Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1365

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Э...., түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ивэнчүүд овогт ...ын ...ад холбогдох 1828001981749 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ивэнчүүд овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

Э.... нь 2017 оны 11 дүгээр сард “...” нэртэй сүлжээний бизнест оруулж цалин, урамшуулал өгнө гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг  зориудаар бий болгон, өөрийн нөхөр А....ийн Хаан банкны дансыг ашиглан иргэн Ч....гээс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 16.472.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  1. Хохирогч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сард би фэйсбүүкт орж байгаад гэрээрээ суугаад ажил хийх хүн байвал чатаар холбогдоно уу гэсэн мэдээлэл байхаар нь би чат руу нь орж өөрийнхөө гар утасны дугаарыг үлдээсэн. Удалгүй ...аа гэх хүн утсаар яриад манайх ... гэдэг компани байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эд зүйл борлуулдаг газар байгаа юм. Таны сүлжээнд элссэн мөнгөөр бараа бүтээгдэхүүн авч борлуулна, танд бид нар бараа өгнө, дороо 3 хүн элсүүлбэл 300,000 төгрөгийн цалин өгнө гэсэн. Тэгэхээр нь би доороо нөхөр ..., хүүхэд ..., ... нарыг тус бүр 19000 төгрөгөөр элсүүлсэн. Тэгсэн цалин өгөөгүй, дараа нь тэр хүүхэн цалинг чинь өгөх гээд байна 23.000 явуулаадах, 43.000 төгрөг явуулаадах гэх мэтээр ...ын нөхөр гэх ...э гэх хүний дансаар олон удаа мөнгө авсан. Надад 18.400.000 төгрөгийг хохирол учирсан. ...... надад нийтдээ 15,950,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл болох 2,450,000 төгрөгийг нэхэмжилж байна. мөн үүн дээр өнөөдөр өөрийн охины машинаар ирсэн ба нэг талдаа явсан шатахууны зардал 105,000 төгрөг болж байна. баримт нь надад байгаа учир гаргаж өгнө. Одоо буцах зардал мөн үүнтэй адил иөнгөн дүн гарах байх тэрийг ч мөн нэхэмжилж байна. чадвал баримтыг нь хүнээр өгч явуулна. Би шүүх хуралд суухгүй. Өмнөговь аймагт байдаг учир ирэх боломжгүй, дахиад ирвэл дахиад замын зардал хэрэг болох гээд байгаа учир мөнгөө барагдуулаад авчихмаар байна. ууц нуруу өвдөөд байдаг учир дахин дахин ирмээргүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 34-35 х/,

           2.Шүүгдэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 1, 2 сарын орчимд би Facebook ухаж байгаад “...” нэртэй сүлжээнд хүн элсээд байгаа талаар харсан юм. Тэр сүлжээ нь 19,000 төгрөг өгч бүртгүүлээд доороо 30 хүн элсүүлэх юм бол 300,000 төгрөгийн урамшуулалтай байсан юм. Тэгээд би уг сүлжээнд ороод 2, 3  сар болсон ба энэ хугацаанд 1 удаа 300,000 төгрөг авч байсан юм. Ингээд 2017 оны 4, 5 сарын орчмоос уг сүлжээ хаагдаад ажиллахаа больсон. Уг “...” нэртэй сүлжээний хүмүүстэй би уулзаагүй. Нэг удаа урамшууллын бараа аваарай гэхээр нь би 3-р эмнэлгийн замын урд талд Эрдэнэсуврага төвийн 2 давхарт очиж байсан юм. Тэгээд надад уг сүлжээний гэх нэг эмэгтэй хүн урамшуулал гэж 1 ваар өгсөн. Уг нь хүүхдийн бойтог, өөр зүйл өгдөг юм шиг байсан ба надад тэр зүйлээс өгч байгаагүй. Би уг хүнтэй дахин уулзаагүй. Ингээд уг сүлжээ хаагдсанаас хойш би уг сүлжээнд хүн элсүүлнэ гэж мөнгө олж болох юм байна гэж бодоод 2017 оны 11 сарын орчим би Facebook дээр “... сүлжээнд хүн элсүүлнэ, доороо хүн элсүүлэх юм бол урамшуулалтай цалин өгнө” гэж зар тавьсан. Тэгтэл ... гэх хүн надтай холбогдоод уг сүлжээнд элсэхээр болсон учир би “...” нэртэй сүлжээнд элсүүлнэ, урамшуулалтай, мөнгө өгнө гэж хэлээд тэрнээс хойш цувуулаад нийтдээ 16,472,200 төгрөг авсан байна. Би ... гэх хүнтэй тохиролцож замын зардал болон авсан мөнгөө нийлүүлээд 18,400,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байсан. Одоо нэмж өгсөн зардлын баримтынх нь дагуу хохирлыг нь барагдуулна. ...” гэх мэдүүлэг /1 хх 203-204 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ээж ... нь “...” нэртэй сүлжээнд элсэж ороод ... гэх хүнд залилуулсан байсан. Тухайн үед би энэ талаар мэдээгүй. Ээж ээмэг бөгж нь алга болоод, тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч хайгаад байхаар нь юу болсон, юунд мөнгө үрээд байна гэж асуухаар ээж хэлэхгүй байгаад байсан. Сүүлд нь ... сүлжээнд элсэж ороод залилуулсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Ээж бидэнд хэлэлгүйгээр аав ..., дүү ..., эгч ..., өөрийнхөө төрсөн дүү ... нарыг сүлжээнд оруулсан мэтээр өөрөө мөнгө шилжүүлж байсан байна лээ. ...” гэх мэдүүлэг /1 хх 40 х/,

           4.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ээж ... Өмнөговь аймагт байх гэртээ байхдаа фэйсбүүк хаягаар ... нэртэй сүлжээнд нэвтрэн орж нэг хүнтэй холбогдоод мөнгө шилжүүлж залилуулсан гэсэн. Энэ хэрэгт миний нэрээр мөнгө шилжүүлж залилуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 42 х/

          5.Гэрч Ш....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 11 сарын сүүлээр мэдсэн. Тухайн үед нэр надаас мөнгө асуугаад байдаг байсан. Би тэгээд ямар учиртай мөнгө хэнд өгөх гээд байгаа юм гэж асууж байгаад өөрөөр нь хэлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 44 х/,

          6.Гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Тэгэхэд манай эхнэр ...аа сүлжээний бизнес болох ... нэртэй газар элсэж орсон гэж байсан. 2018 оны сүүлээр ...аагийн утас руу нэг хүн байнга залгаад байдаг болсон. Асуухад хүнээс мөнгө зээлсэн байсан юм гэж хэлэхэд яах гэж хүнээс мөнгө зээлээд байгаа юм гэж хэлэхэд зээлээд буцааж өгөөд, дахиад зээлдэг байсан гэж хэлсэн. Хүнээс мөнгө авахдаа өөрийнхөө картыг хаясан гээд миний дансаар авдаг байсан. Миний мэдэхээр 2017 оны 5 сараас хойш сүлжээний бизнес гэх зүйлд орж байгаагүй, тийм юманд ажиллаж байгаагүй. ...аа Баянхошууны Өгөөж худалдааны төвд жимсний лангуу түрээслэдэг ...гээс авсан мөнгийг лангуу болон 2 хүүхдэд юм авдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 46 х/

           7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 154 х/

           8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 212 х/

9.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 213 х/ зэрэг болно.

Э.... нь цахим хэрэгсэл ашиглан “...” нэртэй сүлжээний бизнест оруулж мөнгийг чинь өсгөж өгнө хэмээн худал үгээр хуурч өөрийн нөхөр А....ийн Хаан банкны данс, картыг ашиглан иргэн Ч....гээс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 16,472,200 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ч....гийн “...Тэгэхээр нь би доороо нөхөр ..., хүүхэд ..., ... нарыг тус бүр 19000 төгрөгөөр элсүүлсэн. Тэгсэн цалин өгөөгүй, дараа нь тэр хүүхэн цалинг чинь өгөх гээд байна 23.000 явуулаадах, 43.000 төгрөг явуулаадах гэх мэтээр ...ын нөхөр гэх ...э гэх хүний дансаар олон удаа мөнгө авсан. Надад нийт 18.400.000 төгрөгийг хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 34-35 х/,

           Шүүгдэгч Э....ын “...... гэх хүн надтай цахимаар холбогдоод уг сүлжээнд элсэхээр болсон учир би “...” нэртэй сүлжээнд элсүүлнэ, урамшуулалтай, мөнгө өгнө гэж хэлээд цувуулаад нийтдээ 16,472,200 төгрөг авсан байна. Би ... гэх хүнтэй тохиролцож замын зардал болон авсан мөнгөө нийлүүлээд 18,400,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байсан. Одоо нэмж өгсөн зардлын баримтынх нь дагуу хохирлыг нь барагдуулна. ...” гэх мэдүүлэг /1 хх 203-204 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Н....ийн “...Манай ээж ... нь “...” нэртэй сүлжээнд элсэж ороод ... гэх хүнд залилуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 40 х/,

           Гэрч Н....ийн “...Ээж ... Өмнөговь аймагт байх гэртээ байхдаа фэйсбүүк хаягаар ... нэртэй сүлжээнд нэвтрэн орж нэг хүнтэй холбогдоод мөнгө шилжүүлж залилуулсан гэсэн. Энэ хэрэгт миний нэрээр мөнгө шилжүүлж залилуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 42 х/

          Гэрч А....ийн “...2018 оны сүүлээр ...аагийн утас руу нэг хүн байнга залгаад байдаг болсон. Асуухад хүнээс мөнгө зээлсэн байсан юм гэж хэлэхэд яах гэж хүнээс мөнгө зээлээд байгаа юм гэж хэлэхэд зээлээд буцааж өгөөд, дахиад зээлдэг байсан гэж хэлсэн. Хүнээс мөнгө авахдаа өөрийнхөө картыг хаясан гээд миний дансаар авдаг байсан. Миний мэдэхээр 2017 оны 5 сараас хойш сүлжээний бизнес гэх зүйлд орж байгаагүй, тийм юманд ажиллаж байгаагүй. ...аа Баянхошууны Өгөөж худалдааны төвд жимсний лангуу түрээслэдэг ...гээс авсан мөнгийг лангуу болон 2 хүүхдэд юм авдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 46 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол шүүгдэгчийн зүгээс “... нэртэй сүлжээний бизнест оруулж цалин, урамшуулал өгнө” хэмээн худал үгээр хуурч олон удаагийн үйлдлээр хохирогчид нийт 16,472,200 төгрөгийн хохирол учруулснаар тогтоогдсон.

 Шүүгдэгч Э.... хохирогчийн мөнгийг авахын тулд интернет сүлжээ ашиглан “... нэртэй сүлжээний бизнест оруулж цалин, урамшуулал өгнө” хэмээн худал үгээр хуурч мөнгөө өөрийн сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж улмаар өөртөө шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан.

Шүүгдэгч Э.... хохирогч Ч....гээс 16,472,200 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр хууран мэхлэж авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Ч.... нь шүүгдэгчид нийт 16,472,000 төгрөг шилжүүлж өгснөөс 15,950,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 34-35 х/-ээр тогтоогдсон, үлдэгдэл зөрүү төлбөр 522,000 төгрөг, Өмнөговь аймгаас ирж мөрдөн байцаалтанд оролцсон зардлын 110,000 т /бензиний баримттай/ нийт 632,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч баримтгүй нэхэмжилсэн замын зардлын мөнгө гэх 1,927,800 төгрөгийн асуудлыг хэлэлцээгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Улсын яллагч:Э....ад 01 жилийн хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

            Өмгөөлөгч: Э.... нь 03 хүртэлх насны хүүхэдтэй тул улсын яллагчийн санал болгосон хорих ялыг хойшлуулж өгнө үү? гэсэн.

Шүүгдэгч Э....ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол бүрэн төлөгдөөгүй, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдтэй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ивэнчүүд овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э....ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э....ад мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э....аас 632,000 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сум Зүүн сайхан 5-р багийн төвд оршин суух КК66011001 регистрийн дугаартай Ч....д олгосугай.

5.Э....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 15,950,000 төгрөг төлөгдсөн, хохирогч Ч.... замын зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад үүрэг болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ