт байсан О.Г ээс манайд ажилладаг М.С  хэзээ тэтгэвэртогтоолгосон юм бэ хувийн хэрэг нь хаана байгаа юм бол надаар хянагдаагүй, чамаар орж тогтоолгосон уу гэж О.Г ээс асуусан чинь харин тийм ээ нэр нь байгаад байна таниар хянагдсан юм байх гэж бодсон гэж хэлсэн. Ингээд би энэ талаар үйлчилгээний албаны даргаар Ц.О т танилцуулсан мөн хяналт шалгалтын тасгийн дарга Г.Д д М.С ийн талаар өөртөө тэтгэвэр тогтоосон талаар хэлсэн. Тэгээд Г.Д  дарга хэлтсийн дарга руу утсаар яриад мэдэгдсэн тэр өдрөө хэлтсийн дарга зөвлөлийн хурал болж би М.С ийн гаргасан зөрчлийг зөвлөлийн хуралд танилцуулсан. Тэрээр өөрөөсөө гадна хамтааныхаа 2 хүний нэр дээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон байсан даргынн зөвлөлийн хурлаас М.С ийг ажлаас нь халах шийдвэр гарж ажлын нь хүлээлцсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 дугаар хуудас/,

     Гэрч О.Х ын өгсөн “... Би Булган аймгийн Хаан банкинд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр теллерээр ажилд орсон, өнөөдрийн байдлаар тус Хаан банкны борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа 2019 оны 10-р сарын 11-ны өдөр иргэн М.С  нь тахир дутуугийн  зээл нэмж авах гээд хүсэлт гаргасан үүний дагуу материалыг шалгахад энэ хүн өмнө буюу 07-р сарын 05-ны өдөр зээл авсан байсан ба уг зээлийн үлдэгдэл 1,378,492 төгрөг байсан ба уг хүнийг хэдэн төгрөгний зээл авах боломжтой байна вэ гэдгийг шалгаж үзэхэд 2,698,800 төгрөгийг авах боломжтой байсан учраас нэмж 6 сарын хугацаатай олгосон. Миний хувьд М.С  гэх хүнийг сайн танихгүй, найз нөхдийн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 дугаар хуудас/,

     Гэрч Ц.М ын өгсөн “... Би Булган аймгийн Нийгмийн хэлтсийн  байцаагчаар ажиллаж байсан М.С  гэх эмэгтэйг огт танихгүй. 2019.оны 07- р сарын 05-ны өдөр М.С  гэж хүн өөрөө ирж зээл авсан байхаа би одоо энэ хүнийг сайн танихгүй байна. Өөрөө ирсэн болохоор л зээл олгосон байх өөрөө ирэхгүй бол зээл олгоод байдаггүй юм. Энэ хүн тухайн үед 3,408,000 төгрөгний зээл ийг 5 сарын хугацаатай авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

     Гэрч Л.Э ийн өгсөн “... миний эрүүл мэндийн даатгалын байцаагчийн тэмдэгний дугаар 552 гэсэн дугаартай миний ажлын 552 дугаартай тэмдэгийг С  ашиглан албан бичгэн дээр дарсан талаар тухайн үед нь мэдээгүй 2019 оны 10 сарын 22-ны өдөр түүнийг ажлаас халагдахад нь мэдсэн. Би өөрийнхөө албан байцаагчийн тэмдэгийг С т өгч байгаагүй намайг өрөөнөөсөө орж гарахад миний тэмдэгийг аваад албан бичиг дээр дарсан байхыг үгүйсгэхгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дуаартай шинжээчийн дүгнэлт:  Шинжлэгдэж буй 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай баримтанд зурагдсан гарын үсэг О.Г ийн гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, дадал, хөдөлгөөнийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэмжээ, байрлал, чиглэл зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирохгүй байна…гэх дүгнэлт /1-р хх-ийн 85-88 дугаар хуудас/,

Яллагдагчаар М.С ийн өгсөн: “...Би Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 10 дугаар сард тэтгэвэрийн байцаагчаар ажилд орсон. Би ажиллаж байх хугацаандаа аавынхаа төрсөн дүү болох М  түүний охин Б  нарын нэр дээр тахир дутуугийн тэтгэвэрийн дэвтэр нээсэн мөн өөрийнхөө нэр дээр тахир дутуугийн дэвтэр нээсэн. Түүний дараагаар 2019 оны 05,06 сарын үед өдрийг нь сайн санахгүй байна. Төрийн банкнаас М , түүний охин Б  нарын нэр дээр одоо миний санаж байгаагаар 33 орчим сая төгрөгийн зээл авсан, өөрийнхөө нэр дээр ХААН банкнаас 6 сая орчим төгрөг зээлсэн. Би төрийн банкнаас зээл авахдаа М , Б  нарын нэр дээр зээл авч байгаагаа хэлээгүй тэр 2 намайг зээл авч байгаа надтай хамтран зээлдэгчээр орж байгаа гэж ойлгосон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-120 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 дугаар хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1-р хх-ийн 111-115 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 106 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 223 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 225 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.С  нь Булган аймгийн ...ийн байцаагчаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 06 дугаар сард өөрийн нэр дээр болон иргэн Н.М , С.Б  нарын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоож нийгмийн даатгалын санд 24,233,937 төгрөгийн хохирол учруулсан, тэтгэврийг барьцаалан ХААН банкнаас зээл авахдаа  байцаагч О.Г ийн гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэх зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.Д , Н.М , М.Б, О.Г , Ц.О , Б.Д , О.Э , С.Г , Ц.Э , П.А , О.Х , Ц.М , Л.Э  нарын өгсөн мэдүүлэгүүд болон Орхон аймгийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №******, №0*****, №****** дугаартай тэтгэвэрийн дэвтэрүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.С ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                             

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэжээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч М.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.М  зээлийн үлдэгдэл 684871 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б  зээлийн үлдэгдэл 25568262 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр зээлийн төлөлт төлөгдөж байх ба шууд хохирол тооцуулан гаргуулах шаардлагагүй. Харин шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, 0-6 хүртэл насны хүүхэдтэй, гэр бүлийн хүн болох нөхөр нь хөгжлийн бэрхшлээлтэй болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоохдоо түүний хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №******, №0*****, №****** дугаартай тэтгэвэрийн дэвтэрүүдийг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Шүүгдэгч М.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоног хорих ялыг нэмж нэгтгэж  нийт 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С ийг гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээ авахыг даалгасугай.

7. Шүүгдэгч М.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №******, №0*****, №****** дугаартай тэтгэвэрийн дэвтэрүүдийг тус тус хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН