Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1345

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Ж.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрнээ овогт ...ийн ...т холбогдох 1908053951624 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, “...” ХК-д харуул хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 3, эх, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Ногоон чулуутын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бүрнээ овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Ж.... нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ногоон чулуутын ...тоотод “хүмүүстэй чат бичлээ гэсэн хардалт”-ын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г....г толгойн тус газар нь гараараа цохиж, гар, хөл хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, цохиж зодон “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Хохирогч Г....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Ж....тай хамт СХД-ийн 28-р хороо Ногоончулуутын ...тоотод ...ын гэрт босоод байж байтал надаас хэрүүл өдөөд байсан. Тэгж байгаад ... нь усанд явна гээд гараад явсан. Удалгүй орж ирээд ... намайг “чи зүгээр сууж байхаар хоол хийчихгүй яасан юм” гэсэн, тэгэхээр нь би хөргөгчнөөс мах гаргаад байж байтал ... надад “чи наад махаа өөрөө аваад яв, угаасаа чиний авсан мах” гээд байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь ... намайг сандал дээр түлхэж унагаагаад доромжлоод мөн намайг өшиглөж аваад, нүүрлүү алгадаж аваад боож нэг үзээд чанга чанга цохиод эхэлсэн. Миний нүүрэнд гараараа цохисон. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийнхөө хүслээр ...тай эвлэрсэн. Надад хохирлын баримт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

 2.Шүүгдэгч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын ...тоотод гэртээ хамтран амьдрагч Г....н хамт 12 цагийн орчим байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г....гаас асууж байсан асуултаа дахиж асуусан. ... юм дуугарахгүй байсан. Тэгээд миний уур хүрээд Г....н зүүн талын хацранд 4-5 удаа алагдсан, үснээс нь татаад гараараа шанааны хэсэгт нь 1 удаа цохисон, хөлийг нь өшиглөсөн тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч О....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Ж.... нь 105 дугаар сургуулийг алтан медальтай төгсөж байсан. Сурлага хүмүүжил сайтай. Миний хүү Ж.... нь ар гэрийнхэндээ тус дэмтэй хүнд их тусархуу, зөөлөн цагаан сэтгэлтэй, ажилсаг хичээнгүй, иргэний үүргээ маш сайн биелүүлж явдаг, эх оронч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,

           4.Шинжээчийн 12386 тоот дүгнэлт

    1.2.Г....н биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 23 х/,

 5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26 х/

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 33 х/

8.Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх 34 х/

9.Хохирогч Г.Мандухайн “... ... бид хоёр эвлэрсэн, гомдолгүй гэдгээ батлаж байна” гэх баримт /хх 63 х/

10.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “Бага” гэх дүгнэлт /хх 64-72 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.... нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ногоон чулуутын ...тоотод хамтран амьдрагч Г....г бусадтай хардан толгойн тус газар нь гараараа цохих, гар, хөл хэсэг рүү нь өшиглөх зэргээр цохиж зодон “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

            Хохирогч Г....н “...... намайг сандал дээр түлхэж унагаагаад доромжлоод мөн намайг өшиглөж аваад, нүүрлүү алгадаж аваад боож нэг үзээд чанга чанга цохиод эхэлсэн. Миний нүүрэнд гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

 Шүүгдэгч Ж....ын “...миний уур хүрээд Г....н зүүн талын хацарт 4-5 удаа алгадсан, үснээс нь татаад гараараа шанааны хэсэгт нь 1 удаа цохисон, хөл рүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Шинжээчийн 12386 тоот дүгнэлт

    1.2.Г....гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “хэргээ хүлээн мэдүүлсэн” мэдүүлэг /хх 56-57 х/ хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

Ж.... нь хохирогч Г....г зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Ж.... нь хохирогчийн эрүүл  мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Ж....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.

            Шүүгдэгч Ж...., хохирогч Г.... нар хамтран амьдрагч нар болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 12-13, 56-57 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж....ын хамтран амьдрагч Г....н эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин прокуророос Ж....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжээр давхар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.Хохирогчийн биед олон тооны буюу зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтлүүд тогтоогдсон хэдий ч уг гэмтлүүд хүний амь насанд аюулгүй, удаан хугацаагаар өвтгөн шаналгаж, зовж зүдэрсэн шинж байдлууд тогтоогдоогүй тул зөвхөн шарх, гэмтлийн тоонд үндэслэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.          

Иймд шүүгдэгч Ж....ын хохирогч Г.Манхдуухайн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Г.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь “надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх түүний бичгээр гаргасан баримт /хх 63 х/, хохирогч Г....н “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 12-13, 63  х/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Улсын яллагч: Ж....т 950 нэгжтэй тэнцэх торгуулийн ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

Ж....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс 950 нэгжтэй тэнцэх 950,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

           Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж....т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргээс “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Бүрнээ овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцсугай.

 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж....ыг 950 нэгжтэй тэнцэх 950,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ж....т үүрэг болгосугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж....т мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Ж....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ