| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1302/Э |
| Дугаар | 1352 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1352
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ёст овогт ...ы ...д холбогдох 1908043131730 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо ...тоотод оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ёст овогт ...ы ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.... нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн эчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа зуулдаг “...” бааранд үйлчлүүлсэн иргэн М....ыг зодож, эрүүл эндэд нь “баруун зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “...” нэртэй бааранд суухаар ганцаараа орсон юм. Би бааранд орохын өмнө найз залуутайгаа 0,5 литрийн архи хувааж уусан байсан юм. Би бааранд орж текний хажуугийн ширээн дээр ганцаараа суугаад нэг ус захиалаад 5 минут орчим сууж байхад баарны хамгаалагч зүс таних ... гэж залуу над дээр ирээд гуйлгачин минь чи манайхаас зайл гар гэж хэлээд хоёр гарын бугуйнаас угзраад баарнаас намайг гаргасан. ... намайг баарны үүдэн дээр гаргаж ирээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад цохиход би хөл алдаад биеийн баруун талаараа цементэн дээр унасан. Би унасныхаа дараа хэсэг манарч хэвтэж байгаад босоод зам гараад такси бариад хороолол орж цайны газар цай уучихаад гэртээ харьсан. Маргааш нь босоод ирэхэд миний нүүрний баруун талын шанаа, баруун нүд тэр чигтээ хавдсан байсан. Би ээж аавдаа өөрөө уначихлаа гэж хэлсэн. Хүнд зодуулсан гэдгээ нуусан. Би өмнө ... бааранд олон удаа үйлчлүүлж байсан. ... гэж баарны хамгаалагчийг зүс танина. Сайн таньж мэдэхгүй. 2019 оны хавар санагдаж байна би сар өдрийг санахгүй байна. ... баарны хажуугаар дэлгүүр орох гээд явж байхад ... баарны цонх угаагаад эхнэр нь хажууд нь хараад сууж байхаар нь би ...д юм бодолгүй эхнэр нь суугаад нөхөр нь цонхоо угаагаад сууж байна. Байрлал нь солигдсон байна гэж хэлсэн. ... надад хандаж чамайг орой бааранд оруулахгүй гээд надад уурлаж хэлсэн. Тэрнээс хойш намайг бааранд орохоор муухай хараад намайг баарнаас гар гэж хөөгөөд байдаг байсан. Дээрх шалтгаанаас болж надад гар хүрсэн гэж бодож байна. Би тухайн үед согтуу байсан. Миний шанаа баруун нүд хоёрын нэг рүү нь намайг нэг удаа цохисон. Би аль хэсэгт нь цохисоныг санахгүй байна. Би биеийнхээ баруун талаар унахдаа шанаагаараа унасан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,
2.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би СХД-ийн 16-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ... бааранд зохион байгуулагчаар ажилладаг юм. 2019 оны 08-р сарын 11-12-нд шилжих шөнө би ажлаа хийж байсан. Манай бааранд байнга орж ирж үйлчлүүлдэг ... гэж нэрээ хэлдэг эгч тэр орой 23 цагийн үед халамцуу орж ирсэн. Өөрөө тэр орж ирэхээсээ өмнө би Поло караокед сууж байна одоо танайх руу орноо гээд л үүдээр орилоод яваад байсан. Тэр орж ирээд нэг шил пиво аваад булангийн ширээнд ганцаараа суусан. Тэгээд л орж ирснээсээ хойш ширээ хэсээд л залуучуудыг өдөөд л хэрүүл маргаан үүсгээд л зарим нэгээр нь пиво авхуулж уугаад л яваад байсан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад сууж байсан ширээгээ солиод өөр нэг залуугийн ширээн дээр очиж суусан. Тэгээд босож ирээд Текен дээр ирээд учир зүггүй үл ойлгогдох юм яриад барментай чанга дуугаар яриад байхаар нь би түүнд битгий орилж хашгираад бай хүмүүсийн тав тух алдуулаад гэж хэлсэн. Тэгтэл тэр нөгөө залуу дээрээ очоод цуг суусан. Тэр үед түүний анх сууж байсан хоосон ширээн дээр нь гаднаас 4-5 хүн орж ирж суугаад пиво аваад уугаад сууж байгаад босоод бүжиглэх хооронд ... тэр ширээн дээр очоод 1 шил пивийг нь шууд аваад уусан. Энэ үед нөгөө хүмүүс нь ирээд энэ эмэгтэй миний пивийг уучихлаа оронд нь шинэ пиво авья гэхээр нь би тэр ...д хүний пиво чи уусан байна. Пивийг нь авч өг гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр үгүй энэ миний пиво гээд над руу орилсон. Би тэгэхээр нь түүнийг орилоод байхаар пивийг нь булааж аваад түүнийг гар гээд гаргасан. Тэр гадаа үүдэн дээр гараад намайг цүнхээрээ цохисон. Энэ үед хажуу талаас нэг танихгүй эмэгтэй бас надруу дайрсан. Би түүнээс салаад эргээд ... руу хартал ... намайг баруун гараараа алгадсан. Би түүнийг битгий давраад байгаарай гээд түлхэж өөрөөсөө холдуулсан. Би тэгээд эргэж хараад нөгөө эмэгтэйд нь та бас яагаад байгаа юм гэж хэлээд юм ярьж байх хооронд ... араас хэл амаар доромжлоод байсан. Би дахиад түүн рүү эргээд хартал тэр миний нүүр лүү нулимсан. Нулимхаар нь би түүний цээж рүү түлхээд холдуулсан. Намайг түлхэхэд гадаа бороотой довжоо нойтон байсан учир тэр хойшоо алхахдаа халтираад газар хажуу талаараа унасан. Тэр унаад босож ирээд дахиад намайг цүнхээрээ цохисон. Би түүнийг оруулахгүй байтал тэр гадуур орилоод хашгираад байсан. Би тэгээд үүдэнд ажлаа хийж байхад нэг мэдэхэд тэр ... яваад өгсөн байсан. Тэр үед зөндөө олон хүмүүс орж гараад л явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Төмөр замын дээд сургуулийн Вагоны аж ахуйн ангийн 3-р курст сурдаг юм. Би зуны амралтаараа ... бааранд зөөгчийн ажил хийж байсан юм. Тэр өдрийн орой ажил дээрээ байж байхад орой 23-00 цагийн үед санагдаж байна. Манай бааранд янз бүрийн залуусын хамт байнга орж ирдэг зүс таних эмэгтэй жоохон халамцуу бараг эрүүл шахуу гаднаас ганцаараа орж ирээд текний арын булангийн ширээн дээр суугаад нэг пиво, ус захиалж уучихаад баарнаас гараад явсан. ...ыг гарсаны дараа уусан пивоны шил усны савыг нь хураагаад өөр хүмүүс суулгасан байсан юм. Удаагүй 1 цагийн дараа ... гэж эмэгтэй орж ирээд хуучин сууж байсан ширээн дээрээ ирж сууж байсан хүмүүстэй хамт суугаад ширээн дээр байсан пивыг нь зөвшөөрөлгүй аваад уусан. Уг ширээн дээр сууж байсан ах над дээр ирээд энэ эмэгтэй бид нарын захиалсан пивыг уучихлаа гэж хэлсэн. Би ... гэж эмэгтэй дээр очоод таны захиалсан пиво дууссан. Та яагаад хүний пиво аваад уугаад байгаа юм бэ гэж хэлэхэд миний өмнөөс хэрэлдээд би энд сууж байсан гээд надтай хэрэлдээд босохгүй байхаар нь хамгаалагч ... ахад очиж болсон үйл явдлыг хэлчихээд баарнаас гараад тамхи татаад зогсож байхад ... ах ... гэж эмэгтэйтэй хэрэлдээд түлхээд баарны хаалгаар гарч ирэхэд ... гэж эмэгтэй та нар намайг баарнаас хөөлөө би энэ бааранд олон жил үйлчлүүлж байна та нар намайг баарнаас хөөхгүй гэж хэлээд ... хамгаалагчийн нүүр лүү нь нулимахад ... хамгаалагч ...ын нүүр лүү нь гараараа мангасдсан уу цохисон уу мэдэхгүй гар нь нүүрэнд нь хүрэх шиг болсон. ... дахиад ...гийн нүүр лүү нь нулимахад ... ах хоёр гараараа ...ыг өөрөөсөө холдуулаад цээж рүү нь түлхэхэд хойшоогоо хөл алдаад бөгсөөрөө борооны тогтоол усан дээр унасан. Би ... ахын хамт чамайг дахиж бааранд оруулахгүй шүү гэж хэлээд бид хоёр буцаад ажилруугаа орсон. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х /,
4.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдрийн орой хувийн машинаараа таксинд явж байгаад ... баарны гадаа баарны зүүн талын зогсоол дээр ирж зогсоод машинаасаа гараад тамхи татаад зогсож байхад баарны хамгаалагч ... нэг эмэгтэйтэй хэрэлдээд баарнаас гарч ирсэн. Тэр хүүхэн ...тэй хэрэлдээд нүүр лүү нь нулимахад ... тэр эмэгтэйн нүүр лүү гараараа түлхэх шиг болсон. ... нүүрээ гараараа арчиж байхад тэр эмэгтэй хойшоогоо 1-2 удаа алхаад буцаж ... рүү очоод нүүр лүү нь дахиад нулимсан. Тэр үед ... 2 гараараа тэр эмэгтэйн цээж рүү нь түлхэх үед хойшоо хөл алдаад биенийхээ баруун талаар газар унаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,
5.Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь архинд дуртай. Заримдаа гэр орондоо ирэхгүй 3-4 хоног алга болчихдог. Би 8 сард амралтаараа Улаанбаатар хотод ирээд аавын гэрт байж байхад би өдрийг нь санахгүй байа. ... эглөө эрт гэртээ орж ирэхдээ баруун нүд, шанаа нь хөхөрсөн, архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд уйлаад суугаад байсан. Би юу болсон талаар асуухад баарны хамгаалагч намайг цохисон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х /,
6.Шинжээчийн 9958 тоот дүгнэлт
1.М....ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 33 х/,
7.Шинжээч эмч О.Болороогийн “...иргэн М....ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх хоёр гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Хацар шанааны гэмтэл нь нэг удаа унах үед үүсэх боломжтой. Нүдний зовхины цус хуралт өөрөө унах үед үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/,
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 39 х/
10.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 53 х/
11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 х/ 12.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 57-59 х/
13.Хохирогчийн ШШҮХүрээлэнд шинжилгээний төлбөрт 8,000 төгрөг тушаасан баримт /хх 29 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.... нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд зохисгүй байдал гаргасан М....ыг баарнаас гаргах явцдаа зодож, эрүүл мэндэд нь “баруун зовхи, хацар шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч М....ын “...... намайг баарны үүдэн дээр гаргаж ирээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад цохиход би хөл алдаад биеийн баруун талаараа цементэн дээр унасан. ... Маргааш нь босоод ирэхэд миний нүүрний баруун талын шанаа, баруун нүд тэр чигтээ хавдсан байсан. ... Би биеийнхээ баруун талаар унахдаа шанаагаараа унасан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,
Шүүгдэгч Б....гийн “...хүмүүс бүжиглэх хооронд ... ширээн дээр нь очоод 1 шил пивийг нь шууд аваад уусан. ... Нулимахаар нь би түүний цээж рүү түлхээд холдуулсан. Намайг түлхэхэд гадаа бороотой довжоо нойтон байсан учир тэр хойшоо алхахдаа халтираад газар хажуу талаараа унасан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Э....ын “.. ... гэж эмэгтэй та нар намайг баарнаас хөөлөө би энэ бааранд олон жил үйлчлүүлж байна та нар намайг баарнаас хөөхгүй гэж хэлээд ... хамгаалагчийн нүүр лүү нь нулимахад ... хамгаалагч ...ын нүүр лүү нь гараа мангасдсан уу цохисон уу мэдэхгүй гар нь нүүрэнд нь хүрэх шиг болсон. ... дахиад ...гийн нүүрлүү нь нулимхад ... ах хоёр гараараа ...ыг өөрөөсөө холдуулаад цээжрүү нь түлхэхэд хойшоогоо хөл алдаад бөгсөөрөө борооны тогтоол усан дээр унасан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х /,
Гэрч Н....ийн “...Тэр хүүхэн ...тэй хэрэлдээд нүүр лүү нь нулимахад ... тэр эмэгтэйн нүүр лүү гараараа түлхэх шиг болсон. ... нүүрээ гараараа арчиж байхад тэр эмэгтэй хойшоогоо 1-2 удаа алхаад буцаж ... рүү очоод нүүр лүү нь дахиад нулимсан. Тэр үед ... 2 гараараа тэр эмэгтэйн цээж рүү нь түлхэх үед хойшоо хөл алдаад биенийхээ баруун талаар газар унаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,
Гэрч М....ын “... ... эглөө эрт гэртээ орж ирэхдээ баруун нүд, шанаа нь хөхөрсөн, архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд уйлаад суугаад байсан. Би юу болсон талаар асуухад баарны хамгаалагч намайг цохисон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х /,
Шинжээчийн 9958 тоот дүгнэлт
1.М....ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 33 х/,
Шинжээч эмч О.Болороогийн “... иргэн М....ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх хоёр гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Хацар шанааны гэмтэл нь нэг удаа унах үед үүсэх боломжтой. Нүдний зовхины цус хуралт өөрөө унах үед үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Б.... нь хохирогч М....ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М....аас шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө тушаасан баримт /хх 29 х/-аар нотлогдон тогтоогдсон тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч эрүүл мэндтэй холбоотой зардлын баримтууд гаргаж ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлж иргэний журмар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн тул торгуулийн ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү? гэсэн.
Хохирогчийн архидан согтуурч олон нийтийн газар зохисгүй байдал /бусдын пивыг авч уух, шаардлага тавьсан хүн рүү нулимах/ гаргасан үйлдэл уг гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд энэ төрлийн хэрэгт 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч эрүүл мэндийн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ёст овогт ...ы ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б....гээс 8,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 14-39 тоотод оршин суух ТЯ77061907 регистрийн дугаартай М....ад олгосугай.
6.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч эрүүл мэндийн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ