Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01164/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,


Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, *** тоотод оршин суух, Б*** овгийн С*** Б*** /регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй,


Хариуцагч: ***газар / утас *******, *******/-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 2,922,234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
                 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Аймгийн *** хэлтсийн төлөвлөлт нөөц, хяналт шинжилгээ үнэлгээ, судалгааны чиглэл эрхлэх нэгж ахлах мэргэжилтэн С.Б*** миний бие 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь хууль зүйн үндэслэлгүй миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн болохыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаар шийдвэрээр тогтоож албан тушаалд нь эргүүлэн томилох, ажилгүй хугацааны /2016.01.01-2016.04.21/ нөхөн олговорыг хариуцагч *** хэлтсээс гаргуулж, иргэн надад олгохоор шийдвэрлэсэн. *** хэлтсийн дарга О*** нь шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/*** тоот тушаалаар өмнө эрхэлж байсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилж миний бие ажил үүргээ гүйцэтгэж байна. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл нийт 2,922,234 төгрөгийг *** хэлтсээс гаргуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
              

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б*** нь хариуцагч ***газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,922,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай шийдвэрээр “...хариуцагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б***ыг Дархан-Уул аймгийн ***хэлтсийн төлөвлөлт, нөөц, хяналт шинжилгээ үнэлгээ судалгааны чиглэл эрхлэх нэгжийн ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговор 3,513,969 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс гаргуулж С.Б***т олгож, С.Б***ын 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 59 оноогоор үнэлж дүгнэснийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
***хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар “...С*** овогой Б***ыг төлөвлөлт, нөөц, хяналт шинжилгээ үнэлгээ судалгааны чиглэл эрхлэх нэгжийн ахлах мэргэжилтэнээр 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс томилон ажиллуулахаар...” шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч С.Б*** нь шүүхийн шийдвэрийг биелэгдэх хүртэл хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Б***т 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2,922,324 төгрөгийг хариуцагч ***газраас гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”,  100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
Хариуцагч ***газраас дарга О***д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 24, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шүүх хуралдаан товлож, шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу талуудад мэдэгдсэн боловч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.1, 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б***ын ажилгүй байсан хугацааны цалин 2,922,324 төгрөгийг хариуцагч ***газраас гаргуулан нэхэмжлэгч С.Б***т олгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ***газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч С.Б***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  61,707 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   З.ТУНГАЛАГМАА